М.Бадамсүрэн Дорнодод 23 жил, УИХ-ын гишүүнээр нэг жил ажиллаад сайдаар томилогдов

politiko

МАН-ын Их хурлын дараах томилгоонууд үргэлжлэн хийгдэж байна.

Өнөөдөр МАН-ын дарга, УИХ-ын даргаар сонгогдсон Н.Учралын оронд Тэргүүн Шадар сайд бөгөөд Эдийн засаг, хөгжлийн сайдаар ХХААХҮ-ийн сайд Ж.Энхбаярыг Ерөнхий сайд өөрийн бүрэн эрхийн хүрээнд томиллоо. Харин Ж.Энхбаярын оронд УИХ-ын гишүүн М.Бадамсүрэнг томиллоо.

  Жадамбын Энхбаяр нь хуульч мэргэжилтэй, улсад 31 жил ажилласан. УИХ-ын гишүүнээр 4 удаа сонгогдсон. 2024 оноос Улсын Их Хурлын гишүүн, Засгийн газрын гишүүн, Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн сайдаар ажиллаж байгаа.

 Тэрбээр мэргэжлийн хяналт, хөдөө аж ахуй, батлан хамгаалах, үндэсний аюулгүй байдлын салбарт бодит үр дүн гаргаж ажилласан туршлагатай хэмээн Ерөнхий сайд онцолж, Тэргүүн шадар сайдаар томилж буй аж.

Эдийн засгийг төрөлжүүлэн солонгоруулах, эдийн засгийн аюулгүй байдлыг бэхжүүлэх, хөгжлийн бодлогын уялдаа холбоог нэг мөр зангидах, үр дүнд суурилсан эдийн засгийн тогтолцооны шинэ үе рүү шилжилт хийх, эдийн засгийн бүтцэд өөрчлөлтийг зайлшгүй хийх цаг үе тулаад буй бөгөөд энэ ажлыг Ж.Энхбаяр хийж чадна хэмээн үзжээ.

 Харин УИХ-ын гишүүн Мягмарсүрэнгийн Бадамсүрэнг Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн сайдаар томилохдоо “улсын эрх ашгийг дээгүүр тавьж, хүлээсэн ажлаа ажлаа хариуцлагатайгаар гүйцэтгэх чадвартай хэмээн үзэж буйгаа Ерөнхий сайд Г.Занданшатар онцлов.  

Ингээд шинээр томилогдсон сайдууд тус тусын ажлаа хүлээж авлаа.

Шинээр томилогдсон сайдуудын намтрыг онцлоход Ж.Энхбяр улсад 31 жил ажилласан бол Х.Бадамсүрэн зөвхөн Дорнод аймагт 23 жил ажиллаж, нэг жил УИХ-ын гишүүнээр ажиллаад сайдын албанд томилогдов.

Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн сайд М.Бадамсүрэнгийн намтар:

2001-2002 онд Дорнод аймаг дахь Нефть хангамжийн газрын түгээгч, эрхлэгч,

2007-2009 онд Магнай трейд ХХК-ийн салбарын дарга,

2009-2012 онд Дорнод аймгийн Монгол Ардын Намын хорооны дэд дарга,

2012 оноос Дорнод аймгийн Монгол Ардын Намын хорооны дарга,

2014-2015 онд Дорнод аймгийн Засаг даргын орлогч,

2015-2024 онд Дорнод аймгийн Засаг дарга,

2024 оноос Монгол Улсын Их Хурлын гишүүнээр сонгогдон ажиллаж байна.

Сэтгэгдэл үлдээх

САНАЛ БОЛГОХ