Аж ахуйн нэгжүүдийн үйл ажиллагааг чөлөөтэй болгох, зөвшөөрөл олгохтой холбоотой дарамт, авлигыг арилгах зорилготой “Зөвшөөрлийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай” хуулийн төслийн хэлэлцүүлэг өнөөдөр буюу 2026 оны 2 дугаар сарын 24-ний өдөр эхэллээ. Гурван өдөр үргэлжлэх энэхүү цуврал хэлэлцүүлгийн эхний өдөр байгаль орчин, барилга, зам тээвэр, уул уурхай, эрчим хүчний салбарын асуудлуудыг хөндөв.
Хуулийн төслийн зорилго ба явц
Уг хуулийн төслийг УИХ-ын гишүүн Х.Ганхуяг, Н.Учрал, Б.Заяабал нар 2025 оны 12 дугаар сард өргөн мэдүүлсэн бөгөөд УИХ-ын даргын захирамжаар Д.Энхтүвшин гишүүнээр ахлуулсан 21 хүнтэй ажлын хэсэг байгуулагдан ажиллаж байна.
Хэлэлцүүлгийг нээж УИХ-ын гишүүн Д.Энхтүвшин хэлэхдээ: “Хэдийгээр хууль шинэчлэгдсэн ч төр өөрт байгаа мэдээллээ иргэнээс олон дахин шаарддаг хэвээр байна. Салбарын зарим дүрэм журам нь цахимжилтыг хязгаарлаж, зөвшөөрөл олгохдоо албан тушаалтан өөрийн үзэмжээр хандах, үндэслэлгүй баримт нэхэх нөхцөлийг бүрдүүлж байгаа нь авлига, хүнд суртал өсөх шалтгаан болж байна” хэмээн онцоллоо.
Салбарын яамдын тайлан ба шийдлүүд
Байгаль орчин, уур амьсгалын өөрчлөлтийн яам:
Тус яамны газрын дарга Б.Бат-Өлзий 31 төрлийн зөвшөөрлийг цахимаар олгож байгааг танилцуулав. Гэхдээ хүсэлтийг цахимаар авдаг ч зөвшөөрлийг цаасаар гаргаж, тамга даран гардуулдаг “хагас цахим” байдлыг үе шаттай хална гэлээ. Ялангуяа байгаль орчны нөлөөллийн үнэлгээний дүгнэлтийг бүрэн цахимжуулахаар ажиллаж байна.
Хот байгуулалт, барилга, орон сууцжуулалтын яам:
Өнөөдөр барилгын салбарт 7005 аж ахуйн нэгж үйл ажиллагаа явуулж байна. Яамны зүгээс license.mn системд бүрэн шилжсэнээр зөвшөөрөл олгох 21 хоногийг ердөө 1 хоног болгож богиносгожээ. Цаашид 16-аас дээш давхар барилга дээр мэргэжлийн зөвлөх үйлчилгээний компанийн оролцоог нэмэх, барилгын материал үйлдвэрлэх зэрэг зарим зөвшөөрлийг яамнаас олгохоо болих зэрэг зохицуулалтыг төсөлд тусгажээ.
Зам, тээврийн яам:
Тус салбарт нийт 3885 зөвшөөрөл байгаагаас 80% нь авто замын салбарт хамаардаг. Хуулийн хэлтсийн дарга С.Мяндасмаа хэлэхдээ, 3 дугаар сарын 1-нээс эхлэн бүх үйлчилгээ цахимжих бөгөөд зөвшөөрөл олголтыг хялбаршуулаад зогсохгүй явцын хяналтыг илүү чангатгахаа мэдэгдлээ.
Аж үйлдвэр, эрдэс баялгийн яам:
Уул уурхайн бодлогын газрын дарга Г.Намчинсүрэн үйлдвэр технологийн парк, тэсрэх бодис, газрын тосны чиглэлийн зөвшөөрлүүдийг танилцуулав. Зөвшөөрөл олголтыг 10 хоногт, сунгалтыг 5 хоногт багтаан шийдвэрлэдэг болжээ.
Эрчим хүчний яам:
Бодлогын газрын дарга Д.Батзориг эрчим хүчний салбарын 22 төрлийн тусгай зөвшөөрлийг 7 болгож цөөлөх санал хүргүүлсэн тухай дурдлаа. Түүнчлэн, төр заавал зөвшөөрөл олгохгүйгээр мэргэжлийн холбоод, ТББ-уудад энэ эрхээ шилжүүлэхээр бэлтгэж байгаа аж.
“Чөлөөлье” санаачилга ба шинэ өөрчлөлтүүд
УИХ-ын даргын зөвлөх С.Тэнгис хуулийн төслийн үзэл баримтлалыг дэлгэрэнгүй танилцууллаа. УИХ-ын дарга Н.Учралын санаачилсан “Чөлөөлье” төслийн хүрээнд дараах өөрчлөлтүүд хийгдэх ажээ.
Мэдэгдлийн зарчим: Эрсдэл багатай бизнесийг эрхлэхдээ зөвшөөрөл авах биш, ердөө “би ийм үйл ажиллагаа явуулж байна” гэдгээ төрд мэдэгдээд ажиллах боломж нээгдэнэ. Төр зөвшөөрөл өгөх гэж саад болохгүй, харин стандартаа хангаж байгаа эсэхийг нь дараа нь хянана.
Зөвшөөрлийн тоо: Нийт 250 тусгай зөвшөөрлийг 205 болгож бууруулна.
Нэгдсэн систем: Бүх салбар өөрийн гэсэн систем хөгжүүлж иргэдийг төөрөгдүүлэх биш, license.mn нэгдсэн сангаар дамжуулж бүх зөвшөөрлөө авдаг болно.
Хяналтын зөвлөл: Зөвшөөрлийн зөвлөлийг Эдийн засаг, хөгжлийн яаманд бүрэн шилжүүлж, зөвшөөрөл нэрээр хүнд суртал үүсэж байгаа эсэхийг хянана.
Хэлэлцүүлэг маргааш банк, санхүү, харилцаа холбоо, боловсрол, соёлын салбарынхны дунд үргэлжлэх бөгөөд иргэд, бизнес эрхлэгчид өөрсдийн саналаа d.parliament.mn сайтаар дамжуулан илгээх боломжтой юм.
Эх сурвалж: parliament.mn