2025 оны онцлох: Л.Оюун-Эрдэнийн Засгийн газар огцров

politiko

МАН 2024 онд 68 суудал авсан хэдий ч 42 суудалтай АН, зургаан суудалтай ХҮН-тэй хамтарч Засгийн газар байгуулсан. Гэвч нэг жил шахам хугацаанд ажиллаад 2025.6.3-нд огцров. Л.Оюун-Эрдэнэ 2021 онд  Ерөнхий сайдаас буусан  У.Хүрэлсүхийг  залгамжлан  Ерөнхий сайдаар томилогдож байв. Удалгүй хоёрдугаар сард нь МАН-ын даргаар сонгогдсон. 2017 оны Ерөнхийлөгчийн сонгууль, 2018 оны МАНАН-тай тэмцсэн “Шударга тав”-ын жагсаал,  Үндсэн хуулийн өөрчлөлт  гэх мэт улс төрийн гал бүрийг барьж явсны учир  ямартай ч    32,33 дахь Ерөнхий сайдаар томилогдсон. 

Гэвч хамтарсан Засгийн газрыг байгуулж, том, том төслүүд хөдөлгөж, бяр нь амтагдаж,сошиалын ил, далд популизм нь ч хэрээс хэтэрсэн. Ц.Элбэгдорж тэргүүтэй МАНАН бүлэглэлтэй олон жил амаараа тэмцсэн ч амьдрал дээр авлига буурсангүй. УИХ-д үг хэлсэн, шүүмжилсэн гишүүдийг хүртэл сошиалаар шүүж, доромжлон гутааж,  ерөнхийдөө л айдаст автуулах зорилготой мэт болсон байв.

Politiko сонин Л.Оюун-Эрдэнийн талынхны энэ хандлагыг “Авлигын эсрэг популизм” гэж оношлон, хоёр дахь дугаарын гол нийтлэлдээ өгүүлсэн. Авлигажсан улс орнуудад нэг хүн аврагчаар тодорч гарч ирдэг бөгөөд популист хандлага нь даамжирсаар авлигатайгаа ч олигтой тэмцэж чаддаггүй тухай.

Ингээд тавдугаар сард урд хөршид гэрээ байгуулж явахад нь  Л.Оюун-Эрдэнийн Засгийн газрыг огцруулах галт тэрэг ер нь хөдөлсөн байв. Түүний хүүгийнх нь  найз охиндоо өгсөн үнэтэй бэлэгнүүд сошиалд шуугиан тарьж, “орлогоо нотол” шаардлага идэвхжиж, улмаар “Огцрох амархан” жагсаал болж өргөжив.  

Энэ үед гэнэт АН хамтарсан Засгийн газрын гэрээг зөрчсөн гэх асуудал босч ирж, тавдугаар сарын 22-нд МАН-ын Бага хурлаар гэрээгээ зөрчсөн АН-ыг засгаас гаргав. Хамтарч засаглаж байгаа хэрнээ Ерөнхий сайдыг огцруулах асуудлыг нэр бүхий гишүүд нь удаа дараа босгож ирснийг гэрээ зөрчсөн гэж үзэв. Тус хурал дээр Л.Оюун-Эрдэнэ “Хэрэв АН-ыг засгаас гаргавал өөрөө Ерөнхий сайдын албаа өгнө” хэмээн хэлжээ. Тэр үеэр нэг талаас Л.Оюун-Эрдэнийг огцруулах, нөгөө талаас хамгаалах жагсаал, цуглаан зэрэгцсэн.  Харин Ерөнхий сайдын зүгээс  14 мега төсөл, Баялгийн сан зэрэг асуудлыг хэрэгжүүлэхэд УИХ-ыг  итгэл үзүүлээч гэсэн утгатай тогтоолын төслийг тавдугаар сарын 29-нд УИХ-д өргөн барьсан. Зургадугаар сарын 3-ны үүрээр өндөрлөсөн УИХ-ын чуулганы хуралдаанд оролцсон 82 гишүүний 44 нь Ерөнхий сайдад итгэл үзүүлэхийг дэмжсэн.

Гэвч АН-ын бүлэг ирцээ бүртгүүлээд гарч явсан тул тэдний санал хураалтыг дэмжээгүйд тооцож, Л.Оюун-Эрдэнэ огцров. Уг чуулганы хуралдаанд Ерөнхийлөгч У.Хүрэлсүх оролцож, үг хэлсэн бөгөөд ерөнхийдөө Засгийн газрыг огцруулах зорилгоо илэрхийлсэн.  Тэрээр “Би энэ Засгийн газрыг тултал нь дэмжсэн шүү. Харин яагаад тарсан бэ гэдгийг надаас биш, Ерөнхий сайдаасаа асуух хэрэгтэй” гэсэн. 2024 оны сонгуулийн  дараа хамтарсан Засгийн газар байгуулах тохироог  Л.Оюун-Эрдэнэ, АН-ын Х.Баттулга нар аль сонгуулийн өмнө хийсэн гэх яриа ч гарч байлаа.

2008 онд МАН-ын дарга С.Баяр ялагдсан АН-тай хамтарч “стандарт бус” Засгийн газар байгуулсан бөгөөд тэр хамтрал нам дамнасан МАНАН бүлэглэлийг үүсгэсэн гэлцдэг. Тэгвэл 2017,2018 оноос  МАНАН-тай тэмцэж, МАНАН-г буулган байж гарч ирсэн Л.Оюун-Эрдэнэ нар АН-ын зүүн жигүүрийн бүлэглэлтэй хамтарсан нь МАНЖ бүлэглэлийг үүсгэсэн гэж эсрэг тал нь нэрлэсэн.

  Арваннэгдүгээр сарын 15-нд МАН-ын Их хурал дээрээ Л.Оюун-Эрдэнэ “100 жилийн түүхтэй МАН-аа нэгэн зуунаас шинэ зуунд ялалтаар түүчээлж чадсан, Олон жил гацсан мега төслүүдээ хөдөлгөж эхэлсэн,”Шинэ сэргэлтийн бодлого” эхлэхэд  эдийн засгийн багтаамж 37 их наяд байсан бол өнөөдөр 80 гаруй их наядад хүрч, ДНБ хоёр дахин тэлсэн. 21 жил яриа төдий байсан Гашуунсухайт-Ганцмод мод боомтын хил холболт амжилттай хөдөлсөн, 1997 оноос хойш яригдсан ураны төсөл төслөө урагшлуулсан, Эрдэнэбүрэнгийн УЦС-ын зээлийн гэрээ эцэслэн батлагдаж, бүтээн байгуулалтын ажил эхэлсэн” гэх мэтээр ололт, амжилтаа хуваалцсан.Үндэсний баялгийн сан ба баялгийн шударга хуваарилалтыг хийхэд бүх бодлогоо чиглүүлсэн гэдгээ тэрээр тэмдэглэсэн юм. Мөн Л.Оюун-Эрдэнэ намаа болон шинэ намын даргаа бүх талаар дэмжиж ажиллахаа хэлсэн. Гэвч тэр цагаас хойш Төрийн ордонд үзэгдсэнгүй.

Сэтгэгдэл үлдээх

САНАЛ БОЛГОХ