АН-ын анхны Хяналтын Ерөнхий хороо хүлээн зөвшөөрөгдсөнгүй

politiko

Улстөрийн намын тухай хуулиар намууд Хяналтын Ерөнхий хороотой байхаар хуульчлагдсан. УИХ дахь сөрөг хүчин АН өнгөрсөн өдрүүдэд Их хурлаа болон ҮБХ-ны хурлаа хуралдуулсан.

Энэхүү хурлаасаа тус нам анх удаа Хяналтын Ерөнхий хороог 15 гишүүний бүрэлдэхүүнтэйгээр сонголоо. Тус хороо анхны хурлаа хийж З.Энхболдыг даргаараа сонгосон гэнэ.

Чөлөөт суудалд 27 нэр дэвшигч, эмэгтэйчүүдийн суудалд 12 нэр дэвшигч өрсөлдсөн аж. Тэднээс 9 эрэгтэй, 6 эмэгтэй буюу Д.Ганхуяг, Ш.Түвэндорж, Д.Цэндсүрэн, З.Энхболд, С.Од-Эрдэнэ, Х.Ержан, Д.Батцогт, Т.Батчулуун, П.Ганхуяг, Л.Нарантуяа, Ч.Цасчихэр, Д.Үүрийнтуяа, Ц.Одонтунгалаг, А.Долгормаа, А.Жаргал нарыг ХЕХ-нд сонгогджээ.

Намынхаа дотоод хяналт, сахилга хариуцлагыг бэхжүүлэх зорилгоор байгуулагдсан Хяналтын Ерөнхий хороонд орогсод болон даргад нь АН-ын олон гишүүд ам муутай байна. Тэднийг хараат бус, шударга хяналт тавьж чадахгүй, зөрчил маргааныг хуулийн дагуу шийдвэрлэх чадамжгүй гэх хүмүүс ч олон байна. Учир нь “Женко” хэмээх Х.Баттулгын ойр тойрны нөхдүүд олонх нь байгаа аж.

Хяналтын Ерөнхий хорооны дарга болсон З.Энхболдын хувьд гэхэд л “нүүрсний” гэх  хэрэг нь шүүх дээр өнөөдрөөс яригдаж байна.

Шүүх сайд асан Б.Энх-Амгалан, З.Энхболд нарыг албан тушаалын байдлаа урвуулан ашиглаж, бусдад давуу байдал бий болгоход хамтран оролцсон хэмээн буруутайд тооцож, нийтийн албанд томилогдох эрхийг таван жилээр хасч, 40 сая төгрөгрөөр торгох шийтгэл оногдуулж байсан. Харин давж заалдах шатны шүүх уг тогтоолыг хүчингүй болгож, хэргийг дахин анхан шатны шүүхээр хэлэлцүүлэх шийдвэр гаргасан. Энэ дагуу анхан шатны шүүх З.Энхболдыг цагаатгаж, Б.Энх-Амгаланд хоёр жил хорих ял оноосон.

Давж заалдах шатны шүүх хэргийг дахин хэлэлцээд анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож, дахин анхан шатны шүүхээр шийдвэрлэхийг даалгасан.

Тиймээс өнөөдөр Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны тойргийн шүүх тус хэргийг хэлэлцэж байна.

Энэ талаар АН-ын гишүүн, “лайвчин” Д.Мөнх-Эрдэнэ лайваараа ярьж, шүүхийн шийдвэрээс урьтаж, ял авахгүйн тулд АН-ын Хяналтын Ерөнхий хороонд соногдохын төлөө үхэн хатан явна гэж байлаа.

Уг нь Улс төрийн намын тухай хуульд зааснаар болон ерөнхий зарчмаараа намын дэргэдэх Хяналтын ерөнхий хороо нь намынхаа дүрмийг сахиулах гол үүрэгтэй. Гэвч З.Энхболд очсоноор наймаа, хуйвалдааны газар боллоо хэмээн хүмүүс шүүмжилж байна.

Сэтгэгдэл үлдээх

САНАЛ БОЛГОХ