-АН-ын ҮБХ намынхаа Ерөнхий нарийн бичгийн даргыг сонгож чадсангүй-
Монголын улс төрийн тулах хоёр баганын нэг нь АН гэлцдэг. Социализмд дангаар ноёрхсон далан жилийн бааз суурьтай МАН-тай өрсөлдөх хүчний хувьд олон түмэн ардчиллын тулах хоёр баганын нэгээр өргөмжилж, дэмжиж байсан цаг бий.
Гэвч сүүлийн гурван сонгуулийн хугацаанд буюу 10 жилд тэд тулах багана болох нь битгий хэл, намаа бэхжүүлэх, улс төрөө засах юу ч хийсэнгүй. Бүлэглэж явсныхаа хүчинд 2024 оны сонгуулиар МАН-ын нэг бүлэглэлтэй хамтран засаг барьсан ч өнгөрсөн жил засгаас “хөөгдөж”, шинэ даргатай болоод энэ жилээс л бага сага сэргэж байх шиг. Гэхдээ л хуучин хагарлын ан цав хэвээр, тэр нь хагарч цуурчих гээд байх шиг. Ардчиллын 36 жилийн түүхэнд АН гэдэг нам хичнээн олон намыг өөртөө багтаалаа, бас хэчнээнийг ч эгнээнээсээ гаргаж, тусад нь нам болгосон билээ.
Энэ нь АН-ыг дотооддоо олон фракц, бүлэглэл болон хуваагдах гол нөхцөл болсоор ирсэн. Тэгэхдээ тэр фракц, бүлэглэлүүдийн дотоод тэмцэл нь тус намыг ардчилалтайг харуулах том баталгаа болдог.
Гэвч АН-ын дотоод ардчиллын энэ баталгааг 2012-2016 онд буюу хамгийн сүүлд эрх барьж байх үеийнх нь дарга З.Энхболд механикаар устгасан билээ. Ингэж олон намын нэгдэл болсон АН дүрмээсээ фракцуудыг авч хаяснаар ямар том алдаа хийснээ хожим бүгд ухаарсан гэж болно. Хоорондоо учраа олох дүрэмгүй болсны улмаас нам нь “Женко”-гийн тоглоом болж, улам сарнисан уу гэхээс бэхжээгүй.
Нэг сүрхий бөх “Энэ мэхийг хорьсон ч хийнэ, хориогүй ч хийнэ” гэсэн гэдэг шиг АН-ынхан хорьсон ч фракцлана, хориогүй ч фракцлана гэдэг юм. Тийм л учраас дүрэмгүй бүлэглэл үүсгэснээс дүрэмтэй фракцтайгаа байгаад, дүрэм, журмаа тохироод явсан бол жинхэнээсээ Монголын ардчиллын тулах багана болоод, МАН-тай ард түмнийхээ өмнөөс “тулалдаж” байхсан. Харамсалтай нь О.Цогтгэрэл үүнийг ойлгохгүй байна. Хэрвээ ойлгочихвол ямар арга замаар дараагийн эв нэгдлээ бодох вэ, ядаж ажлаа хэвийн явуулах вэ гэдэгт гарц, гаргалгаа хаймаар.
Харамсалтай нь АН энэ удаа ирэх сонгуулиудад ялахаа тунхаглаж, “алаагүй баавгайн арьс хуваах” гэгчээр үзэж тарж байна. Тус намын дарга О.Цогтгэрэл өөрийн гэсэн фракцаа томруулчих санаатай ч бусад фракц, бүлэглэлүүд түүнд тийм боломж олгохгүй байна. Тухайлахад, өнгөрсөн гуравдугаар сард болсон АН-ын ротаци буюу Үндэсний бодлогын хорооны дотоод сонгуулийн өмнө, хойно ямар их хэл ам, хэрүүл тэмцэл гарав. Зарим үед эрх баригч МАН-ын дотоод тэмцлийн шуугианыг хүртэл тэдний хэрүүл, маргаан дарж байсан гэвэл худал болохгүй.
Ямар ч байсан өнгөрсөн долоо хоногт Их хурлаа хийж, шинээр бүрдүүлсэн Үндэсний бодлогын хороо /ҮБХ/-гоо хуралдууллаа. Гэвч хамгийн түрүүнд хийх ёстой чухал ажил болох намынхаа Ерөнхий нарийн бичгийн дарга, дэд дарга нараа томилж чадсангүй.
Үүний ард нөгөө л фракц, бүлэглэлүүд зогсож байгаа. Арван жил засгийн эрх барьсан МАН арваад жижиг фракц, хоёр том бүлэглэлтэй болсон гэлцдэг. Тэгвэл АН тэднээс дутахгүй хэмээн үзэлцэх. Зарим хүний ярьснаар бол, нэлээд олон фракцууд хүмүүсээ ҮБХ-ндоо оруулсан бөгөөд тэд эрх ашгаараа нийлэн томорсон гэнэ. Тиймээс ч О.Цогтгэрэлийн генсект зүтгүүлсэн Д.Амарбаясгаланг ҮБХ-ны 147 гишүүн дэмжсэн ч 153 нь эсэргүүцжээ. Мөн түүний дараа нэрийг нь дэвшүүлсэн А.Батпүрэвийг ч сонгохгүй нь тодорхой учир санал хураагаагүй гэнэ. Ингээд ирэх сард асуудлыг шийдэхээр хойш тавьжээ.
“Арайхийж нэг болгосон намыг минь дахиад битгий тараагаад хаячих” хэмээн өмнөх дарга Л.Гантөмөр нь О.Цогтгэрэлдээ байнга хэлж байгаа гэнэ. Ялгаа нь гэвэл Лу.Гантөмөр МАН дахь “Женко”-гийн бүлэглэлтэй хавсарч, эрх мэдлийн зангилаан дээр намаа нэгтгэсэн. О.Цогтгэрэлийн хувьд, ирэх ялалтын бялууг зүүдэлж яваагаараа ялгаатай ажгуу.
АН-ын ҮБХ-ны гишүүдийн төлөөлөл тухайлахад, Н.Амаржин “Намын генсекийг сонгохдоо тал талын эрх ашгийг хангах ёстой” гэсэн бол лайвчин Д.Мөнх-Эрдэнэ “О.Цогтгэрэл өөрийнхөө компанийн туслахыг ЕНБД-д зүтгүүлэх гэж оролдсон” гэж шууд буруутгасан. Мөн УИХ-ын гишүүн Ө.Шижир “А.Батпүрэвийг АН-ын ЕНБД-д дэмжиж байгаа ч намын гишүүдийн олонх нь эсрэг байна” гэлээ.
АН-ын ҮБХ-ны нийт гишүүдийн олонх, ер нь АН-ын гишүүдийн хувьд намын Ерөнхий нарийн бичгийн дарга бол намынхаа өдөр тутмын үйл ажиллагааг удирдаж, хөрөнгө мөнгө босгох чадалтай байх ёстой. Тиймээс бүх фракц, бүлэглэлүүдийн дундажийг олдог, тэдэнтэй ярилцаж асуудлыг шийдвэрлэх чадвартай байх ёстой гэлцэж байна. Ер нь бол АН-ын дарга, генсек нь 2008-2012 оны Н.Алтанхуяг шиг бүх фракцийн дундажийг олдог чадвартай байх ёстой л гээд байх шиг. Гэвч тийм хүн одоогоор гарч ирээгүй учраас сонголтоо хийж чадсангүй. Хүн гарч ирэх ч юу байхав. АН-ын дарга О.Цогтгэрэл бусад фракц, бүлгийнхэнтэйгээ тохироо хийж, “эвцэлдүүлж” чадаагүй учраас тэр.
Сошиалаар хуучин МАНАН-гийн талынхан С.Баярцогтыг АН-ын генсекээр томилох ёстой гэсэн мессэж ч түгээв. С.Баярцогт ч намайг генсек болгох гэвэл би шууд хүлээн зөвшөөрнө гэж яваа. С.Баярцогт нарын хувьд одоо МАН-д хүчирхэгжсэн Ерөнхийлөгч У.Хүрэлсүхийнхэнтэй хамтарч явахаар ирээдүйн улс төрөө зурагласан нь нууц биш. Тэгэхээр О.Цогтгэрэлийн хувьд цаашдаа С.Баярцогт нартай нийлж явах, эсэхээс түүний хувь заяа шийдэгдэх болов уу. Учир нь “жийгдсэн” бүлэглэл нэлээд бяртай эргэн ирж буй.
АН-ын ҮБХ-ны хуралтай зэрэгцэн Соёлын төв өргөөнд АН-ын Онц их хурал гэгчийг хийж, О.Цогтгэрэлийг намаас хөөж байгаагаа зарласан Б.Хурц нарын мессэж алсдаа бол О.Цогтгэрэлийг үгэнд орохгүй бол “алнаа” гэсэн үг. Нэгэнт нэр нүүрээ барсан Б.Хурц үнэндээ бол бүлэглэлийнхээ төлөө буюу С.Баярцогт нарын төлөө ажиллаж буй хэрэг.
Ямар ч үнэт зүйлгүй, үзэл бодолгүй, ердөө л эрх мэдэл авах тулааны илрэл ч гэж болно. Үнэхээр АН бол Монголын ардчиллын тулах багана гэсэн үзэлдээ нэгдсэн бол Онц их хурал гэх мэт элгийн юм хийхгүй, хурал дээрээ асуудлаа яриад нэг тийш болгох байсан юм.
О.Хуяг