Унгарын парламентын сонгуульд сөрөг хүчний “Тиса” нам парламентын 199 суудлаас 138-ыг нь авч, ялалт байгуулжээ.
Тус намын дарга 45 настай Петер Мадьяр Будапешт хотноо үг хэлэхдээ “Бид Унгарыг чөлөөллөө, бид эх орноо эргүүлэн авчирлаа” гэв. Түүнийг үг хэлж байхад дэмжигчид нь “Европ”, “Европ” хэмээн уухайлж байсан гэнэ.
16 жил засгийн эрх барьсан Виктор Орбаны Фидес нам парламентад 49-55 суудал авчээ. Орбан Оросыг дэмжигч байр сууриараа алдартай бөгөөд Европын Холбооноос Украинд үзүүлэх тусламжийг эсэргүүцэж, олон ч шийдвэрт нь хориг тавьсан.
Улс орноо нэн тэргүүнд тавих бодлогын хүрээнд Дональд Трампын цагаачлалын бодлогыг дэмжиж байсан тул Трамп дэд ерөнхийлөгчөө хүртэл илгээсэн билээ.
Гэвч сонгуулиар 62 настай Виктор Орбан нам ялагдаж, 45 настай Петер Мадьяр гарч ирлээ.
Петер Мадьяр нь өмгөөлөгч мэргэжилтэй, өмнө нь Орбаны удирдсан “Фидес” намын залуучуудын жигүүрийн гишүүн байжээ.
Илтгэх урлагийг гарамгай эзэмшсэн тэрээр 2024 оноос хойш шаргуу ажиллаж, нэр хүндтэй лидер болжээ.
Фидес намынхан цахим орчинд сайн ажиллаж, мөрийн хөтөлбөрөө YouTube сувгаар олон нийтэд танилцуулах зэргээр ажилласан нь амжилт олох нэг түлхүүр болжээ.
Тус нам мөрийн хөтөлбөртөө авлигаас ангижруулах, хууль дээдлэх ёс, ардчиллыг сэргээх, Унгар улсыг Европын Холбоо, НАТО-гийн найдвартай холбоотон болгох, эрүүл мэнд, боловсролын салбарт шинэчлэл хийх, ядуурлыг бууруулах зэрэг асуудлуудыг тусгажээ.
Унгарт болсон сөрөг хүчний ялалтыг ОХУ-ын Ерөнхийлөгч В.Путины хувьд маш муу мэдээ юм гэж BBC бичжээ.
Москвагаас энэхүү сонгуулийн талаар хараахан албан ёсны хариу өгөөгүй байгаа ч энэ нь Владимир Путины хувьд илэрхий муу мэдээ, бүр маш муу мэдээ юм.
Дональд Трампын хөзрийн тоглоомын талаарх зүйрлэлийг ашиглан хэлбэл: Хэнд хөзөр байна вэ? Хэнд алга вэ?
Олон жилийн турш Виктор Орбан Путины гарт байсан маш хүчтэй хөзөр, нэг ёсондоо “тамга” хөзөр нь байлаа. Тэрээр Европын Холбоо болон НАТО-гийн гишүүн орны удирдагч хэрнээ Москваг дэмжсэн, Оросыг дэмжсэн, Путиныг дэмжсэн бодлого баримталж, Оросын эсрэг нэмэлт хориг арга хэмжээ авахыг эсэргүүцэж ирсэн.
Тэрээр Украинд тусламж үзүүлэх болон тус улсыг ЕХ-ны гишүүн болох санааг эсэргүүцдэг байсан. Ийм учраас л Орбан Кремлийн хувьд маш хэрэгцээтэй хүн байсан юм: Кремль түүнийг ЕХ-ны дотоод дахь тогтвортой байдлыг алдагдуулагч хүчин гэж харж байв.
Одоо тэр явчихлаа. Кремлийн зүгээс Будапештийн шинэ засаг захиргаатай холбоо тогтоох оролдлого хийж магадгүй бөгөөд Оросын эрх баригчид Унгарын хувьд тэдэнд тоглох хэд хэдэн хөзөр үлдсэн гэж бодож байгаа байх.
Орбаны засаглалын дор Унгар улс Оросын эрчим хүчнээс маш их хамааралтай болсон. Энэ нөхцөл байдал нэг шөнийн дотор өөрчлөгдөхгүй бөгөөд Кремлийн зүгээс ЕХ-ны дотоод нөхцөл байдлыг тогтворгүй болгох оролдлого ч зогсохгүй.
Сүүлийн хэдэн сарын турш Оросын тайлбарлагчид “хэрэв Европын эдийн засгийн байдал муудаж, эрчим хүчний асуудал хүндэрвэл тогтворгүй байдал үүсэх нь гарцаагүй” гэж таамаглаж байна.
@politiko