АН-ын даргад одоогийн байдлаар зургаан хүн өрсөлдөхөөр яригдаж байна. УИХ-ын гишүүн О.Цогтгэрэл, Ж.Баярмаа, Б.Пүрэвдорж, Л.Мөнхбаясгалан, Ч.Лодойсамбуу, О.Алтангэрэл нар албан болон албан бусаар нэрээ дэвшүүлж өрсөлдөхөө мэдэгдсэн. Намын даргад өрсөлдөх нэр дэвшигчид тавих шалгуурыг тус намын Үндсэн дүрмийн 5.17.4-т зааж өгчээ.
АН-ын Үндсэн дүрмийн 5.17.4 “Намын даргад нэр дэвшигч нь ҮД зөрчиж шийтгэл хүлээгээгүй, намд элсээд 10 жил болсон, тухайн үеийн хүчин төгөлдөр ҮБХ-ны нийт гишүүдийн 10 хувийн дэмжлэг авч, гарын үсэг зуруулсан, намын сонгуульт гишүүн (ҮБХ, ҮЗХ)-ээр 4-өөс доошгүй жил ажиллаж байсан гишүүн байна” гэж заажээ.
ЗАЛУУ ГИШҮҮД ӨРСӨЛДӨӨНИЙ ЭРХЭЭ ОЛЖ АВАХЫГ ХҮСЭВ
Дүрмийн энэ заалтаар бол УИХ-ын гишүүн Л.Мөнхбаясгалан, Ч.Лодойсамбуу, О.Алтангэрэл нар нэр дэвших шаардлага хангахгүй нь. Ийм ч учраас УИХ-ын гишүүн Ч.Лодойсамбуу, О.Алтангэрэл нар саяхан “АН эхлээд намын дүрмээ бүх гишүүдээрээ хэлэлцэж батлуулаад, дараа нь даргаа сонгох ёстой” хэмээн мэдэгдсэн. Тэд “АН гишүүдээрээ дүрмээ хэлэлцүүлсэнгүй. 2017 оны сунгаанаас хойш АН гишүүд дээрээ очсонгүй. Хамгийн эхэнд намын дүрмээ гишүүдээрээ хэлэлцүүлж батлах хэрэгтэй. Гэтэл хэдхэн хүний тулгалтаар намын хурлыг яаран хийж байгаа нь буруу” хэмээн мэдэгдсэн.
Тэдний энэ саналыг УИХ-ын гишүүн Ө.Шижир дэмжин “Ах нарын дүрэмгүй дүрмээр ахиж тогломооргүй байна. Эхлээд дүрмээ шинэчилж улсын дээд шүүхэд бүртгүүлье. Дараа нь даргынхаа асуудлыг ярья. Өнгөрсөн хугацаанд дүрэмгүй мэт дураараа хэдэн жил явлаа. Үр дүнд нь дараалсан сонгуулиудад бүрэн ялагдлаа. Энийг нь ч МАН хүсэж эхлээд Ардчилсан намыг бужигнуулж өөрсдийн эв нэгдлээ хангах гэж байна” хэмээн сошиал хуудсаараа дамжуулан мэдэгдэв. УИХ-ын гишүүн Ч.Лодойсамбуу, О.Алтангэрэл нарыг хамт зогсоод мэдэгдэл хийж буй тухай нэг сэтгүүлч “Тэдний эрх ашиг юун дээр нэгдэж байна вэ” хэмээн асуужээ.
Нэгдүгээрт, тэдний эрх ашиг шинэ дүрмээр намын даргын сонгуульд нэр дэвших эрхээ олж авах эрх ашиг дээр нэгдэж байна. Хоёрдугаарт, залуу улс төрчдийн хувьд хуйвалдааны улс төрийг сөрөн зогсч байж өөрсдийн зам мөрөө гаргах гэх нь ойлгомжтой. Дээр нь мэдээж “Эхлээд намын дүрэм” гэх зарчмаар цаг хожих тактик ч хэрэгжүүлж буй болов уу.
О.ЦОГТГЭРЭЛ ЕРӨНХИЙЛӨГЧИЙН ДЭМЖЛЭГТ БАГТЖЭЭ
АН-ын даргад хамгийн урт удаан хугацаанд бэлтгэсэн, энэ хэрээр намынхаа дотроос талдаа татах хүмүүсээ татсан, өрсөлдөгч намынхаа хүчтэй бүлэглэлтэй хүч хавсран яваа хүн бол УИХ дахь АН-ын бүлгийн дарга О.Цогтгэрэл.
О.Цогтгэрэлийг нэг үе “Женко” Х.Баттулгатай ойр гэгддэг байсан ч одоо бол МАН-ын хамгийн хүчтэй бүлэглэл болох Ерөнхийлөгч У.Хүрэлсүхийн талд гарчээ. Өнгөрсөн зургадугаар сарын эхээр Л.Оюун-Эрдэнийг Ерөнхий сайдаас огцруулахад УИХ дахь АН-ын бүлэг санал хураалтад оролцохгүй байх шийдвэр гаргаж, автоматаар Ерөнхий сайдад итгэл үзүүлэхгүй байх товчлуур “дарагдсан”. Уг үйл ажиллагааг бүлгийн даргын хувьд О.Цогтгэрэл зохион байгуулж, Л.Оюун-Эрдэнийг огцруулахад томоохон хувь нэмрээ оруулсан гэлцэнэ. Тиймдээ ч түүнийг АН-ын дарга болгохыг МАН-ын “том бүлэглэл” алсуураа дэмжиж байгаа ажээ.
Бүр АН дотроо томоохонд тооцогдох “Гранд Монгол” хэмээх фракцуудын нэгдлийн дарга С.Баярцогт хүртэл О.Цогтгэрэлийг дэмжиж байгаа аж. М.Тулгат, Ж.Баярмаа нарын үүсгэн байгуулсан “Open democracy” (Од), 1980-аад оны залуусын үүсгэн байгуулсан “Морьтон” зэрэг фракц, клубүүд нэгдэж, С.Баярцогтын “Гранд Монгол”-д нэгтгэгдэж иржээ. Гэвч С.Баярцогт өөрийн фракцаас нэр дэвшихээ илэрхийлсэн Ж.Баярмааг бус, О.Цогтгэрэлийг дэмжиж байгаа нь томчуудын тохироотой холбоотой гэнэ.
Мөн одоогоос 10-аад хоногийн өмнө УИХ-ын гишүүн Ц.Баатархүү, Б.Түвшин, С.Эрдэнэболд нар ҮБХ-ны 168 гишүүний гарын үсгийг цуглуулж, ҮБХ-ны хурлыг 14 хоногийн өмнө хуралдуулах шаардлагыг Ардчилсан намын Үндэсний бодлогын хорооны дарга, УИХ-ын гишүүн О.Амгаланбаатарт гардуулсан. Энэ нь О.Цогтгэрэлийн талынхны ажиллагаа аж. ҮБХ-г яаралтай хуралдуулна гэдэг ямар нэг хар муур гүйхээс өмнө О.Цогтгэрэлийг хурдхан шиг намын даргаар сонгуулья гэсэн шаардлага.

АРДЧИЛСАН НАМЫН ҮНДЭСНИЙ БОДЛОГЫН ХОРООНЫ ХУРАЛ ХУРАЛДУУЛАХ 168 ГИШҮҮНИЙ ГАРЫН ҮСЭГ БҮХИЙ ШААРДЛАГА ГАРДУУЛЛАА
Ж.БАЯРМААД НИЙГМИЙН ДЭМЖЛЭГ ХҮЧТЭЙ БАЙНА
УИХ-ын гишүүн Ж.Баярмааг нэг удаа УИХ-ын чуулган дээр асуулт асуусны төлөө Ерөнхий сайд асан Л.Оюун-Эрдэнэ “Баярцогтын амаар ярилаа” хэмээн уурссаныг хүмүүс мартаагүй байх. Гэвч нөгөө “амаараа яриулсан” гэх С.Баярцогт нь энэ удаа АН-ын даргад Ж.Баярмааг биш, О.Цогтгэрэлийг дэмжиж буй нь “том эрчүүд”-ийн тоглоом үнэхээр тусдаа байдгийг илтгэнэ.
Харин УИХ-ын гишүүн Ж.Баярмаагийн нийгмийн дэмжлэгт найдсан “Од” клубынх нь үнэнч гишүүд нь түүнийг АН-ын даргад дэмжихээ илэрхийлж, өнөөдөр тэрээр өөрийн сошиал хуудсаараа нэр дэвшин өрсөлдөхөө илэрхийлэв. Тэрээр “Хууль, шударга ёсыг тууштай дээдэлсэн, баян чинээлэг иргэдтэй, уламжлал шинэчлэлийг хослуулсан, хүчирхэг Монголын төлөө Ардчилсан намын даргад өрсөлдөхөөр миний бие шийдвэрлэлээ” хэмээн бичжээ.
УИХ-ын гишүүнээр сонгогдсоноос хойш түүний явуулсан үйл ажиллагаа, хэлсэн үг зэрэг нь олны дэмжлэгийг түүн рүү чиглүүлсэн гэхэд болно. Олон нийт дэмжинэ гэдэг АН-ын масс гишүүдийнхээ дэмжлэгийг ч авч байна гэсэн үг. АН дүрмээ хэрхэн өөрчлөх, Их хуралд жирийн гишүүд ямар нэг нөлөөгүй өөрсдийнхөөрөө оролцох боломжтой эсэхээс УИХ-ын гишүүн Ж.Баярмаа АН-ын даргын өрсөлдөөнд хэр амжилттай оролцох нь хамаарна.
БУСАД ГОРИЛОГЧИД ДЭМЖЛЭГ БАГАТАЙ Ч ТОГЛООМОНД ОРОЛЦОНО
УИХ-ын гишүүн Б.Пүрэвдорж АН-ын даргад өрсөлдөнө гэж буй ч тэрээр нам дотроо ч, гадна талаас ч дэмжлэг багатай. Тиймээс тохиролцоонд ороод нэрээ татах болов уу. Харин Л.Мөнхбаясгалангийн хувьд духан дээр нь “Женко” гээд биччихсэн учир нам дотроосоо дэмжлэг авахгүйгээ мэдэж байгаа. Тиймээс АН-ын хурлыг зүгээр л “үймүүлэх” зорилготой нэрээ дэвшүүлэхээ мэдэгдсэн болов уу.
Харин УИХ-ын гишүүн О.Алтангэрэл “Хууль бус хөрөнгө хураахыг дэмжих хүн гарч ирэхгүй бол АН-ын даргад өрсөлдөнө” гэж мэдэгдсэн. Хууль зүйн сайдаар ажиллаж байхдаа тэрээр авлигачдын хууль бус хөрөнгийг хураана хэмээн олон удаа чанга дуугаар мэдэгдсэн. Цаашид ч түүний улс төр ийм өнгө аястай байх бололтой. Гэвч тэрээр энэ удаа мөн л дэмжлэг авч чадахгүйн зэрэгцээ дээр өгүүлсэнчлэн намын дүрмээр шалгуур хангахгүй. Хэрвээ өмнөх шигээ Л.Оюун-Эрдэнийн засаг хэвээр, О.Алтангэрэл Хууль зүйн сайд хэвээр байсан бол гол өрсөлдөгч байх нь тодорхой.
УИХ-ын гишүүн Ч.Лодойсамбуугийн хувьд бас л дэмжлэг багатай, гэхдээ нэгэнт улстөрд орж ирсэн залуу сэтгүүлчийн хувьд цаашхи зам мөрөө бодож нэрээ дэвшүүлж буй болов уу.
Монголын ардчиллын нэг багана болсон АН-ын даргад өрсөлдөх горилогчидын талаар сураг тавихад нэг иймэрхүү. Мэдээж хүчтэй өрсөлдөгчид нь УИХ-ын гишүүн О.Цогтгэрэл, Ж.Баярмаа нар байх нь тодорхой. Уг нь үнэхээр ардчиллын нэг багана байж бат зогсохыг хүсвэл хуйвалдааны улс төрөөс гарч, жирийн гишүүдийнхээ дэмжлэгийг авах нь зөв алхам. Гэвч энэ удаа тэгэж чадахгүй дүр зураг харагдаж байгаа нь харамсалтай.
Politiko тоймч
4 Сэтгэгдэл
АН МАН ын суганы үс хэвээрээ байхаар дүр зураг гарчээ.
Өнгөрсөн хорвоо болжээ. МАНын хатавчны нам болжээ.
Баярмааг дэмжиж байна
Bayr maag demjih niigem gej haana baih uu ystoi goridvoo