Х.Нямбаатар салалтын айдас дээр тогтсон орон сууцны бодлого санал болголоо

politiko

Хотын дарга Х.Нямбаатар  “Сэлбэ 20 минутын хот”-д ипотекийн зээлээр байр авсан гэр бүл салбал ипотекийн зээлийг нь цуцалж, түрээс рүү шилжүүлнэ. “20 минутын хот” Сэлбэ дээр нийслэл ипотекийн бүтээгдэхүүн гаргана. Багш, эмч нарт 10 хувь, бусад хүмүүст 20 хувийн урьдчилгаатай 15 жилийн хугацаатай ипотекийн зээл олгоно. Ипотекийн зээлийг заавал гэр бүлийн хоёр хүнд хамтад нь олгоно. Хэрэв гэр бүл салбал ипотекийн гэрээ нь түрээсийн гэрээ рүү шилжинэ” гэж мэдэгдлээ.

Энэ  бодлого нь анх харахад гэр бүлийг дэмжсэн мэт боловч агуулгынхаа гүнд хүний үндсэн эрхтэй мөргөлдөх ноцтой шинжтэй шийдвэр юм. Төр орон сууцны бодлогоор дамжуулан нийгмийн тодорхой бүлгийг дэмжих эрхтэй ч  тэр бодлого нь иргэний чөлөөт сонголт, гэр бүлийн харилцаанд шууд бус дарамт үзүүлэх хэмжээнд очвол Үндсэн хуулийн зарчимтай зөрчилдөнө.

Монгол Улсын Үндсэн хуулийн 16 дугаар зүйлийн 11 дэх хэсэгт “Гэрлэх, гэр бүл болох нь иргэний эрх мөн” гэж заасан нь гэрлэлт сайн дурын үндсэн дээр байгуулагдаж, мөн сайн дурын үндсэн дээр дуусгавар болох ёстойг илэрхийлдэг. Хэнтэй амьдрах, хэзээ салж, амьдралаа шинээр эхлүүлэх нь төрийн зөвшөөрөл, эдийн засгийн торгуулиар хэмжигдэх ёсгүй.

Харин “салбал ипотекийн зээл хүчингүй болж, түрээс болно” гэх нөхцөл нь салах эрхийг шууд хориглоогүй ч эдийн засгийн хөшүүргээр хязгаарлаж буй хэлбэр юм. Энэ бол эрхийг ил тод хасахгүйгээр, айдас болон алдагдлын эрсдэлээр дамжуулан барих оролдлого.

Үүнээс гадна Үндсэн хуулийн 14 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт хүнийг “гэр бүлийн байдал”-аар ялгаварлан гадуурхахыг хориглосон. Ипотекийн зээлийг зөвхөн гэрлэсэн хосуудад олгоно, ганц бие, салсан, хамтран амьдрагч иргэд хамрагдах боломжгүй гэх зохицуулалт нь бодлогын шалгуур нэрийн дор ялгаварлал үүсгэж болзошгүй. Төр тодорхой салбарт ажиллагсдыг (багш, эмч гэх мэт) дэмжих нь нийгмийн бодлогын хүрээнд ойлгогдож болно. Харин гэр бүлийн байдлаар нь ангилан эрх олгох, эрхийг нь буцаан хязгаарлах нь Үндсэн хуулийн тэгш эрхийн зарчимтай зөрчилдөх эрсдэлтэй.

Гэр бүлийн тухай хуульд гэрлэлт сайн дурын үндсэн дээр байгуулагдаж, шүүхээр цуцлагддаг гэж заасан. Хуульд “эдийн засгийн шийтгэл”-ийн тухай ойлголт огт байхгүй. Гэтэл захиргааны журмаар хэрэгжих орон сууцны бодлогоор дамжуулан салалтын үр дагаврыг дордуулах нь гэр бүлийн харилцаанд төр оролцож буй хэлбэр болж хувирна. Гэр бүлийн харилцаа бол хувийн эрх зүйн харилцаа; төр хамгаалах үүрэгтэй болохоос удирдах, айлгах, барих үүрэггүй.

Олон улсын түвшинд ч адил. Universal Declaration of Human Rights-ийн 16 дугаар зүйлд гэрлэлт нь бүрэн чөлөөт, сайн дурын үндсэн дээр байгуулагдана гэж заасан. International Covenant on Civil and Political Rights-ийн 23 дугаар зүйлд гэр бүл нийгмийн үндсэн нэгж бөгөөд төрөөс хамгаалалт авна гэж тунхагласан. “Хамгаалах” гэдэг нь салж болохгүй болгох, салбал эдийн засгийн хувьд шийтгэх гэсэн утга огт биш. Харин ч гэр бүлийн гишүүдийн эрх, аюулгүй байдлыг хангахыг хэлдэг.

Энд нэг бодит эрсдэлийг онцлох ёстой. Хэрэв гэр бүл дотор хүчирхийлэл, дарамт, үл ойлголцол байгаа бол “салбал байрны зээл түрээс болно” гэх нөхцөл нь хохирогчийг шийдвэр гаргахаас айлгаж мэднэ. Орон сууц бол өнөөгийн Монголд хамгийн том эдийн засгийн баталгаа. Түүнийг алдах эрсдэл нь хүнийг хүчирхийлэлтэй орчинд үлдэхэд хүргэвэл энэ бодлого нийгмийн сайн сайхныг бус, эсрэг үр дагаврыг бий болгоно.

Мэдээж төр гэр бүлийг дэмжих эрхтэй. Гэхдээ дэмжлэг нь урамшууллын хэлбэртэй байх ёстойгоос шийтгэлийн хэлбэртэй байж болохгүй. Гэр бүл тогтвортой байвал хөнгөлөлт эдэлнэ гэж урамшуулах нэг хэрэг, харин салбал эрхээ алдана гэж айлгах нь өөр хэрэг. Эхнийх нь бодлого, хоёр дахь нь дарамт.

Эцэст нь хэлэхэд, энэ шийдвэр нь “гэр бүлийг хамгаалж байна” гэх сайхан үгээр халхлагдсан ч Үндсэн хуулиар баталгаажсан салах эрх, ялгаварлан гадуурхахгүй байх зарчимтай зөрчилдөх өндөр магадлалтай. Гэр бүл тогтвортой байх эсэхийг төрийн зээлийн гэрээ шийдэхгүй. Харин эрх чөлөө, тэгш байдал, аюулгүй орчин л шийднэ. Төр гэр бүлийг эдийн засгийн барьцаанд оруулах бус, иргэний сонголтыг хүндэтгэх ёстой.

Сэтгэгдэл үлдээх

САНАЛ БОЛГОХ