Жирийн иргэн дугуй засварын газар ажиллуулж мөнгө олохоор шийдлээ. Гэвч зөвшөөрөл авах том даваатай тулгарч, хэдэн сараар хүлээж, хэцүү бэрхийг туулдаг тухай бүгдээрээ ярьцгаадаг. Дугуй засвараар жишээлсэн болохоос бүх салбарын бүх жижиг,дунд бизнесийнхэнд тулгардаг бэрхшээл.
Мэдээж зөвшөөрөл өгөгч төрийн байгууллагын ажилтан, дарга нарт эрх мэдэл нь байгаа учраас хүнд суртлын аппаратаа яаж ийгээд ажиллуулж, авлига салгахаа мэдэлгүй дээ.
Ерөөсөө хариу өгөхгүй, эсвэл элдэв өө хайгаад байх юм бол ямар нэг юм “нэхээд” байна гэсэн үг.
Бизнес эрхлэгчдэд чөлөөтэй орон зай алга, төрийн дарамт их байнаа гээд яриад байдаг чинь ийм учиртай.
Тийм учраас УИХ-ын дарга Н.Учралын “Чөлөөлье” санаачлагын хүрээнд Зөвшөөрлийн тухай хуульд нэмэлт өөрчлөлт оруулах төслийг боловсруулжээ.
УИХ-ын гишүүн Х.Ганхуяг, Д.Энхтүвшин, Б.Заяабал нарын гишүүдийн боловсруулсан уг хуулийн төслийн хэлэлцүүлэг гурван өдөр болох бөгөөд өнөөдрөөс эхэлжээ.
Хуульд шинээр орж байгаа нэмэлт, өөрчлөлт дараах гол агуулгатай аж.
Нэгд, Эрсдэл багатай үйл ажиллагааг заавал төрөөс зөвшөөрөл авахгүйгээр, зөвхөн мэдэгдэх хуудас илгээгээд эхлүүлэх боломжтой болно. УИХ-ын дарга Н.Учралын ярьснаар бол, жишээ нь дугуй засвар, оёдол зэргийг эрхлэхдээ иргэн хүн гар утсаараа “Би ийм үйл ажиллагаа эрхэлж эхэллээ” гэж мэдэгдээд л болоо.
Хоёрт, Бүх зөвшөөрлийг цахимаар авдаг болж, цаас барьж, даргын үүд сахидаг байдал түүх болж үлдэх гэнэ. Төр өөрөө төрд байгаа мэдээллийг иргэнээс нэхэхгүй гэсэн үг. Иргэний мэдээлэл төрд байсаар байтал иргэний үнэмлэхээ наториатаар батлуулаад ир гэдэг зүйл байхгүй болноо гэсэн үг.
Гуравт, Хэрэв таны үйл ажиллагаанд ямар нэгэн зөрчил байхгүй бол тусгай зөвшөөрлийг шууд сунгадаг болно.
Одоо хүчин төгөлдөр байгаа Зөвшөөрлийн тухай хуулиар 251 “тусгай зөвшөөрөл”, 130 “энгийн зөвшөөрөл”, нийт 381 төрлийн зөвшөөрөл олгож буй ажээ.
Зөвшөөрлийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах төслөө хууль санаачлагчид өнгөрсөн оны 12 дугаар сарын 17-нд өргөн барьжээ.
Зөвшөөрлийн хуулийг эндээс, нэмэлт орж буй заалтуудыг эндээс үзнэ үү.