Ерөнхий сайд Г.Занданшатар Эрдэнэтэд очоод “Шинэ Оюут” гэдэг ордыг олж тогтоосон тухайгаа мэдэгдсэн нь сошиалд олон нийтийг хоёр хуваагдахад хүргэв.
Заримынх нь хариуд хэлэхэд “Оюут орд” шинэхэн юм биш, хэдэн жилийн өмнө олдсон нь үнэн л дээ. Хайгуулын ажлынх нь тухай аль 10 гаран жилийн өмнө л мэдээлж байв. Гэтэл 2016 оны УИХ-ын сонгуулийн өмнө гэнэт л ямар ч сураггүй компани Оросоос “Эрдэнэт”-ийн 49 хувийг худалдаж авсан болж таарсан. Тэр дороо л нөгөө компани чинь ХХБ-ны Д.Эрдэнэбилэгийн “охин” компани болох нь тодорсон. Уг нь УИХ-аар хэлэлцүүлж, улс авах уу, хувьд өгөх гүү гэдгийг шийдэх ёстой байтал Ч.Сайханбилэгийн Засгийн газар том толгойлон шийдсэн байв. Ингээд УИХ-ын сонгуулийн үеэр тухайн үеийн МАН бөөн эсэргүүцэл, шуугиан дэгдээж байж сонгуульд ялсан.
Улмаар шинээр бүрдсэн УИХ хуулийн хүрээнд асуудлыг шийдэхээр хэлэлцэж, 2017 оны хоёрдугаар сарын 11-нд чуулганы хуралдаанд оруулж хэлэлцүүлсэн. Энэ өдөр тухайн үеийн Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж УИХ-ын гишүүд рүү дайран загнаж байсныг улс орноороо харсан.
Ц.Элбэгдорж тэр үед “1978 онд нээгдсэн “Эрдэнэт” 30 жил ажиллах тооцоо байсан ч 39 жил болж байна. Үйлдвэр өнөөдөр 600 сая долларын өр зээлтэй. Хагас тэрбумын тоног төхөөрөмж шинэчлэх шаардлагатай. Нэгэн цагт тарган саалийн үнээ байсан “Эрдэнэт” үйлдвэр одоо эмчилгээ тэжээлийн цэгт очсон хөгшин үнээ болсон. 49 хувийг Оросоос авчирсан залуус монголчуудад урам зориг авчирсан. Хууль зөрчсөн бол УИХ биш Үндсэн хуулийн цэц, Шүүх асуудлыг шийдэх ёстой. Төр “Эрдэнэт”-ийн 49 хувийг авснаар гадагшаа муухай харагдана. Та нарыг коммунистууд хувийн хэвшлээ дээрэмдлээ гэж хэлнэ. Үр дүнд нь жирийн иргэд л хохирно” гэж хоолой нь цахиртан өгүүлж байсан сан.
Тухайн үед УИХ-ын гишүүн Ц.Нямдорж, Л.Оюун-Эрдэнэ нарын гишүүд 49 хувийг “Сахал” хэмээх Д.Эрдэнэбилэг авсныг буруутган, тууштай тэмцсэн. Мөн Л.Оюун-Эрдэнэ 2019 онд “Эрдэнэт”-ийн 49 хувийг худалдаж авсан 400 сая ам.доллар нь төрийн мөнгө байсан тухай мэдэгдсэн. Улмаар ЗГХЭГ-ын дарга байхдаа “Эрдэнэт”-д очиж онц байдал тогтоосон.
Үүний хүчинд ковид дэгдэх үед “Эрдэнэт үйлдвэр” ТӨҮГ ард иргэдийн ус,цахилгааны 650 тэрбум төгрөгийг хариуцсан. Тухайн үед Л.Оюун-Эрдэнийн ярьснаар бол “Эрдэнэт” үйлдвэрийн 49 хувийг Сингапур руу худалдах гэж байгааг мэдсэн даруйдаа 2019 онд Монгол Улсын Засгийн газар шуурхай шийдвэр гаргаж, тус үйлдвэрт онц байдал тогтоосон. Ингэснээр түүхэндээ анх удаа 2019 онд 963 тэрбум төгрөг, 2020 онд 1 их наяд төгрөг төвлөрүүлжээ. Үүний сацуу тус үйлдвэр дахин 60-70 жил улс орныхоо ачааг үүрэлцэх нөөц тогтоосон тухай ч тэр үеэс яригдах болсон юм. Эдүгээ “Эрдэнэт” үйлдвэр жилдээ 1.8 их наядыг улсын төсөвт төвлөрүүлдэг болоод байна. Үнэн бодит баримт гэвэл энэ.
Гэтэл талцан байлдагчдын нөгөө тал буюу Л.Оюун-Эрдэнийг эсэргүүцэгч талынхан тухайн үед шинэ нөөц, шинэ ордын асуудал яригдаагүй байсан гэнэ. Г.Занданшатар Ерөнхий сайдыг Орхон аймагт очиж тус үйлдвэрт ажиллах үеэр шинэ орд болох Оюутыг зарлуулсан тухай яригдаж байна.Тэд мөн Ч.Сайханбилэг, Д.Эрдэнбилэг нар “Эрдэнэт”-ийн 49 хувийг Монголд авч ирээгүй бол шинэ ордын тухай ч ярих боломжгүй, тиймээс тэдэнд баярлах ёстой хэмээн туйлшран зүтгэх ажээ.
Монголын улстөр-эдийн засгийн бүлэглэлүүд хэчнээн талцан байлдлаа ч үнэн бол үнэн. Худал бол худал. Хар бол хар, цагаан бол цагаан шүү дээ. ОХУ-аас “Эрдэнэт” үйлдвэрийн 49 хувийг гэнэт шинэ компани байгуулан худалдаж авсан бүлэглэлийн толгойлогч Ц.Элбэгдорж УИХ-ын чуулган дээр цаашид ч ашигтай ажиллах байсан үйлдвэрийг эмчилгээ, тэжээлийн цэгт очсон хэмээн хээвнэг ярьж байсныг ийм хурдан мартмааргүй байна.
Хэрэв “Эрдэнэт”-ийн 49 хувь тэр чигээрээ Ц.Элбэгдоржийнхонд очоод, улмаар тэдний хэлснээр үйлдвэрээ тэр чигт нь эмчилгээ, тэжээлийн цэгийн хөгшин үнээ болгоод “хэвтүүлчихсэн” бол юун орд, юун ашиг байх байсан нь үнээн. Өнөөдөр Ерөнхий сайд Г.Занданшатарын очиж нээсэн “Эрдэнэт”-ийн шинэ орд буюу Оюут яг л “Ачит ихт” шиг хаягдалын уурхай гэж нэрлэгдээд нэг бүлэглэлийг улсаас нь хэд дахин томруулж баяжуулах байсан нь үнэн.
“Эрдэнэт”-д шинэ орд нээгдсэн явдлыг тойрч талцан хэрэлдэж байгаа өнөөдрийн дүр зургаас харахад Монголд бүлэглэлийн улстөр ноёрхож, ард түмний эрх ашиг эдний хооронд савалсаар байхад үнэн хэзээ ч ил гарахгүй, шударга ёс хэзээ ч тогтохгүй гэдэг нь улам бүр тодорхой байна.
Сэтгүүлч О.Ганхуяг
2 Сэтгэгдэл
Сайханбилэн сахао Эрдэнэчилэг нар буруу юм хийсэн болоол л зугатаж байгааш дээ тэгээгүй бол нүшр бардас хүрээд ирнэ биз дээ одоо бас Самрах гээд зууралдаад байгаа биз дэ ялын дээд хэмжээ өгвөл таарна.
Сайханбилэг Сахал нар буруу юм хийсэн болоод л зугатаж смьдарч байгаа биз дээ