Чөлөөт худалдааны 3 жилийн түр хэлэлцээрийг харилцан ашигтай хэрэгжүүлэх талаар санал солилцов

politiko

УИХ-ын гишүүн, ХХААХҮ-ийн сайд М.Бадамсүрэн Оросын Холбооны Улсаас Монгол Улсад суугаа Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд Алексей Николаевич Евсиковыг хүлээн авч уулзлаа.

Хоёр орны хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн салбарын хамтын ажиллагаа, худалдааг өргөжүүлэн хөгжүүлэх боломж, цаашид хамтран хэрэгжүүлэх ажлын талаар илэн далангуй санал солилцов.

Евро Азийн эдийн засгийн холбооны чөлөөт худалдааны 3 жилийн хугацаатай түр хэлэлцээрийг харилцан ашигтай хэрэгжүүлэхэд тус салбарын оролцоо, үр дүнг сайжруулахад анхаарах зүйлүүдийг голлон ярилцлаа.

Монгол Улсаас ОХУ-д малын мах, лаазалсан махан бүтээгдэхүүн, ноос ноолуур, арьс ширэн эдлэл, гутал, чацарганы экспортыг нэмэгдүүлэх, ОХУ-аас манайд үрийн буудай, азотын бордоо, газар тариалангийн техник тоног төхөөрөмж нийлүүлэлтийг тус тус нэмэгдүүлэх боломжтой байна.

Мөн тус салбарын боловсон хүчин тэр дундаа малын эмчийн мэргэжлээр ОХУ-д оюутан суралцуулах, манайд малын эрүүл мэндийн төсөл хэрэгжүүлэх, Монгол Улсын аж ахуйн нэгжүүд ОХУ-ын томоохон хотуудад мах, ноос ноолуур, арь ширэн эдлэлийн үзэсгэлэн гаргахыг урих зэргээр ноён Элчин сайд саналууд дэвшүүллээ.

Манай талаас Монгод Улсын хөдөө аж ахуйн гаралтай бүтээгдэхүүнийг ОХУ-ын зах зээлд борлуулахад бүх талын дэмжлэг үзүүлж, хамтран ажиллахыг хүсэхийн сацуу иргэд, малчид, тариаланчдад шатахууны хомсдол тулгараад байгаа тул нийлүүлэлтийг нэмэгдүүлж өгөх хүсэлтийг уламжилсан байна.

Сэтгэгдэл үлдээх

САНАЛ БОЛГОХ