МАН-ын өдрүүд:Чөлөөлөх ба цэгцлэх…

politiko

Ардын намын 105 жилийн түүхэн дэх хамгийн залуу дарга Н.Учрал анхныхаа намын баярыг тэмдэглэлээ. Жил бүрийн гуравдугаар сарын 1-нд МАН-ын баяр, Эх орончдын өдөр тохиодог ч энэ удаагийнх өмнөхөөс өөр уур амьсгалд болов. Өнгөрсөн жилийн их “зодоон”, тэмцэл өнөө ч үргэлжилж, намынхаа генсекээр найман жил ажиллаж, намаа хэд хэдэн ялалтад хүргэж, МАН-даа бол С.Баярын дараах стратегич гэгдэж явсан Д.Амарбаясгаланг намынхаа гишүүнчлэлээс түдгэлзүүлэх саналыг Н.Учрал гаргалаа. Авлига, албан тушаалын хэрэгт нь прокуророос яллах дүгнэлт үйлдэгдсэн тул…

 УИХ-ын гишүүн Х.Булгантуяа, Эрчим хүчний сайд асан Тавинбэх, “Бодь”-ийн гүйцэтгэх захирлаас МАН-ын дотоод руу шунган орж ирж, намын гэхээсээ эрх мэдэлтнүүдийн дуу хоолой болж явсан А.Амундра нарыг ч мөн намынхаа  гишүүнчлэлээс хасна гэв.

Ингээд Эх орончдын өдрийн өмнөх Бага хурлын мэдээ “хасна, хөөнө” гэх үгээр хачирлагдан түглээ.  

 Н.Учрал МАН-ын дарга, УИХ-ын дарга болсныхоо дараа “Чөлөөлье” санаачлага эхлүүлсэн. Үүнийгээ  “Эрх чөлөөний дөрвөн зам:Дөрвөн чөлөөлөлт” хэмээн нэрлэж, Бага хурал дээрээ танилцуулсан бөгөөд   хүнд суртал, хууль,журмын чөдөр тушаа, хуулийн хулгай, давхардсан дүрэм, журмын гох дэгээнээс хувийн хэвшлээ чөлөөлөх ажээ. Сэргээгдэх эрчим хүчний нөөцөө ашиглан,  түлш шатахуун, тог цахилгааны импортын хараат байдлаас болон авлигаас  Ардын нам, ард түмэн, ардчилсан төрөө чөлөөлөх гэсэн дөрвөн чөлөөлөлт танилцуулав.

Д.Амарбаясгалан нарыг намаасаа хасах саналаа тэрээр “Авлигын эсрэг чөлөөлөлт” гэж нэрлэсэн бөгөөд  “Урьдын гавьяа зүтгэл авлига, албан тушаалын хэрэг, ёс зүйн хариуцлагаас халхлах бамбай болох учиргүй” гэсэн юм.

Түүнийхээр авлигын эсрэг чөлөөлөлтийг Ардын нам өөрөөсөө ийнхүү эхэлсэн бөгөөд авилгачдаас чөлөөлөгдсөнөөр Ардын нам ард түмэндээ эргэн ирэх ажээ.

 Ийнхүү шинэ авлигач Д.Амарбаясгаланг намаасаа хөөж байхад хуучин цагт (гурван жилийн өмнө) авлига, албан тушаалын хэргээр шалгагдаж, гадаадад оргон зайлсан хэргээр эрэн сурвалжлагдаж байсан УИХ-ын гишүүн асан Ж.Мөнхбат Бага хурал дээрээ сууж байх нь тохуутай. Түүнийг эрэн хайж байсан хууль, хяналтын байгууллага мэдсэн болов уу? Жаран тэрбумын хэрэгтэн гэгдэж явсан Ц.Сандуй ч иржээ.

Товчхондоо, нэгэн цагт У.Хүрэлсүх ба түүнтэй нэг фракцын дүү нар явсан   Л.Оюун-Эрдэнэ, Д.Амарбаясгалан нарт “чадуулж” явсан МАНАН бүлэглэлийнхэн хэмээн олноо алдаршсан хүмүүс бүгд эргэн ирж, их хүчээр эргэж дайрч буй мэт. Сонирхолтой нь, өнөөдөр Ерөнхийлөгч У.Хүрэлсүх тэдэнтэй нэг фракц болжээ.

Нүүрсний хэргээр  ял сонссон хэмээн олон нийт ойлгосоор яваа УИХ-ын гишүүн асан Т.Аюурсайхан Эх орончдын өдрөөр суллагдаж, суллагдмагцаа сошиал хуудсаараа мэдэгдэл хийв.

Тэрээр “Л.Оюун-Эрдэнэ захиалж, намайг хилсээр нүүрсний хэрэгт холбогдуулж яллуулсан. Түүний ард намайг гэмт хэргүүдийг нь илчилнэ гэж эмээсэн Ардын намын томоохон бүлэглэл бий” хэмээн шулуухан зарлаж, Ерөнхий сайд Г.Занданшатарын авлигын эсрэг тэмцлийг бүх талаар дэмжиж, хамтран ажиллана гэжээ.  Бүх талаар дэмжинэ гэдэг нь эсрэг фракцыг нь хамт намналцах бололтой.

МАН-ын дарга Н.Учрал, Ерөнхий сайд Г.Занданшатар нар сүүлийн үед өөрсдийн чөлөөлнө, цэгцэлнэ гэх уриа үгнүүдээ нэгтгэж хэлэх болсныг анзаарсан байх.    

Үгийн утгаараа бол энэ хоёр бараг эсрэг утгатай үгнүүд. Улс төрийн утгаараа бол эрх баригч нам ба засгийн эрхийг барьж буй хоёр хүний “таталцал”-д уусан нэгдэх юм болов уу даа. Элдэв дарамтаас чөлөөлөгдөхөөр аяндаа цэгцрэх ч юмуу.

 Гэхдээ жирийн хүмүүс байтугай үг, үсэг холбож суугаа “жирийн бус” надад ч ойлгомжгүй зүйл байна.

Монгол Улс авлигын индексээр тасралтгүй уруудсаар өнгөрсөн жил 124 дүгээр байрт орсон. 2002  онд 85,  2006 онд 99, 2008 онд 102, 2009 онд 120 дугаар байранд орж байжээ.( transparency international байгууллагын сайтаас харна уу)

Эдгээр жилүүд бол МАНАН бүлэглэл гэж нэрлэгдсээр шахагдаж, өнөөдөр эргэн ирсэн хүмүүсийн заримынх нь эрх мэдэлд байсан жилүүд юм. Хэдийгээр улс төрийн шахалт, фракц, бүлэглэлийн дарамт байсан нь үнэн ч цэв цэвэрхэн хүмүүс бас бишээ гэсэн үг.Тиймээс эднийг яагаад чөлөөлдөггүй юм бэ? Гэсэн асуулт сошиал хуудсаар өрнөж байна.   Д.Амарбаясгаланг намаасаа хаслаа  ч Ж.Мөнхбатыг хасахгүй бол цэгцрэх үү? Ардын нам авлигачдаасаа чөлөөлөгдсөн гэж үзэх үү?

Сүүлийн жилүүдэд популизмын шуурга ард иргэдийн сэтгэл оюуныг туйлдуулсан, араас нь Ардын намын ойлгомжгүй байдалд тархи толгой эргэж байна. Эргэн ирсэн дээрх хүмүүс үнэхээр гэмгүй юм бол тайлбараа хийх хэрэгтэй.

Гэхдээ тасралтгүй өссөн авлигажилтад хэн буруутай вэ?

Уламжлал ёсоор МАН дээр баярын хурал болж, нэртэй, төртэй хүмүүс гишүүнээр элсчээ. Ардын дууч Алтанжаргал залуу дарга Н.Учралыг дэмжиж намын гишүүн болж байгаа гэнэ. Нийтлэлч Б.Болор-Эрдэнэ “Чөлөөлье” санаачлагад нэгдсэн бол малчин сэтгүүлч Эрдэнэбулган Ерөнхий сайдын “Цэгцрэх хөдөлгөөн”-д нэгдсэн гэнэ. Сонирхолтой нь тэд намд бус даргад элсч буй мэт ийнхүү ярьцгаав.

Заримыгаа хөөсөн, зарим нь эргэж ирсэн, шинэ хүмүүс орж ирсэн энэ жилийн МАН-ын баяр нэг иймэрхүү.

Эцэст нь хэлэхэд, авлигачдыг хөөгөөд гаргачихаар л авлига нь алга болчихдоггүйг монголчууд мэддэг болсон. Дарга нар ч бүгдээрээ мэдэж байгаа. Тиймээс Д.Амарбаясгалан нарыг хөөж байгаа нь ердөө л фракц, бүлэглэлийн тэмцэлдээн гэж харагдаж байна.

МАН-ын Бага хуралтай зэрэгцэн УИХ-ын гишүүнийг эргүүлэн татах хуулийн төслийг Ерөнхийлөгч санаачилсан нь бас л сануулга.

 Албан бус эх сурвалжуудын мэдээлж буйгаар хуулийн байгууллагад шалгагдаж буй арав гаруй гишүүн байгаа аж. Багаар бодоход шүү. Тэдэнд хууль ижил үйлчлэхгүй бол цэгцрэхгүй.

Ер нь авлигатай тэмцэнэ гэдэг зөвхөн хүнтэй хийх тэмцэл бус. Авлига цэцэглэх боломжгүй хяналттай тогтолцоо, системийг маш их ажиллаж, иргэд, намын гишүүдээ оролцуулж байж бүтээж бий болгодог. Түүнээс биш, хүн хөөгөөд, эсвэл хөөгдсөнөө буцааж авчраад, өнгө зүсээ засах гэж шинэ хүмүүсээр бүл нэмээд ч авлига гэгч нь арилдаггүй ажээ.

Намын дотоод ардчиллаа бэхжүүлэх, систем, тогтолцоогоо засах талаар Н.Учрал даргад бодсон юм байгаа л байх. Тэр ажил руугаа ханцуй шамлан орохгүй бол хүн хөөж, хүнтэй тэмцсээр байвал араар чинь авлига цэцэглэж, асуудлууд ужгиран үлддэг гашуун сургамж халуунаараа байгаа шүү.

Сэтгэгдэл үлдээх

САНАЛ БОЛГОХ