Сошиал медиа дээрх улс төр Гладиаторын үхлийн тулаан шиг болчихсон. Улс төр ийм байх ёсгүй шүү дээ” гэж Нобелийн энхтайвны шагналт, Филиппиний сэтгүүлч Мария Ресса ярьжээ. Монголын улс төрийн сүүлийн хэдэн жилийн дүр зургийг санагдуулам зүйрлэл.
Улс төрийн өрсөлдөөнийг ч, аливаа асуудлыг ч сошиалд “тулалдаад” шийдчихнэ гэх халуурал 2017 оны сонгуулиас хойш илт идэвхжсэн санагдана.
Энэ зүйрлийнхээ араас тэрээр “Ийм нөхцөлд ямар ч Засгийн газар удирдлагаа хэрэгжүүлэх боломжгүй. Ардчилсан Засгийн газрууд энэ нөхцөл байдлаас сэргийлэх хамгаалалтыг бий болгох боломжтой” гэжээ. (Nest Center for Journalism Innovation & Development, Mongolia фэйсбүүкт гарсан ярилцлагаас ишлэв)
Гэтэл Л.Оюун-Эрдэнийн Засгийн газар сошиал популизмын галыг цаг үргэлж өрдөж, тэр хэрээр тайван, ажил хэрэгчээр, албан ёсоор ярилцах, хэлэлцэх орон зай хумигдсаар байв. Бүтэлтэй, бүтэлгүй асуудал бүхэн сошиалаар нэг цацагдаад байх нь нэг талдаа их ардчилалтай, хүмүүст мэдээлэл хүрээд л байгаа мэт.Үнэндээ бол нийгэм, улс төр, эдийн засгийн тулгамдсан олон асуудлыг хумьж авч шийдэх мэргэжлийн, буурьтай, институтын соёл орхигдож байсан юм. Ийм болоход ковидын нөлөө, эрх барьж байсан МАН-ын 100 жилийн ой хатуу чанд хөл хорионы үетэй давхацсан, энэ хэрээр үзэл суртал ихдэж, эрх мэдэлтнүүдийн эрх хэмжээ нэмэгдсээр байсан нь ч нөлөөлсөн.
Гэхдээ Үндсэн хуулийн тогтолцоо дэмждэг улс төрчид бол нөхцөл байдлыг үнэлж, буруу арга замаар явж байгаагаа засах ёстой. Энэ бол эрх баригчдын үүрэг. Харамсалтай нь энэ үүргээ умартаж, эрх мэдлийн төлөө биесээ отсоор Л.Оюун-Эрдэнэ огцорсон.
МАН-ын дараагийн даргын төлөөх тэмцэл парламентын танхимд, Үндсэн хуулийн цэцэд хүртэл орж явчихсан нь 2025 оны Монголын улс төрд гашуун сургамж, бас сануулга өглөө. Ер нь Монголын улс төрийн байж байгаа байдал нэг иймэрхүү, парламентын засаглал, парламентын дархлаа хэр туйлдаж, сульдсаныг хачир чимэггүй харуулсан ч гэхэд болно.
НАМ БА СОНГУУЛЬ
Үндсэн хуулинд заасанчлан Монгол Улсын иргэдээс хэн ч сонгох, сонгогдох эрхтэй, энэ эрхээ эдлэх боломжоор хангагдсан байх ёстой гэж ардчиллын цагаан толгойд заажээ. Монголд гэтэл ардчилсан сонгууль явуулж эхлээд 35 жил болоход “мөнгөтэй л бол улстөрд орох” бичигдээгүй хуультай болов. 2024 оны сонгууль улс орноо бүсчлэн хөгжүүлэх уриан дор том тойргоор, холимог тогтолцоогоор гэсэн хоёр шинэ хэлбэрийг анх удаа туршсан зоримог шийдлүүдтэй сонгууль болсон.
Гэхдээ ерөнхийдөө мөнгөний, тогтолцооны тулгуур баганууд суларсан, зарим нь нуран унасныг сонгуулийн үйл явц илтгэн харуулсан юм. Иргэдийн итгэл сул, нэр дэвшигчдээс таван цаасны гар харсан, хэвлэл мэдээлэл нь анализ, дүн шинжилгээ хийж, бодит мэдээллийг өгөх чадамжаа алдсан, улс төрийн намуудын рейтинг түүхэнд байгаагүй доод түвшинд очсон гэх мэт өнцгүүдийг хөндлөнгөөс ажигласан билээ.
Эрх баригч намын давамгай байдлын улмаас төрийн нөөц буюу хөрөнгө, мөнгө, хүн хүч бүгд сонгуульд зарцуулагдсан. Өмнө нь бол төрийн нөөцийг сонгуульд ашиглаж болохгүйг мэддэг, айж эмээдэг, бас ч хяналттай байсан бол 2024 оны сонгуулиар хэнээс ч, юунаас ч эмээхээ болсон байв.
Улс төрийн намуудын дотоод эв нэгдлийн барьцалдуулагч болсон үнэт зүйл, зарчим мартагдсан. Тийм ч учраас зөвхөн МАН, АН нэрэн доор нуугдсан тусдаа дүрэмтэй, тусдаа багтай жижиг, жижиг бүлэглэлүүд бий болж, харилцан тохиролцоод нэр дэвшүүлсэн нь МАН-ын даргын төлөөх тэмцлийн үед парламент дээр илэрхий харагдсан юм.
Намууд нэр төдий болсон учраас сонгуулиар намуудын хооронд өрсөлдөөн явагдсан гэхэд хэцүү. Тухайн үеийн МАН-ын дарга, Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ ч үүнийг хэлсэн. Тэрээр “Маш том бүлэглэлтэй” тэмцэж байна гэсэн бөгөөд өөрөө бүлэглэлийн дайныг өдөөчихөөд ардчиллаа хэрхэн буцааж сэргээх вэ гэдгээ тооцоолоогүй нь огцрох нэг шалтгаан нь болсон болов уу. МАН-ын нэр дэвшүүлэх үйл явцад намын гишүүдийн оролцоо огт байгаагүй, төлөөллийн байгууллагууд нь зөвхөн “баталгаажуулах” үүрэг хүлээсэн. Харин АН-ынх бүлэглэлийн тэмцэл дор өрнөснийг сошиалын шууд бичлэгүүд харуулж байлаа. УИХ-ын гишүүн асан З.Нарантуяа бүр “Жунглийн хуулиар” нэр дэвшүүллээ гэж хэлж билээ.
Ингээд сонгуулийн өдрүүдэд мөнгөний хүч, нэмээд сошиал халуурлын шуурга, дээр нь амьд троллын хүч хүртэл үйлчилсэн зэрэг түүхэнд байгаагүй дүрэмгүй тоглолтууд өрнөсөн. Намуудад гишүүд гэх “амьд” хүмүүсийн оролцоо дутагдах үед тролл арми албан ёсны шахуу болдог ажээ.
Цахим троллуус гадна “амьд” троллууд захиалж, тийм хүмүүсийн ажиллагаа Ч.Хүрэлбаатарыг баруун бүсэд унагахад үүргээ гүйцэтгэв. Хаанаас захиалсныг бүгд мэдэж буй.
Сонгуулийн үеэр сошиал дээр яг л нөгөө Гладиаторын үхлийн тулаан өрнөж, АН-ын Лу.Гантөмөийн зүг МАН-аас ч, “Женко” Х.Баттулгын талаас ч дайраад байж билээ. Сүүлд сонсоход тэр нь намууд хоорондоо өрсөлдөж буй мэт харагдах тактик байсан юм билээ. Дараа нь орон нутгийн сонгуулиар нийслэлд яг тийм үйл явц өрнөсөн. Орон нутгийн сонгуулиар нийслэлд Х.Баттулга баг бүрдүүлж, нэр дэвшүүлсэн бөгөөд тэд МАН-ын Х.Нямбаатарын хийсэн юмыг очиж шүүмжилж өгч, өрсөлдөж буй мэт дүр үзүүлэх. Ийм сонгуулийн өрсөлдөөн гэж байх уу?
Сонгууль өндөрлөж, өрсөлдөгчид бие биенийхээ мөнгө тараасан зэрэг хууль бус үйлдлүүдийг баталгаажуулж авсан байжээ. Зарим газар гомдол, санал ч өгсөн. Гэвч хамтарсан Засгийн газар байгуулагдаад, өмнөх буруу, булхайгаа дарах үүрэг өгөгдсөн тул тэгээд намжив. Тухайн үед СЕХ-ны даргаар ажиллаж байсан П.Дэлгэрнаранг ажлаа өгөхөд УИХ-ын чуулган дээр хэн ч энэ тухай асуугаагүй юм.
Энийг анзаарсан сэтгүүлч Ц.Ганболд фэйсбүүктээ “Монголд явагдаж ирсэн бүх шатны сонгуулиуд тийм шударга, зарчимтай, ариун зохион байгуулагдаж ирсэн билүү? Огтхон ч үгүй. Нарийн ярих юм бол сонгуулийн булхай гаалийн бузар, “Эрдэнэс Тавантолгой” компанийн эргэн тойрон дахь гэрээний, нүүрсний хулгайнаас дээрдэх юм байхгүй. Тиймээс УИХ-ын сонгуулийн хууль боловсруулна гэж хөөрцөглөж байгаа Ардчилсан намын УИХ дахь булгийн гишүүд Сонгуулийн ерөнхий хорооны даргынхаа ядаж 5 жилийн үйл ажиллагааны тайланг нь сонсож, зохих үнэлгээ дүгнэлт өгөөд чөлөөлөх учиртай байсан биш гэж үү” хэмээн бичжээ.
Ерөөсөө асуух ёстой асуултаа асууж чадахгүй, сонгуульдаа дүгнэлт өгч чадахгүй байна гэдэг УИХ-ын гишүүд ерөнхийдөө но-тойн шинж мэт.
Улс төр, төрийн албаны хавтгайрсан авлига, улс төрийн санхүүжилт, хууль үйлчилдэггүй хандлага гэх мэт олон хүчин зүйлийн нөлөө парламентад орж ирснээр нэгд, ард түмний сонголт мөн үү гэх асуулт, хоёрт, ард түмнээ төлөөлж чадаж байна уу гэх эргэлзээ чинээндээ тулсан нь 2025 онд байлаа.
ЕРӨНХИЙЛӨГЧ ҮГ ХЭЛЭХДЭЭ…
Ерөнхий сайдаас огцрох үедээ Л.Оюун-Эрдэнэ муу нэртэй болсон байсан тул түүнийг огцруулах УИХ-ын чуулганы хуралдааны шөнө Ерөнхийлөгчийг орж ирж загнахад алга ташсан хүн олон байсан байх. Тэр үед Ерөнхийлөгч У.Хүрэлсүх “Би улс төрд ороод 30 гаруй жил болж байна. Миний итгэл үнэмшил бол парламентын засаглал. Тийм ч учраас парламентыг боловсронгуй болгохын төлөө өөрийн бүх он жилийг зориулсан.
Ерөнхий сайд байхдаа ч энэ байр суурийг үргэлж илэрхийлж байсан. Манай ард түмний сонголт бол парламентын засаглал, ардчиллын баталгаа. Тийм учраас Ерөнхийлөгч цаашид ч парламентын засаглалыг дэмжинэ.
Намайг Ерөнхийлөгч байх хугацаанд Үндсэн хуульд ямар нэгөөрчлөлт орохгүй гэдгийг албан ёсоор хэлье. Би өөрийгөө дахин зургаан жилээр огт сонгохгүй. Намайг хэн дахин сонгоод байгаа юм бэ. Яагаад өнөөдрийн үйл явдал Ерөнхийлөгчийн засаглал гэдэг тэс ондоо юм руу явж, ард түмний толгойг эргүүлэхэд хүрэв. Би зарчим ярьж байна шүү. Парламентат ёсоо улам бэхжүүлэхийн төлөө л бүгдээрээ ажиллана” гэж хэлсэн юм. Түүний үгийн хандлага Л.Оюун-Эрдэнийг огцруулаад өгөхийг УИХ-ын гишүүдээс шаардсан шинжтэй байсан гэж ч болно.
“Парламентын засаглалаа боловсронгуй болгоно” гэх атлаа парламентын гишүүдийн хараат бус, халдашгүй байдлаар шийдвэр гаргах эрхэнд халдаж байгаагаа анзаараагүй байх. Нөгөө талаар Төрийн тэргүүнээ тийм байдалд оруулж буй улс төрийн намууд, УИХ-ын гишүүд өөрсдөө дүгнэлт хийгүүштэй.
У.Хүрэлсүх Ерөнхийлөгч болохоосоо өмнө Л.Оюун-Эрдэнэд Ерөнхий сайдын болон МАН-ын даргын суудлаа залгамжлуулан өгсөн бөгөөд тухайн үед тэрээр “Намаа ардчилсан байлгаарай” гэж духан дээр нь үнсэж байсан мэдээ нь зураг, хөрөгтэйгөө архивт үлджээ.
“Цогц хөгжлийн үндэсний төв”-ийн гүйцэтгэх захирал, социологич М.Энхбадрал “Ерөнхийлөгч парламентыг шахаж, түрэмгий хандсан гэж үзвэл энэ нь парламентын дархлаа, бие даасан байдал алдагдсаны шинж. Парламент дүгнэлтээ хийх ёстой.
Шалтгаан нь парламентыг ажиллах боломжгүй болгосон их эвсэл болж таарна. Сөрөг хүчингүй парламент бол парламент биш. Үүнд өөр тайлбар байхгүй. Иргэд, тэр дундаа залуучууд нэг хүний, түрэмгий дарангуй засаглалыг хүлээн зөвшөөрөхгүй гэдгээ сая маш тодорхой харуулсан. Ийм л Монголд засаглалын дэглэмийг өөрчлөх аливаа санаачилга хэн нэгэнд бий бол тэр нь тогтолцооны хувьд ч, нийгмийн уур амьсгал хандлагын хувьд ч боломжгүй зүйл” гэж “Өдрийн сонин”-ы сэтгүүлчийн асуултад хариулжээ.
ДАВХАР ДЭЭЛТНҮҮДИЙН ААРХАЛ
Их хурлын даргын суудаг индрийн өмнө Засгийн газрын сайдууд бөөнөөрөө очоод зогсчихсон дүр зургийг санаж байгаа биз. Ерөнхий сайдууд солигдоод байдаг ч сайдууд нь гулсаж үлдээд байдаг хачирхалтай үзэгдэл Г.Занданшатарын танхимд ч давтагдаж, найман сайд “гулсуур” нэр зүүсэн.
Б.Чойжилсүрэн, С.Жавхлан, С.Бямбацогт, Б.Дэлгэрсайхан нарын дахин, дахин улирсан давхар дээлтэй, мөнгөлөг, хүчтэй эрчүүд чуулганы танхимд аархах нь цаанаа нэг сүрдэм. Эдний зарим нь эрх баригч намын санхүүг хариуцдаг учир ажлаа сайн хийхгүй байсан ч улирч үлдэх бүрэн эрхтэй бөгөөд төрийн бодлого, шийдвэр юу гэж гарахыг ч мэддэг гэлцдэг.
“Улс төрийн санхүүжилтийг цөөн хүнээс хараат байлгаж болохгүй, тэдний халаасанд орно. Олон хүнээс олон жижиг санхүүжилт босгох чиглэл рүү явах ёстой” хэмээн олон улсын болон иргэний нийгмийн байгууллагууд, улс төрийн намын удирдлагууд удаа дараа олон жил ярьсан ч өнөөдөр эсрэгээрээ байгаагийн илрэл нь тасралтгүй “гулсах” Б.Чойжилсүрэн, Б.Дэлгэрсайхан нарын сайдууд юм.
Г.Занданшатарын танхим Ерөнхий сайдаас гадна 19 сайдтай. Тэр 19 бүгдээрээ УИХ-ын гишүүд учраас давхар дээлгүй ганц Ерөнхий сайдаа огцрохоос хамгаалж, чуулганы танхимд тийм даналзаж, УИХ-ын чуулганыг бойкотлож дөнгөсөн юм.
УИХ Засгийн газраа хянах үүргээ хэрэгжүүлж чадахгүйд хүрдэг учир ерөнхий чиг үүргийн дөрвөн яамны сайд л давхар дээлтэй байх Үндсэн хуулийн заалтыг 2019 оны өөрчлөлтөөр хийж өгсөн. Гэвч Үндсэн хуулийн уг заалт нь Үндсэн хууль зөрчиж байна гэх гомдлыг УИХ-ын гишүүн Т.Доржханд болон хуульч Д.Үүрцайх нар 2022 онд Үндсэн хуулийн цэцэд өгч байв. Уг гомдлын дагуу Үндсэн хуулийн цэцээс “Үндсэн хуулийн заалт нь Үндсэн хууль зөрчиж байна” гэсэн дүгнэлтийг 2022 оны наймдугаар сард гаргасан бөгөөд тун удалгүй УИХ ээлжит бус чуулганы хуралдаан хийж, дээрх заалтыг хүчингүй болгосон билээ.
Тухайн үед эрх баригчид Үндсэн хуулийн цэцэд захиалга өгч, зуун хувь давхар дээлтэй сайдууд томиллоо гэсэн шүүмжлэл ч гарч байлаа.
Ер нь давхар дээлийн шүүмжлэл өнгөрсөн 30 жилийн улс төрд байнгын шүүмжлэл дагуулж байв. 2012 оны сонгуулиар байгуулагдсан АН-ын Засгийн газрын давхар дээлийг тухайн үеийн МАН-ынхан эсэргүүцэж, талбай дээр акц хүртэл өрнүүлж байсан нь хэвлэлийн хуудаснаа баримт болон үлджээ.
Гэвч “танайх болохгүй, манайх бол болдог” гэх сэтгэхүйгээр зарчмаасаа ухарч явсаар өнөөдөр бүгдээрээ давхар дээлтэй болгоосон нь халдашгүй байх парламентын эрхэнд халдаж хүртэл “томорчээ”.
2020 оны УИХ-ын сонгуулийн үр дүнгээр байгуулагдсан У.Хүрэлсүхийн Засгийн газарт давхар дээлтэй сайдуудаар ЗГХЭГ-ын дарга Л.Оюун-Эрдэнэ, БОАЖ-ын сайд Д.Сарангэрэл, Сангийн сайд Ч.Хүрэлбаатар, Хууль зүйн сайд Х.Нямбаатар нар ажилласан. 2021 оны нэгдүгээр сард У.Хүрэлсүх өөрийн саналаар огцорч, Л.Оюун-Эрдэнэ Ерөнхий сайдын суудлыг залгамжилсан бөгөөд Шадар сайд С.Амарсайхан, Сангийн сайд Б.Жавхлан, Хууль зүйн сайд Х.Нямбаатар, Боловсрол, шинжлэх ухааны сайдаар Б.Энх-Амгалан нар давхар дээл өмсөн ажиллав.
Харин 2022 оны наймдугаар сард Үндсэн хуулийн цэцийн шийдвэрийг УИХ яаран хэлэлцэн хүлээж авсан. Улмаар мөн сарынхаа 30-нд Л.Оюун-Эрдэнийн танхим шинэ сайдуудаар бүл нэмж, С.Амарсайхан, Ж.Сүхбаатар, Б.Бат-Эрдэнэ, Ч.Хүрэлбаатар, С.Бямбацогт, Ж.Ганбаатар, Д.Сарангэрэл, Х.Болорчулуун, Н.Учрал, Б.Чойжилсүрэн нарын давхар дээлтэй сайдуудыг оруулж ирж томилов.Засгийн газар нийтдээ 21 сайдтай болж данхайсан юм. ЗГХЭГ-ын даргаар Д.Амарбаясгалан томилогдсон бөгөөд УИХ-ын гишүүн биш ч МАН-ын генсек хэмээх бас л нэг давхар дээлтэй байв.
Ингэж давхар дээл хэвийн болсон бөгөөд Л.Оюун-Эрдэнийн хамтарсан Засгийн газар Ерөнхий сайдтайгаа нийлээд 23 давхар дээлтэй ажилласан.
Г.Занданшатарын Засгийн газарт Ерөнхий сайд нь ганцаараа дан дээлтэй, бусад 19 давхар дээлтэй сайдтай ажиллаж байна.
126 гишүүнтэй парламентын 20 орчим нь төсвийн эрх мэдэлтэй салбарын сайдаар ажиллана гэдэг парламентыг хянах, гишүүдэд нөлөөлөх, муугаар хэлэхэд “худалдаж” авах хүч нөлөөлөл юм.
ҮНДСЭН ХУУЛИЙН ЦЭЦ
Улс төрийн нам нь ардчилсан тогтолцооныхоо хөтлөгч, төр, ард түмний гүүр, хүмүүсийн санаа бодлыг нэгтгээд нийгмийнхээ хөрсөн дунд байж чадвал тэр улс орон тогтвортой байдаг аж. Гэтэл Монголд эрх баригч нам нь төрийнхөө дээр гарсан тул даргын тамганы төлөө төрийн хууль журам, ёс жаягийг үл тоож, өөрсдийг нь харж буй ард түмнээсээ ичиж, эмээхгүй “зодолдох” жишээний. Намыг эзэлсэн цөөн хүн намын нэрээр төрийн дээр гарсан болохоор бүхнийг өмчлөх гэж тэмцэлдсэн ч гэх юмуу.
Ерөнхий сайд Г.Занданшатарыг огцруулсан аравдугаар сарын 16-17-ны чуулганы хуралдааныг Үндсэн хуулийн цэц яаралтай горимоор хэлэлцэн, санал хураалтын үйл явцад дүн шинжилгээ хийхийг зарим улс төрч “Парламентын эрхэнд халдсан” гэж үзэж байгаагаа илэрхийлсэн.
Тухайлбал, УИХ-ын гишүүн Х.Тэмүүжин “Ардын Намын гурван хурлын дунд хамгийн их хохирсон институт бол УИХ байлаа.
УИХ-ын бүрэн эрхийг хэдэн тийш нь салгаж шидээд Үндсэн хуулийн дүгнэлтийг хүлээн зөвшөөрөх, эсэхээр хуралдаж, шийдвэр гаргадаг эрхийг нь хүртэл Үндсэн хуулийн цэц “Тийм юм байхгүй шүү” гээд алх цохиод гаргахад тэр тухай бодох хүн 126 дотор их цөөхөн байлаа” гэжээ.
Ерөнхий сайд асан Л.Оюун-Эрдэнэ “Цэцийг парламентын хэд хэдэн эрхэнд халдсан гэж бодож байгаа. Нэг нь, парламентын дотоод процесс. Дээр нь онц байдал үүсээгүй үед онц байдлын үе шиг шийдсэн. Цаашид ийм жишиг тогтчих вий, Цэц улс төрийн хувьд парламентынхаа дээр гарчих вий.
Парламентын засаглалтай орнуудын амин чухал асуудал бол Засгийн газартаа хариуцлага тооцох. Гэтэл Ерөнхий сайд Цэцийн есөн гишүүний зурагтай нь ойрхон байгаад, өөрийгөө хамгаалуулах шийдвэр гаргуулдаг болчихвол парламентын гишүүд Засгийн газарт хариуцлага тооцох ямар ч боломжгүй болж хувирна” гэсэн юм.
Цэц үнэхээр парламентын дархлаанд халдсан бол парламентын дархлаа нь өөрөө суларсан гэсэн үг.
Дээр өгүүлсэнчлэн, ардчилсан арга замаар асуудал шийдэх механизм алга болж, хүчээр, бүлэглэж, дайрч шийдэх арга барил газар авсан тул эл тоймыг Та бүхний эргэцүүлэхүйд зориулав.
Парламентад одоо ямар дархлаа үлдсэн бэ?
2026.1-р сар “Politiko”сонин