Эрүүгийн хуулийн 19 дүгээр бүлэгт “Үндэсний аюулгүй байдлын эсрэг” гэмт хэргийг хуульчилсан байдаг.
Энэ бүлэг нийт 17 зүйлтэй бөгөөд “Hero entertainment”-ийн найруулагч Б.Баатарыг 19-ийн 9 дэх зүйл ангийн 1 дэх заалтаар яллагдагчаар татсан тухайгаа Нийслэлийн прокуророос мэдэгджээ.
Энэ нь “Хүмүүсийг үндэс, угсаа, хэл, арьсны өнгө, шашны номлол, үзэл бодлоор дайсагнуулах, эвдрэлцүүлэх, салан тусгаарлахыг ухуулсан, уриалсан, ялгаварлан гадуурхсан, хүчирхийлсэн, эрхийг нь хязгаарласан, давуу байдал тогтоосон үйлдлийг зохион байгуулсан бол таван жилээс арван хоёр жил хүртэл хугацаагаар хорих ял шийтгэнэ” гэх заалт.
Хэрэв энэ гэмт хэргийг зохион байгуулалттай гэмт бүлэг үйлдсэн бол арван хоёр жилээс хорин жил хүртэл хугацаагаар хорих ял шийтгэхээр мөн заажээ.
Прокурорын бичиг ирсний дараа Б.Баатар сошиал хуудсандаа “Үндэсний эв нэгдэл аюулгүй байдлыг бусниулсан” гэх огт үндэслэлгүй буруутгалд холбон, 20 жил хүртэл хорих ялтай хэрэгт, явцуу ашиг сонирхолтой тодорхой бүлэглэл, эрх мэдэлтний захиалгаар яллагдагчаар татсан” гэжээ.
Мөн өөр хэргүүдээр яллах гээд тогтоогдохгүй болохоор зохион байгуулалттай гүтгэж, нэр төрийг нь гутааж, эрх чөлөөг нь хязгаарлахыг оролдож байгаа гэв.
Б.Баатар мөн “Ардчилсан нийгэмд иргэдээс улс төрчдийг шүүмжлэх нь хэвийн төдийгүй зайлшгүй зүйл юм. Энэ нь хүний эрх чөлөөний салшгүй суурь хэсэг бөгөөд төр, эрх мэдэлтнүүдийг хянан шүүмжлэх ард түмний хууль ёсны эрх юм.
Гэтэл ард түмний үзэл бодлыг “зохион байгуулалттай өдөөн хатгалга” гэж тайлбарлаж, түүний цаана намайг байгаа мэтээр харуулах зорилтот оролдлогуудыг удаа дараалан хийж байгаа нь Монгол улсын Үндсэн хуулийн ардчилсан зарчмыг үл хүндэтгэсэн, туйлын гутамшигтай үйлдэл юм.Монгол Улс бол үг хэлэх, үзэл бодлоо илэрхийлэх эрх чөлөөг Үндсэн хуулиар баталгаажуулсан ардчилсан улс” гэсэн байна.
Өнгөрсөн зун, зургаан сарын эхээр Л.Оюун-Эрдэнийг Ерөнхий сайдаас огцруулахад “Politiko” сонинд “Авлигын эсрэг популизм нь араа даасангүй” гэсэн гарчигтай нийтлэл хэвлэгдсэн.
”Politiko” сонины редакцийн зүгээс Л.Оюун-Эрдэнийн Засгийн газрын үед албан бус засаглал зэрэгцэн оршиж, сошиал популизм нь авлигын эсрэг тэмцэл гэх хэтэрхий их хуваагдал үүсгэсэн улс төрийн технологитой хосолж, улмаар институтыг сулруулсан гэж үзэж ийнхүү нийтлэл бичсэн юм.
Системийн авлигад идэгдсэн улс орнуудад ийм нөхцөл байдал үүсдэгийг олон улсад судлаачид авлигын эсрэг популизм гэх ойлголтоор гаргаж иржээ.
- Популизмын онолын суурийг тавьсан судлаачдын нэг болох Кас Мудде (Cas Mudde) популизмыг “thin-centered ideology” буюу нимгэн төвт үзэл гэж тодорхойлж, улс төрийг “цэвэр ард түмэн” ба “авлигад идэгдсэн элит”гэсэн хоёр талын зөрчил болгон тайлбарладаг гэж үзжээ.Түүний энэ онол нь олон орны улс төрийг, тэр дундаа Филиппин болон Турк зэрэг орнуудын популист улс төрийг шинжлэхэд өргөн хэрэглэгддэг байна.
- Бенжамин Моффитт (Benjamin Moffitt) хэмээх судлаач улс төрийн хэв маяг гэж үзжээ. Тэрээр популист удирдагчид улс төрийн хямрал, авлигын асуудлыг онцолж, өөрсдийгөө ард түмний жинхэнэ төлөөлөгч болгон харуулах стратегийг ашигладаг гэж үздэг.
- Иймээс авлигын эсрэг тэмцэл нь популист улс төрийн чухал хэсэг болж, олон нийтийн дэмжлэгийг татах гол хэрэгсэл болдог гэнэ.
- Пол Д. Кенни (Paul D. Kenny) Филиппиний улс төрийн жишээгээр популизм, ивээн тэтгэх сүлжээ (patronage), авлигын харилцааг тайлбарлахдаа популист удирдагчид авлигад автсан улс төрийн элитийн эсрэг тэмцэж байна гэсэн уриаг ашиглан олон нийтийн дэмжлэгийг авдаг гэж дүгнэсэн.
Товчоор хэлбэл, авлигын эсрэг популизм нь зөвхөн бодлогын асуудал бус, харин орчин үеийн улс төрийн өрсөлдөөний стратеги болж байгааг судлаачид онцолжээ.
Ингээд 2025 оны 6-р сарын 4-ний Politiko сонинд гарсан нийтлэлийг толилуулж байна.
Уншигч Та бүхэн уншаад Ерөнхий сайд асан Л.Оюун-Эрдэнэ, түүний ах “Hero”-гийн Баатар нар “авлигын эсрэг популизм” гэх улс төрийн стратеги хэрэгжүүлсэн үү? Эсвэл прокурорын яллах дүгнэлтээр үндэсний эв нэгдлийг бусниулсан уу? Гэдэгт өөрсдийн дүгнэлтээ өгнө биз ээ.
2025 ОНЫ 6-Р САРЫН 4-НИЙ “POLITIKO” СОНИНД ГАРСАН НИЙТЛЭЛ
АВЛИГЫН ЭСРЭГ ПОПУЛИЗМ НЬ АРАА ДААСАНГҮЙ
Л.Оюун-Эрдэнийн 30 жилийн мөрөөдөл гэдэг хоосон зүйл байгаагүй. Биежүүлэхийн тулд “Алсын хараа-2050”-ийг гаргаж, Үндсэн хуулийн өөрчлөлтүүд хийж, авлигажсан тогтолцоог нураахын тулд дор хаяж 10 жил шаардлагатай хэмээн тасралтгүй ярьж явлаа.
Тэрээр итгэл үзүүлэх, эсэх асуудал хэлэлцүүлсэн УИХ-ын чуулган дээр “Том төсөлдөө хэт их цаг гаргаж, нийгмийн асуудал, улс төрийн дотоод асуудалд анхаарал бага хандуулсан алдаа ч бас байна” хэмээсэн нь үнэн юм. Том төслүүд эхлүүлсэн, хэрэгжүүлсэн бүхэн нь түүхэнд үлдэнэ.
Харин улсаа хөгжүүлье гэж эрмэлзсэн эрмэлзэл, Сингапурын хөгжлийн эцэг Ли Куан Ю шиг замнахыг хүссэн мөрөөдөл нь замын дундаа ч ороогүй яагаад замхрахад хүрэв?
Өөрийнх нь хэлснээр улс төрийн асуудалда анхаараагүйн дээр авлигатай тэмцэх нэрээр популизм өрдсөн нь хамгийн том алдаа байлаа. Товчхондоо популизмынхаа салхинд хийсэв.
ПОПУЛИЗМЫГ ХЭТ ИХ ХӨӨРӨГДӨВ
Авлигажсан улс орнуудад авлигын эсрэг тэмцэгчид ард түмний дэмжлэгээр гарч ирдэг нь нийгмийн захиалга. Яг энэ захиалгаар долоон жилийн өмнөх (2018-2019) өвлийн жаварт өдрүүдэд Л.Оюун-Эрдэнэ тэргүүтэй таван залуу МАНАН бүлэглэлийн эсрэг жагсаал хийж, тухайн үеийн гол шуугианы эзэн “60 тэрбум”-ын М.Энхболдыг УИХ-ын даргын суудлаас буулгаж байлаа.
Ингэж МАНАН-гийн эсрэг анхны том тэмцэлдээ ялсан Л.Оюун-Эрдэнэ хэдхэн хоногийн дараа У.Хүрэлсүхийн Засгийн газрын Хэрэг эрхлэхийн даргаар томилогдов. 2019 оны хоёрдугаар сарын 2-нд шинэ албандаа очсон тэрээр тавдугаар сарын 14-нд “Оюутолгойн гэрээний үеэр авлига авсан байж болзошгүй 4-5 хүн байгаа” хэмээн мэдэгдсэн.
Түүнээс хойш МАНАН, Ц.Элбэгдорж, Ч.Сайханбилэг нарын талаар болон авлигатай тэмцэх талаар хэлсэн үгс нь тоогоо алдсан.
- “АН-ынхан тийм шударга юм бол гадаадад тансаглаж яваа Ц.Элбэгдорж, Ч.Сайханбилэгээ олж ир” (2020.3.5),
- “Төрийн албан хаагчдын тансаг хэрэглээнд хяналт тавина”(2021.12.8),
- “Авлига үүсгэж буй хөрстэй нь тэмцэх нь хамгийн чухал” (2021.2.10),
- ”Авлигын хэрэгт холбогдсон албан тушаалтнууд над руу хэн нэгнээр утасдуулаад ч нэмэр байхгүй шүү” (2021.11.11) гэх мэт.
2024 оны МАН-ын сонгуулийн уриа хүртэл энэ тийш чиглэж “Ард түмэн ялна” хэмээсэн билээ.
Сонгуульд МАН 68, АН 42 суудал авч, ХҮН-ийг нэмээд гурван намын хамтарсан Засгийн газар байгуулж, богино хугацаанд том төслүүд хөдөлгөж чадсан. Гэвч хөгжлийн мэдээ дуулдах бүрт популизм, дарангуйллын чанга чимээ эрх баригчдын зүгээс дуулдах болж, зарим контент бүтээгчид, тролл армийн дэмжлэгээр амар заяа үзүүлээгүй гэхэд болно.
УИХ-ын чуулган дээр шүүмжилбэл ялгаварлан гадуурхалтын “махны машин”-д хэрчүүлэх айдас хүйдэст автах болов.
“Ард түмэн” ба “авлигачид” гэсэн хуваагдлыг Хууль зүйн сайд О.Алтангэрэлээс болон тэр талынхнаас нийгэмд тасралтгүй цацаж, парламентын гишүүдийг ч ямар нэг нотолгоогүйгээр “авлигачдын тал” гэх мэт мэдэгдлийг хэдэнтээ хийсэн.
Тэр бүү хэл Засгийн газрын бодлогыг шүүмжилсэн, өөрөөс нь асуулт асуусан УИХ-ын гишүүдийг MCS-ийн тал, “цаад эзнийхээ амаар ярьж байна” гэх мэтчилэн баталгаа, нотолгоогүйгээр шүүж, давхар сошиалд “хаяж өгөн”, нийгэмд “дайсан” тодруулах ажиллагааг ч явуулав.
Хамгийн сүүлийн жишээ гэхэд Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнийг огцруулахаар жагсаал дээр очиж гарын үсгээ зурсан Ч.Лодойсамбуу, С.Цэнгүүн, Ж.Баярмаа, Ж.Золжаргал нарын гишүүдийг ард түмний дайсан болгон сошиалаар цацаж, нэр, нүүрээ нуусан троллууд тэднийг том чулуу шидэж алах, буудах зэргээр заналхийлжээ.
Л.Оюун-Эрдэнэ энэ бүхнийг бодож олоогүй ч байж мэднэ. Түүнийг ийм дүрд тоглуулсан хүн ард нь бас бийг үгүйсгэхгүй. Жишээ нь, яг адилхан “аврагч”-ийн дүртэй ч авлигын хэргүүдтэй Ерөнхийлөгч асан, УИХ-ын гишүүн Х.Баттулга түүнийг аль 2018 оноос өмгөөлж, хамгаалан явааг нийтээрээ мэдэж буй.
Судалж үзвэл, “Авлигын эсрэг популизм” хэмээх улс төрийн стратегийг сошиал технологитой хослуулан хэрэгжүүлэхийг оролдсон бололтой.
Зарим улс орны жишээн дээр судлаачид ийм нэр томьёог гаргажээ. Авлигажсан хөрсөн дээр үүсдэг улстөрийн энэ арга, хандлага, стратегийг хэрэгжүүлсэн удирдагчдын жишээнд Филиппиний Родриго Дутертэ, Туркийн Эрдоган нар нэрлэгддэг аж.
Филиппиний Родриго Дутертэ 2016 Филиппиний Ерөнхийлөгчөөр сонгогдохдоо авлигачдыг “Мангас” гэж нэрлэн, “Мангасын эсрэг мангас шиг” гэсэн аргаар тэмцэл явуулсан ч Филиппинд авлига буураагүй, авлигатай тэмцэх тогтолцооны шинэчлэл хийгдсэнгүй, шүүх, прокурор, аудит, хэвлэл мэдээллийг “авлигатай тэмцэхэд саад бологчид ” гэж үзэн, шүүмжлэгчдийг дайсан болгосон байна.
Л.Оюун-Эрдэнэ шүүх л болохгүй байгаа тухай удаа дараа чангаар мэдэгдсэнийг үүнтэй холбон ойлгоход болох мэт.
Туркийн Ерөнхийлөгч Эрдоганыг 21-р зууны хамгийн хүчтэй популист удирдагчдын нэг гэж судлаачид хүлээн зөвшөөрдөг бөгөөд “ард түмэн”, “шударга ёс”, “ёс суртахуун” гэх үнэт зүйлсийг ашиглан 20 жилийн турш ардчилал, хяналтын тогтолцоог үгүй хийж, өөрийн эрх мэдлийг бэхжүүлжээ. Өнөөдөр Турк өнөөдөр сэтгүүлчдэд хамгийн халтай улс болжээ.
Дараагийн популист удирдагч Филиппиний Родриго Дутертэ Нидерландын Гаага хотын ойролцоох НҮБ-ын Хорих байгууллагын хорих ангид хоригдож байна. Түүнийг олон мянган хүнийг шүүхгүйгээр буудан хөнөөсөн хэмээн буруутгаж буй юм. Туркэд ч, Филиппинд ч авлига буураагүй, харин дарангуйлал тогтсон.
АВЛИГАЧИДТАЙ ТЭМЦСЭНЭЭС ТОГТОЛЦООГОО БЭХЖҮҮЛСЭНГҮЙ
Монголд авлига буураагүйг “Транспэрэнси Интернэшнл” байгууллагын 2018 оны болон 2024 оны үнэлгээг харьцуулаад харахад л тодорхой харагдана.
2018 онд Монгол Улсын авлигын индекс 35 оноотой, 180 орноос 106 дугаарт эрэмблэгдэж байлаа. 2024 оны үнэлгээгээр манай улс 180 орноос 33 оноогоор 114 дүгээр байранд эрэмбэлэгдэв.
Ер нь институт буюу тогтолцооны багана болсон байгууллагуудын дотоод чадавхийг сайжруулахгүйгээр авлига буурдаггүйг олон ч судалгаа харуулжээ.
Л.Оюун-Эрдэнэ Монгол Улсын Ерөнхий сайдаас гадна засгийн эрх барьж буй МАН-ын дарга. Гэтэл Авлигатай тэмцэх газрын судалгаагаар улс төрийн намуудын авлига жил ирэх бүр өсч байна. 2022 онд АТГ-ын судалгаанд “Авлига хамгийн их тархсан институцыг иргэн, аж ахуйн нэгж нэрлэхэд улстөрийн нам гурван байраар ухарч, 39.1 хувиар зургаад эрэмблэгджээ.
Өнгөрсөн 2024 оны УИХ-ын болон орон нутгийн сонгуулийн их мөнгөний баримжааг багцаалахад улс төрийн намын авлига улам бүр гаарсан биз ээ.
Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнийн хувьд намын санхүүжилтийг ил болгох, улс төрийн намуудыг ил тод, шилэн болгохоор олон удаа ярьж, хууль, эрх зүйн өөрчлөлтүүд хийсэн ч бодитоор хэрэгжүүлэх ажлуудаа хийсэнгүй.
Улс төрийн нам нь шийдвэр гаргалтын төв, төрийн бодлогыг тодорхойлдог, төрд хүмүүсээ “шахдаг” учраас эхлээд намууд авлигаас ангижрах нь суурь асуудал юм. Хамтарсан Засгийн газарт улс төрд их мөнгө “цацдаг”-аараа алдартай Б.Чойжилсүрэн үе улиран сайдын алба хашиж буйгаас харвал эрх ашгийн зөрчилдөө ч цэг тавьж чадсангүй. Ердөө энэ ганц нэгхэн жишээнээс харахад Л.Оюун-Эрдэнэ авлигатай бодитой тэмцэж чадсангүй. Харин авлигын эсрэг популизмыг сошиал технологитой хавсруулан хангалттай их хийжээ. Гучин жилийн авлигын мэдээллийг ил гаргасан, блокийг задалсныг мэдээж үнэлүүштэй.
ПОПУЛИЗМ ДАРАНГУЙЛАЛ БОЛЖ ХУВИРДАГ
Дутертэ, Эрдоган хоёрын жишээнээс авлигын эсрэг популизм нь дарангуйлал болж хувирсныг анзаарсан байх.
Өөрөөр хэлбэл, авлигатай тэмцэх олон нийтийн хүсэл дээр дөрөөлж гарч ирсэн хэрнээ өөрөө л зөвхөн зөв, шударга гэсээр эрх мэдэл төвлөрч, ийм нөхцөлд хүргэдэг аж. Гэтэл ардчилсан тогтолцоо бол харилцан хяналттай, хүчирхэг институцүүдийн (улстөрийн нам, хууль, шүүхийн байгууллагууд, парламент, Засгийн газар гэх мэт) тогтолцоо.
Нэг хүчтэй удирдагч бүгдийг шийднэ гэх нь ардчилсан тогтолцооны эсрэг зүйл. Судлаачдын томьёолсноор популист улстөрчид олон төрөл байх ба нэг төрөл нь мессианик популист буюу өөрийгөө “ард түмний аврагч”, “ёс суртахууны туйл”, “бусдаас онцгой эрх мэдэлтэй” хүн гэж ойлгуулдаг төрөл аж.
Ийм төрлийн популистууд “ард түмэн” ба “авлигачид” гэсэн туйлшралыг өдөөж, шүүмжлэгчдийг дайсан мэтээр хүлээж авдаг байна. Авлигын эсрэг тэмцэх ард түмний хүсэл нь популистуудын хувьд аврагчийн дүрээ бүтээх гол хэрэгсэл болдог аж.
Шударга бус авлигажсан тогтолцоотой тэмцэхэд улс төрчийн манлайлал хамгаас чухал. Гэхдээ манлайллын хандлага, сэдэл нь улам бүр ардчилсан тогтолцоо руу явах болохоос төвлөрсөн их эрх мэдэл тийш чиглэхээрээ бурууддаг ажээ. Л.Оюун-Эрдэнийн хувьд дээрх шинж тэмдэгүүдтэй төстэй зүйл олон байна.
Хахир өвлийн хүйтэнд жагсч, тэмцэж явсан тэр цагаас хойш тасралтгүй долоон жил түүнийг “аврагч”-ийн дүрд тоглуулжээ. Л.Оюун-Эрдэнэ өөрөө үргэлж парламентын засаглал, ардчилал гэж ярьдаг. Тэгэхээр түүнийг цаанаас нь хэн нэгэн удирдаад өөр дүрд “тоглуулсан” мэт. Гэвч хамгийн сүүлийн хоёр тохиолдлыг сануулахад яах аргагүй л өөрийнхөө амаар элдэв үг хэлсэн. Нэг нь УИХ-ын гишүүн Ж.Баярмааг “Баярцогтын амаар ярилаа” гэсэн. Нөгөөх нь хүүгийнхээ асуудлаар тайлбар хийхдээ “Ялаанууд миний итгэл үнэмшил, үзэл санаа, тэмцлийг мөхөөж чадахгүй, битгий горьд” гэж хэлсэн. Энд нөгөө л “би бол аврагч, бусад нь бол дайсан” гэсэн илэрхийлэл яваад байгаа биз?
Ингэж “дайсан” тодруулах тусам нэг хүнд эрх мэдэл төвлөрөх үүд,хаалга нээгдэж, төвлөрсөн эрх мэдэл явсаар дарангуйлалд хүргэдэг байна. Дэлхийн улс орнуудын ардчиллын түвшинг нарийвчлан хэмжиж гаргадаг V-Dem буюу Varieties of Democracy байгууллагаас гаргасан 2024 оны үзүүлэлтээр 45 орон автократ дэглэмд шилжсэний нэг нь Монгол гэж зарласныг эцэст нь сануулья.

2025 оны 6-р сарын 4-нд “Politiko” сонинд нийтлэгдсэн уг нийтлэлийг ЭНД дарж линкээр уншина уу.
@POLITIKO ТОЙМЧ