Засгийн газраас Туулын хурдны замыг зогсоож, Х.Нямбаатар харин нам дамнасан бүлэглэл үүний ард байгаа гэв

politiko

Засгийн газрын өнөөдрийн хуралдаанаас 2.3 их наядын өртөгтэй Туулын хурдны зам төслийг зогсоох шийдвэр гаргалаа.
Баянзүрхийн товчоо, Улаанбаатар-Налайх чиглэлийн авто замаас баруун аймаг руу салдаг Аюулгүйн тойрог хүртэл зургаан эгнээ, 32 километр урт үргэлжлэх уг замын бүтээн байгуулалтын ажил өнгөрсөн гуравдугаар сарын 17-нд эхэлсэн. Нийт 12.800 урт метр хүчитгэсэн төмөр бетон гүүр, найман байршил огтлолцол, долоон байршилд 369 урт метр туннел, долоон орц гарцтай уг замыг 2027 оны зун нээхээр төлөвлөж байгаагаа Улаанбаатар хотын Засаг дарга Х.Нямбаатар нээлтийн үеэр хэлж байлаа.
Гэвч Туулын хурдны замын бүтээн байгуулалт эхэлсэн үеэс нэр бүхий идэвхтэнүүд, иргэдийн төлөөлөл уг төслийн байгаль орчинд үзүүлэх нөлөөллийг эсэргүүцэж, олон удаагийн цуглаан, жагсаал, мөн сошиал хөдөлгөөн өрнүүлсэн.
Тэр үеэс Туулын хурдны замын өртөг өндөр, яг хурдны зам мөн, биш, Улаанбаатарчуудын ундны усны гол эх үүсвэр болох Туул голын “амийг тасдана” , яагаад Хятадын комданиар хийлгэж байна гэх мэтээр хэлэлцүүлэг өрнөсөн бөгөөд удаа дараа Засгийн газарт ч шаардлага тавьсан.


Өнөөдрийн Засгийн газрын хуралдаанаар уг төслийг зогсоох шийдвэр гаргасан бөгөөд ЗГХЭГ-ын дарга Б.Батцэцэгийн мэдээлснээр, Ерөнхий сайд болон Засгийн газрын нэр дээр иргэд, олон нийт, судалгаа, шинжилгээний байгууллагуудаас нийт 300 гаруй өргөдөл, гомдол иржээ.
Тийм учраас энэ эргэлзээ тээнэгэлзэлийг хуулийн байгууллагаар шалгаж, тогтоох хүртэл уг төслийг зогсоох шийдвэр гаргажээ. Улс төрийн зарим намаас шаардлага ирснийг ч дурдав.
Мөн Засгийн газраас дээрх өргөдөл,гомдлын заримыг холбогдох газар хүргүүлж байгаагаа ч хэлэв.

Х.НЯМБААТАР: МАНАЙ НАМЫН ЗАРИМ БҮЛЭГЛЭЛ ТУУЛ ТАВИГДВАЛ Х.НЯМБААТАР ДИЙЛДЭХГҮЙ ГЭСЭН АЙДАСТ АВТСАН


Уг төслийг зогсоох Засгийн газрын шийдвэр гарахаас нэг цагийн өмнө төслийг хэрэгжүүлэгч Х.Нямбаатар фэйсбүүктээ
дараах бичвэрийг оруулжээ.

“Нам дамнасан, асар их санхүүжилт, эрх мэдэлтэй, сошиалыг бүхэлд худалдаж авсан бүлэглэлтэй тэмцэж, их бүтээн байгуулалтуудыг урагшлуулах гэж зүтгэж байгаагаа эрхэм Улаанбаатар хотын иргэддээ сонордуулж байна.

Туулын замын Байгаль орчны нарийвчилсан үнэлгээ өнгөрсөн жил бүх мэргэжлийн байгууллагуудаар батлагдсан. Гүйцэтгэгчийг сонгон шалгаруулах нээлттэй тендер 3 удаа зарлаж, хамгийн боломжит санал өгсөн, туршлагатай гүйцэтгэгчийг хуульд нийцүүлж сонгон шалгаруулсан болно.
Гүйцэтгэгчид хуульд нийцүүлж банк, даатгалын баталгааг үндэслэж урьдчилгаа төлбөр өгсөн. Цаашид гүйцэтгэлээр санхүүжилтийг шуурхай олгож байж төсөл хугацаандаа орно.

Манай намын зарим бүлэглэл Туул тавигдвал Нямбаатарын улс төрийн карьер дийлдэхгүй гэсэн айдсууд нийлээд асар их хөрөнгө хүч хаяж хөлсний жагсагчид, сошиал багуудыг ажиллуулж бна. Надад та бүгдийн бодож байгаа шиг элдэв амбиц алга гэдгээ атаархагчид, сөрөг хүчиндээ илэрхийлье. Надад ганцхан амбиц байна. Тэр нь Улаанбаатарыг түгжрэлгүй утаагүй болгох юм.
Яг нэг жилийн өмнөх технологиор үр хүүхэд рүү минь хүртэл дайрч давшилж эхэлж байна. Яасан их эрх мэдэл, хөрөнгөө хамгаалахаар улайрч байнаа, та нар. Улсын хөгжил, ард түмний эрх ашгаа бага атугай бодоочээ бүлэглэлүүд, МАНАНгуудаа.
Миний бие Улаанбаатарчуудад амалсан түгжрэл бууруулах зорилгоосоо нэг ч алхам ухрахгүй” гэжээ.

Сэтгэгдэл үлдээх

САНАЛ БОЛГОХ