Ажлын хэсгийн зөвлөмжийн дагуу У.Хүрэлсүх алдаагаа засаж, “тулалдаж” буй хоёрын нэрийг татуулжээ

politiko


“Яагаад ялсан намын дарга Ерөнхий сайд болдог вэ?” гэдэг нь  парламентын засаглалтай холбоотой зарчим юм. Монголын нөхцөл байдал дээр “буулгаж” харъя.  

Сонгуулиар  УИХ-д олонх болсон буюу ялсан  нам нь Засгийн газраа байгуулахдаа намын даргаа Ерөнхий сайдаар томилдог.Учир нь ялсан намын дарга зүгээр нэг намаа ялуулсан дарга төдийгүй парламентын олонхийн дэмжлэгийг авч байгаа хүн юм.

Мэдээж ялсан намын мөрийн хөтөлбөрийг манлайлан хэрэгжүүлэх үүрэг ялсан намын даргад оногдож байгаа учраас Ерөнхий сайд, Засгийн газрын хариуцлага хүссэн, хүсээгүй түүнд ирдэг ч гэж хэлж болно.   

Яг энэ зарчмын дагуу 2024 оны сонгуулийн үр дүнгээр МАН УИХ-д 68 суудал авч, МАН-ын дарга Л.Оюун-Эрдэнэ хамтарсан Засгийн газар байгуулж, Ерөнхий сайдаар томилогдсон. Гэвч хамтарсан Засгийн газарт багтсан бусад намуудтайгаа дүрмээ тохирч чадаагүйгээс дураар дургилт ихэсч, МАН-ынхан төдийгүй Ерөнхийлөгч У.Хүрэлсүх оролцож байж огцруулсан. Анхнаасаа намын даргаа Ерөнхий сайдаар томилсон зарчим нь зөв байсан  ч өөрт ирсэн үүргийг хариуцлагатай үүрч чадаагүй нь Л.Оюун-Эрдэнийн алдаа байлаа.

Л.Оюун-Эрдэнэ өнгөрсөн зургадугаар сарын 3-нд огцорч, зургадугаар сарын 13-нд Ерөнхийлөгчийн Тамгын газрын даргаас Г.Занданшатар Ерөнхий сайдаар томилогдсоноор улс төрийн хямрал эхэлсэн гэхэд болно.


Улс төр хямарсан нь  Г.Занданшатар гэдэг хувь хүндээ  биш юм. Эрх баригч намын даргын оронд Ерөнхий сайд болж буй хүн нь парламентын гаднаас байсанд учир начир  оршиж, улмаар сүүлийн хагас жилийг улс төрийн хямралд өнгөрүүллээ.

Үүнд дотоод ардчиллын зарчмаа “унтраасан” МАН-ын олонхийн ч буруу бий, эрх мэдэлдээ эрдэж, гишүүн бус хүнийг зүтгүүлсэн Ерөнхийлөгч У.Хүрэлсүхийн фракцын ч буруу бий. Асуудлыг хэлэлцэж, улс төрийн шийдвэр гаргадаг МАН-ын бүтцийн байгууллагуудын чадамж доройтсон тул УИХ-ын гишүүн бус хүн Ерөнхий сайд болох нь хэр зохимжтой вэ гэдгийг ч олигтой хэлэлцэлгүй,   Ерөнхийлөгчийн энерцид автан шийдэгдсэн хэрэг.

 Тэгэнгүүт ялуулсан намын дарга нь биш юм бол генсекээр найман жил ажилласан хүн нь МАН-ын дарга болно хэмээн зүтгэж, өнгөрсөн есдүгээр сарын 28-нд МАН-ын Бага хурлаас Д.Амарбаясгалан намын даргаар сонгогдов. Гэвч хууль, дүрэм зөрчсөн хэмээн түүнтэй өрсөлдсөн Ерөнхий сайд Г.Занданшатарын талынхан хүлээн зөвшөөрөлгүй, өнгөрсөн сар хагасын хугацаанд Дээд шүүхэд бүртгүүлэхээр материалыг нь ч  өгсөнгүй.

Улс төрийн хямрал улам гүнзгийрч, Д.Амарбаясгаланд богино хугацаанд хэрэг үүсгэн яллагдагчаар татаж, улмаар тэрээр УИХ-ын даргын албанаасаа шахагдан бууж, Г.Занданшатар ч Ерөнхий сайдаас унаж, Үндсэн хуулийн цэцийн дүгнэлтээр буцаж торгоогдоод байна. Уг нэр нь тэд МАН-ын даргын төлөө өрсөлдсөн гэх ч үнэндээ бол бие биеэ дарах “тулаан” болж үргэлжилсэн.

Энэ хугацаанд УИХ төсвөө ч олигтой хэлэлцсэнгүй, төрийн бусад ажил гацаж,эмч, багш нарын жагсаал, цуглаан ар араасаа үргэлжилж монголчууд нийтээрээ зутруухан байдалтай өвлийг угтаж байна.

Хэдийгээр Ерөнхий сайд Г.Занданшатарын танхим ажлаа хийж байгаагаа өмнөх Ерөнхий сайд шиг популизм өрдөхгүй, төрийн хар хүний дүрээр харуулсаар байгаа ч УИХ-ын гишүүдийн тал шахам хувь нь дэмжихгүй болохоор хэрүүл тасрахгүй, бодит байдал дээр  хүлээн зөвшөөрөгдөх байдал дордсоор байх шиг.

Ерөнхий сайд парламентын гишүүдийн олонхийн буюу ялсан намын гишүүдийн дэмжлэгийг авч байх зарчим ямар чухал болохыг өнгөрсөн хэдэн сар хангалттай харуулав.

Ингээд засаглалын хямрал үргэлжилсээр, энэ бямба, ням гарагт буюу арваннэгдүгээр сарын 15,16-нд болох МАН-ын Их хурлаар намын дарга нь шийдэгдэж байж л асуудал цэгцрэх нь гэсэн хүлээлт үүсээд байна.

Өчигдөр өглөөхөн МАН-ын даргад Д.Амарбаясгалан, Г.Занданшатар нар нэр дэвшин өрсөлдөнө гэсэн мэдээ цацагдсан. Гэтэл оройхон Ерөнхий сайд Г.Занданшатар МАН-ын даргын өрсөлдөөнөөс нэрээ татаж буйгаа мэдэгдлээ.

Эх сурвалжийн мэдээлснээр, Ерөнхийлөгч У.Хүрэлсүх алдаагаа засахаар шийдсэн бололтой юм. Тэрээр өөрийн фракцын УИХ-ын гишүүн биш хүнийг Ерөнхий сайдын албанд зүтгүүлсэн нь ямар их хямрал дагуулсныг ойлгосон бөгөөд цаашид хямралаас гарахын тулд Д.Амарбаясгаланг ч, Г.Занданшатарыг ч  МАН-ын даргад нэр дэвшиж болохгүйг сануулж, улмаар хагарсан фракцуудыг ойртуулах, галыг намжаах тохиролцооны эхний хэсгийг юутай ч хийлгэж чаджээ.

Тиймээс МАН-ын даргад нэг хүн дэвшүүлэх ёстой, тэгэхгүй бол хагарал улам даамжрах нь  гэдгийг сануулжээ. Одоогоор МАН-ын даргад хэний нэрийг дэвшүүлэхээ хараахан эцэслээгүй байгаа аж.

УИХ-ын дэд дарга болон бусад албан тушаалыг Л.Оюун-Эрдэнэ, Д.Амарбаясгалан нарын фракцад хуваарилах, Г.Занданшатарыг цаашид Ерөнхий сайдаар дэмжиж ажиллуулах тохиролцоо ч хийгджээ.

МАН-ын хагарал намжиж, эрх баригч намын үүргээ хэр сайн гүйцэтгэх вэ гэдэг одоогоор бол хэр сайн тохиролцож чадах вэ гэдгээс хамаарна. МАН-ын Удирдах зөвлөл чадамжгүй, эвгүй болсон учир тэндээс эв нэгдлийг хангуулах ажлын хэсгийг хүртэл Ч.Хүрэлбаатараар ахлуулан байгуулсан.

Тэр Ажлын хэсгээс Ерөнхийлөгчид зөвлөмж өгсний дагуу тэрээр алдаагаа засах алхмыг хийж, ядаж УИХ-ын гишүүн хүн МАН-ын дарга болох ёстой гэж үзжээ.

Эвлэрүүлэх ажлын хэсгийн дарга Ч.Хүрэлбаатар “Амарбаясгалан, Занданшатар нарыг хоёуланг нь боль гэж Удирдах зөвлөлийн хурал дээр хэлсэн” хэмээн телевизийн ярилцлагад орохдоо хэлж байв. Тэгвэл энэ санал ёсоор болсон байна.

2 Сэтгэгдэл

Zochin November 12, 2025 - 2:28 am

Za estoi bolij uz Amarbayasgan darga bolbol bolno Hurelsuh namaa taraalaa daa dahij l ene namiin tuluu sanalaa uguhgui ee .

хариулт
Anonymous November 12, 2025 - 3:19 am

Тэмүүлэн л яг тохирох хүн дээ

хариулт

Сэтгэгдэл үлдээх

САНАЛ БОЛГОХ