УИХ-ын дарга Н.Учрал ОХУ-д айлчилж байгаа билээ. Гэтэл ОХУ-ын ТАСС агентлагийн мэдээнд УИХ-ын дарга Н.Учралыг “ОХУ-аас Монголд цагаачилж очсон цагаач гэр бүлийн удам” хэмээн бичжээ.
Энэ талаар УИХ-ын Тамгын газрын Хэвлэл мэдээллийн газрын дарга Б.Төгсбаяр “Улсын Их Хурлын дарга Ням-Осорын Учралын удам угсаа, гарал үүслийн талаарх мэдээлэл нь бодит байдалтай нийцэхгүй, алдаатай болохыг албан ёсоор мэдэгдэж байна.
Улсын Их Хурлын даргын намтар, боловсрол, ажил мэргэжлийн талаарх мэдээлэл нь нээлттэй эх сурвалжуудад тодорхой байдаг.
Хувь хүний гарал үүслийн талаар ташаа, баталгаагүй мэдээлэл түгээх нь ёс зүйн хувьд зохисгүй үйлдэл.
Ийм төрлийн мэдээлэл нь албан ёсны намтар, баримт бичигт огт тусгагдаагүй болно.
Бид олон улсын хэвлэл мэдээллийн байгууллагуудад мэдээллийн үнэн зөв байдлыг нягталж, хүний хувийн нэр төр, алдар хүндэд хүндэтгэлтэй хандахыг уриалсаар байгаа.
ТАСС агентлаг уг алдаатай мэдээллээ залруулна гэдэгт итгэж байна” хэмээн байр сууриа илэрхийлжээ.
