Г.Тэмүүлэн:”Оюутолгой” төсөл дээр Монголын талд гэрээгээр олдсон эдийн засгийн үр өгөөж  буурах ёсгүй

politiko

.

УИХ-ын гишүүн Г.Тэмүүлэн “Оюутолгой”-н сонсголд оролцохдоо дараах байр суурийг илэрхийлэв.

Г.Тэмүүлэн:

Миний хувьд, 2009- 2014 он хүртэлх бүх  бүх гэрээ, хэлэлцээрт оролцож явсан учраас Түр хорооны гишүүдэд тодорхой мэдээлэл өгье гэж хандсан. Гэвч цаг гараагүй юм шиг байна.

Энэ сонсголын дараа  бүх мэдээллээ хуваалцаад,  гарах шийдвэрүүд дээр ярилцахад  бэлэн байна.

Юуны өмнө энэ сонсголоос иргэд ч, УИХ ч зөв мэдээлэл авах нь чухал байна. Бодит мэдээллээр хангах нь гэрээ, хэлэлцээрт орж явсан бүх хүний үүрэг.

16 жилийн хугацаанд найман Засгийн газар солигдсон. Гэхдээ нэг Засгийн газарт сонгуульгүйгээр, улстөргүйгээр урагшаа харж асуудлыг шийдэх хоёр жил л байдаг. Одоо бол урагшаа харж асуудлыг шийдэх зайлшгүй шаардлага байна.

Хамгийн гол нь энэ асуудал дээр Монголын тал нэгдмэл ойлголттой, нэг зарчимтай байх ёстой.  Дотооддоо талцаж, үл ойлголцол үүссэн цаг бүртээ бид алдаж байсан шүү.  2013-2015 он бол үүний илэрхийлэл.   

Оюутолгойн гэрээнд эдийн засгийн сууриар нь өөрчлөлт оруулах зайлшгүй нөхцөл байдал, шаардлага бол үүссэн. Монголын талд гэрээгээр олдсон эдийн засгийн үр өгөөж  буурах ёсгүй.

Сая Оюутолгой  компанийн захирлууд ч бас үгүйсгэж ярьж байх шиг байна. Энийг  протоколдсон, дурдсан, ярьсан хөөрсөн, тэмдэглэсэн зүйл байхгүй гэж яриад байх шиг байгаа юм. Техник эдийн засгийн үндэслэл  бол  гэрээ байгуулах эдийн засгийн нэгдүгээр суурь нь.

Бид хүртэх үр өгөөжийг  ТЭЗҮ дээр суурилж, хөрөнгө оруулалтынхаа гэрээнүүд дээрээ үндсэн зарчмуудыг баримталж хийхдээ энийг хадгалах  зарчмыг баримталсан.

 Мэдээж   яриа хэлэлцээний явцад бас өөрчлөгдөж болно.  ТЭЗҮ хөдөлж болох ч анхны суурь зарчим бол хөдөлгөөнгүй байх ёстой.

Хөрөнгө оруулалтын  гэрээний   заалт болгон чинь хоорондоо уялдаа холбоотой асуудлууд байгаа. Хөрөнгө оруулалтын гэрээ болон техник, эдийн засгийн үндэслэлүүд өөрсдөө салшгүй холбоотой.  

Бид бүр  детальчилж бүх санхүүгийн моделио босгож гаргаж ирж байсан. Тэгж байж ТЭЗҮ боловсрогдоод, тэгээд хөрөнгө оруулалтын гэрээ хүчин төгөлдөр болсон байгаа  шүү.

 Оюутолгойн  захирлуудад онцолж хэлэх гээд байгаа нэг  зүйл нь 2015 оны асуудалд би оролцоогүй.  Дубайн гэрээг эсэргүүцэж байсан гишүүдийн нэг бол би.

 2015 онд  байгуулагдсан  Дубайн гэрээний  2.2-ын Б дээр  “Оюутолгой  төслийн техник, эдийн засгийн үндэслэл эдийн засгийн үр ашгийн хуваарилалт нь  2010  оны ТЭЗҮ-д тооцсон тооцоололтой нийцэж байгаа ба үүнтэй холбоотойгоор Монгол Улсын Засгийн газар  нь Оюутолгой төсөл  хэрэгжих хугацаанд төслийн нийт үр ашгийн 53 хувийг татвар, ашигт малтмал, нөөц ашигласны төлбөр  хэлбэрээр авахыг цохон   тэмдэглэж байна”  гэж байгаа.

Хэдийгээр Дубайн гэрээ луйврын гэрээ болсон ч та бүхэн энэ  гэрээн дээр  ингэж онцолж цохож тэмдэглэсэн байгаа шүү.

Цаашид  бидний  баримтлах зарчим чинь үндсэндээ үр өгөөжийн асуудал.   Миний мэдэхийн л лав 2009-2015 он хүртэлх хийгдсэн бүх хэлэлцээр дээр бид энэ үр өгөөжийн түвшинг байнга ярьсан, бүх протокол дээр байгаа. Танай захирлууд   бас хүлээн зөвшөөрч хийсэн протоколууд манай талд бас байгаа. Тэгэхээр хөдөлгөөнгүй мөрдөгдөх зарчим бол  бид үр өгөөжийн асуудлаа л ярина. Оюутолгой төсөл бизнесийн харилцаа юм бол цаашид бизнесийнхээ зарчмаар, харилцан ашигтай байх асуудлаа л ярих ёстой.

Сэтгэгдэл үлдээх

САНАЛ БОЛГОХ