МАН-ын даргын сонгуулийн өрсөлдөөнөөс улбаалан авлига, ашиг сонирхолтой холбоотой хамгийн том хардлага гарсан нь урд хөрштэй хийсэн төмөр замын хил холболтын болон нүүрсээ удаан хугацаанд тогтвортой борлуулах гэрээнүүд.
Яагаад хамгийн том хардлага вэ гэхээр энэ бол хоёр улс хоорондын гэрээ, хэлэлцээр. Авлига, ашиг сонирхлын асуудалд зөвхөн манай Оюун-Эрдэнэ, Амарбаясгалан нар биш, урд хөршийнхөн ч бас хардагдаж байгаа гэсэн үг.
Эдгээр гэрээ болон баримт бичгүүдийг нууцын зэрэглэлд оруулсан байсныг өнөөдөр Г.Занданшатар Засгийн газрын хуралдаанаараа ил болгов.
Ингээд олныг үл нуршин уг асуудлын эргэн тойронд тойм бэлтгэн хүргэж байна.
Монгол, Хятадын Ерөнхий сайдууд Харбинд хэлэлцээр байгуулав
Монгол Улсын Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ, БНХАУ-ын Төрийн зөвлөлийн Ерөнхий сайд Ли Чян нар Харбин хотод Гашуунсухайт-Ганцмод боомтын хил дамнасан төмөр замыг холбох Монгол, Хятадын Засгийн газар хоорондын хэлэлцээрт гарын үсэг зурсан юм.
Гарын үсэг зурах уг үйл явдал энэ оны хоёрдугаар сарын 14-ний өдөр болсон. Ингэж 1955 оны хэлэлцээрээр Замын-Үүд, Эрээний төмөр замыг холбож байсан хоёр хөрш арайхийн хоёр дахь төмөр замаараа хилээ холбох болов.
Хэлэлцээрийг байгуулсныхаа дараа энэ хэлэлцээрийн ач холбогдлыг Л.Оюун-Эрдэнэ онцгойлон дүгнэж үг хэлсэн байдаг.

Уг төмөр зам ашиглалтад орсноор Монгол Улсын боомтын хүчин чадал хоёр дахин нэмэгдэж, нүүрсний экспорт жилд дунджаар 83 сая тонн байгаагаас 165 саяд хүрч, нүүрс борлуулалтын орлого жилд 1.5 тэрбум ам.доллараар нэмэгдэнэ.
Үндэсний баялгийн сангийн Хуримтлалын сангийн орлого нэмэгдэх, Шивээхүрэн-Сэхээ, Бичигт-Зүүнхатавч, Ханги-Мандалын боомтууд төмөр замаар үе шаттай холбогдох нөхцөл бүрдэнэ гэжээ.
Эдгээр боомт төмөр замаар холбогдсоноор экспортын орлого дахин
1.5 тэрбум ам.доллараар нэмэгдэж, монголчууд бидний олон жил хүлээсэн нэг хүнд ногдох ДНБ-ий хэмжээ 10,000 ам.долларт хүрэх тооцоо хийжээ.
Харбины танхимд хэлсэн эл үгээ тэрээр “Мөнх хөх тэнгэрийн дор Монгол Улс мандан бадрах болтугай” хэмээн өндөрлүүлсэн юм.
Гэвч “Монгол Улсаа мандан бадруулах”-ын тулд хийлгэсэн уг хэлэлцээр, түүнийг дагаж хийгдсэн гэрээнүүдийг авлига дагалдсан гэх хэл ам тасрахгүй явсаар өнөөдөр Засгийн газраас нууцын зэрэглэлээс гаргав.
Л.Оюун-Эрдэнэ Ерөнхий сайдаас огцорсон ч МАН-ын даргын албыг салгах шаардлагын улмаас өнгөрсөн наймдугаар сарын дундаас халж эхэлсэн улс төрийн гол сэдэв Харбины хэлэлцээр, түүнийг дагасан гэрээнүүд байлаа.
Ц.Тувааны тайлбар
Монгол Улсын Ерөнхийлөгч асан Н.Энхбаяр мөнөөх төмөр замын хил холболтын гэрээ, нүүрсээ урт хугацаанд тогтвортой худалдах гэрээ, уурхайн хүчин чадлыг нэмэгдүүлэх гэсэн гурван цогц гэрээг “Маш ноцтой гэрээ. УИХ-аар гэрлийн хурдаар хэлэлцүүлээд батлуулсан. Хятадын талаас тулган шаардсан. Тиймээс энэ гэрээг засаач ээ. Гэрээний цаана Л.Оюун-Эрдэнэ, Д.Амарбаясгалан нар нуугдаж байгаа” гэж удаа дараа ярьсны эцэст өмнөх засгийн Аж үйлдвэр, эрдэс баялгийн сайд Ц.Туваан есдүгээр сарын 15-нд гарч ирж тайлбар хийсэн байдаг. (Бүрэн эхээр нь ЭНД–ээс уншина уу)
Тэрээр дээрх гэрээнд Засгийн газрын нэрийн өмнөөс гарын үсэг зурсан бөгөөд МАН-ынханд “Намын даргын сонгуулиас болж жоомоо алаад байшингаа шатаачих вий” гэж сануулсан.
Тэрээр мөн “Манай талаас авлига аваад ийм гэрээ хийчихлээ гэдэг мэдээлэл цацагдаад байна л даа. Үнэхээр боломжтой юу? Би бол энэ гэрээ хэлэлцээрийг байгуулсандаа бахархдаг. Маш олон жил гацсан төсөл учраас энэний ард харин аравхан сар ажилласан ч гэсэн хамтарсан Засгийн газар гарсан. Улс хооронд маш өндөр түвшинд хийгдсэн энэ ажил маань битгий зогсчихоосой гэж л хүсэж байна” гэсэн юм.
Ц.Тувааны мэдээлснээр, БНХАУ-ын төрийн өмч голлосон “Чайна Энержи”, “Норенко”,” Чалко”, “”Жайо”, “Экоммерс” гээд нийт таван компанитай урт хугацааны хэлэлцээрээр нүүрсээ борлуулж байгаа аж.
Гэхдээ экс Ерөнхийлөгч Н.Энхбаярын болон УИХ-ын зарим гишүүний яриад байгаа шиг асар хямд үнээр нүүрсээ борлуулах гэрээ хийгээгүй гэсэн. “Тэр хямдхан гэж яриад байгаа үнэ чинь өөрөө амны үнэ шүү. Энэ дээр тээврийн зардал орно гэдгийг бас хэлье. Энэ тээврийн зардлыг оруулахгүйгээр зөрөө гаргаж ярьж байгаа нь андуу ойлголт” гэжээ.
Дээрээс нь нүүрсээ 16 жилийн турш 50 ам.доллараар зарах гэж байгаа юм биш, үнэ 1-3 сарын хугацаанд томьёогоороо шинчлэгдэж явах тухай тэрээр ярьжээ.
Гашуун сухайт-Ганц модны боомтын төмөр замын хил холболтын хэлэлцээрийг дагуулж хийгдсэн нүүрсээ урт хугацаанд тогтвортой борлуулах гэрээний 50 ам. доллар гэдэг тоо өнөөдөр хамгийн гол хардлагын бай болж байгаа юм.
Нүүрсээ дээрх таван компанид олон жилээр зарах гэрээг байгуулахдаа дундаас нь авлига авсан юм биш биш? Гэх хардлага Л.Оюун-Эрдэнийг дагаж явсан бол өнөөдөр гол бай нь УИХ-ын дарга Д.Амарбаясгалан болоод байна. Учир нь тэрээр гэрээ, хэлэлцээрийн бэлтгэл ажлыг хангаж байхад ЗГХЭГ-ын дарга байсан, дараа нь тэр гэрээ, хэлэлцээрийг УИХ-аар соёрхон батлуулахад гол үүрэг гүйцэтгэсэн гэнэ.
Гэрээг хянан шалгах хорооны санаачлагад Н.Номтойбаяр нэмэгдэв
Төмөр замын хил холболтын болон нүүрс борлуулах гэрээнээс Монгол Улс 36 их наядын алдагдал хүлээсэн гэсэн тооцоо гаргаж иржээ. Ингээд УИХ-ын гишүүн Ж.Баярмаа, Д.Ганбат нар санаачлан гэрээг нууцаас гаргах, УИХ-ын Хянан шалгах түр хороо байгуулахаар гарын үсэг цуглуулж байгаа аж. Тэгвэл уг гарын үсэгт “Үндэсний эвсэл”-ийн дөрвөн гишүүн нэгдэж байгаагаа УИХ-ын гишүүн Н.Номтойбаяр өнөөдөр мэдээлэв.
Гэхдээ зөвхөн Гашуун сухайт-Ганц мод тойрсон гэрээг бус “Эрдэнэс Тавантолгой”-н хийсэн нийт 32 нүүрс худалдааны гэрээг нууцаас гаргаад, шалгая гэсэн санал гаргаж буй аж. Н.Номтойбаяр “Төрийн нууцад авсан нүүрс худалдааны гэрээний зөвхөн хавтсыг нь үзүүлээд байна. Тэгээд ямар нэг улс төр болохоор тэр хүнд нь зориулж нэг хуудас нээгээд байна Тиймээс бүх гэрээг шалгая” гэжээ. Н.Номтойбаярын дөрвөл нэмэгдсэнээр Хянан шалгах түр хороо байгуулах гарын үсэг 20 орчим болж байгаа аж.
Нийтдээ 32 гишүүн гарын үсэг зурснаар Түр хороо байгуулагдана.
Үндэсний эвсэлийнхэн мөн Г.Занданшатарын Засгийн газрыг огцруулах бичигт ч гарын үсэг зуржээ.
Г.Занданшатар: Нууцаас гаргалаа
Ерөнхий сайд Г.Занданшатар өнөөдөр Засгийн газрын хуралдааны дараа “Эдийн засгийн төслүүдийг нууцад авч, өрсөлдөөнгүй нууцаар хийгддэг байдлыг таслан зогсоож байна. Цаашид аливаа гэрээ, хэлэлцээр ил тод хийгдэж, шүүгдэж хийгддэг зарчим тогтоолоо.
Энэ шаардлагын үүднээс “Чайна Энержи”, төмөр замын хил холболт, бусад гэрээг ил тод болгож, нууцаас гаргаж байна” хэмээн мэдээлэв.
Нэгэнт ил болсон эдгээр гэрээг Засгийн газрын болон “Эрдэнэс Таван толгой”-н вэб сайтуудад тавих ажээ.
Урд хөрштэй хийсэн стратегийн гэмээр дээрх гэрээнүүдийг хийхдээ үнэхээр авлига, ашиг сонирхолд автсан уу, эсвэл өөр шалтгаанаар нууцалсан уу гэдгийг УИХ-ын Түр хороо нягтлан шалгаж гаргаж ирэх болов уу.
Хууль, хяналтын байгууллагууд ч ажиллах биз. Гэхдээ гэрээ, хэлэлцээр байгуулагдахын өмнө холбогдох бүх л байгууллага ажилласан гэж гэрээ байгуулсан талынхан мэдээлж байв.
Politiko тоймч
3 Сэтгэгдэл
Маш том хэмжээний Авилгал байж байж төрийн нууцад нууцласан байж таараа, энгийн зах зээлийн ханшаар хийгдсэн бол нууцлах шаардлаггүй
Хөөрхийдөө msc групп маань хүүхдийн 100к өгөхгү гсэн снаагаа дарахгээд үнэн худал мдэгдэхгү синсац гргаад бгаамуу хха
Шударга зөв ард түмнийхээ төлөө