Англид 13-р зуунд Иоанн гэж хаан их дураараа дургижээ. Тэр хэнтэй ч зөвлөхгүйгээр, хүссэн хэмжээгээрээ дур мэдэн татвар авч, их хэмжээний мөнгөөр дайныг санхүүжүүлжээ.Үүнийг эсэргүүцсэн Английн язгууртнууд хааныхаа эсрэг нэгдэж, Magna Carta хэмээх бичиг баримт баталжээ. Нийт 60 гаруй заалттай Magna Carta-гийн хамгийн гол агуулга нь хаан хуулиас дээгүүр биш, хаан ч бас хуульд захирагдах үзэл санаа байв. Тиймээс уг баримт бичгийг орчин үеийн ардчилал, хууль дээдлэх ёсны суурь болсон гэж үздэг.
Үүнээс хойш, түүнээс цааш хаан татвар хураахаар бол язгууртнуудаас зөвшөөрөл авдаг, мөн хэн нэгнийг баривчлахаар бол заавал шүүхээс зөвшөөрөл авдаг болжээ. Ингэж хуульд захирагдах ойлголт, хуулийг хамтран гаргах агуулга, хэмжээлшгүй эрхтэй эзэн хаан ч хуулийн дор амьдрах үзэл санааг тунхагласан нь 13-р зууны Англичуудын хүн төрөлхтөнд эхлүүлсэн ардчиллын суурь болж өгсөн байна.
Олуулаа хэлэлцэх, хуулийн дор амьдрах үйл явц нэгэнт эхэлсэн Англид ерөнхийдөө дөрвөн зууны турш, 17-р зуун хүртэл бас ч гэж төлөвшиж, парламентын үйл ажиллагаанд язгууртнуудаас гадна сүмийн төлөөлөгчид,жирийн иргэдийн төлөөлөл оролцдог болжээ.
Гэтэл 17-р зуунд Англид парламент ба хааны зөрчил дээд цэгтээ тулж,бүр иргэний дайн гарчээ. Яасан гэсэн чинь Чарльз I хаан өөрийгөө бараг л бурхан гэж үздэг байж. Тэрээр парламентын зөвшөөрөлгүйгээр татвар авч, армийг хүртэл өөртөө төвлөрүүлэхийг хүсэх болжээ. Мэдээж үүнийг парламент буюу олонхийн төлөөлөл хүсэхгүй. Олонх нь язгууртнууд, хотын төлөөлөгчид, иргэд.
Ер нь бол улсыг хаан удирдах уу, парламент (улсын ард иргэдийн төлөөлөл) удирдах уу? Гэсэн зөрчил хурцдаж, арван жил үргэлжилсэн иргэний дайн гарч, хот, тосгод хүртэл хоёр хуваагдан үзэлцжээ. Ингээд эцэст нь эрхбиш олуулаа буюу олонхийн төлөөлөл учраас парламентын тал ялж, 1649 он Чарльз I-ийг шүүхээр оруулж, улсын эсрэг гэмт хэрэг үйлдсэн” гэж үзээд цаазалсан түүхтэй. Энэ үйл явдал анх удаа парламент хаанаас дээгүүр эрх мэдэлтэй гэдгээ бодитоор харуулсанучраас түүхэн үйл явдал болж үлджээ.
Үүнээс болж Англи хэсэг хугацаанд хаангүй болсон байна. Харин парламент хаанд зөвлөдөг байгууллага байхаа больж, улс төрийн дээд эрх мэдэлтэй байгууллага болон хувирсан нь уг хувьсгалын гол үр дүн аж.
Гэвч Англид парламентын буюу олонхийн засаглалын төлөөх тэмцэл тийм амар дууссангүй. 1688 оны Англид Glorious Revolution хувьсгал түүхэн эргэлт авчирчээ. Учир нь энэ хувьсгалаар хааны эрх мэдлийг бүрмөсөн хязгаарлаж, парламентын засаглалыг тогтоожээ.
Жеймс II хаан гэгч улс орноо шашнаар хагаралдуулснаар дахиад л хувьсгалын гал өрджээ.
Хаан өөрөө католик шашинтай байсан гэнэ. Гэтэл Англичууд голдуу протестантууд байжээ. Хаан католик шашинтай хүмүүсийг төрийн албанд томилсноос бүх юм эхэлж. Ингээд парламент нэг өвөрмөц шийдвэр гаргаж, гаднаас протестант шашинтай удирдагч урьжээ.
Тэр нь Нидерландын захирагч, протестант шашинтай, дураар дургигч Жеймс II-ийн охины нөхөр Уильям III гэгч. Эцэст нь Жеймс II эсэргүүцэлгүйгээр дүрвэж, Уильям Лондонд орж ирээд хаан болжээ. Энэ үйл явдлыг түүхэнд цусгүй хувьсгал гэдэг бөгөөд 1689 онд Bill of Rights хэмээх эрх зүйн баримт бичиг батлагдсан нь хамгийн чухал үр дүн. “Эрх чөлөөний билл” хэмээх энэ баримт бичгээр “Хууль батлах эрх зөвхөн парламентад хадгалагдана, татвар авахыг ч зөвхөн парламент шийднэ, хаан дангаараа арми удирдахгүй хэмээн зааж өгчээ. Парламент тогтмол хуралдаж байх, сонгууль чөлөөтэй байхыг мөн хуульчилжээ. Үүнээс өмнө хаан хүчтэй, парламент тэмцэгч байр суурьтай байсныг үндсээр нь өөрчилсөн гэсэн үг.
Английн “Эрх чөлөөний билл”-ийг АНУ-ын Үндсэн хуульд нөлөөлсөн, Европын либерал ардчиллын суурь болсон, орчин үеийн парламентын засаглалын загвар болсон гэж үздэг.
Ирээдүйд ардчиллын энэ загвар Америкийн Үндсэн хуулийн үзэл санаа, Европ төдийгүй дэлхийн түүхийг өөрчилсөн Францын хувьсгалд нөлөөлжээ.
Өөрөөр хэлбэл, Английн Алдарт хувьсгалаар хүний эрхийн суурь тавигдаж, төр иргэдийн эрхийг зөрчиж болохгүй гэсэн ойлголт бий болсон бол Америкийн хувьсгал, Францын хувьсгалаар дэлхий нийтэд хөгжин, түгэн тархжээ.
Өнөөдөр тэр үеэс эхэлсэн парламентын загварыг дэлхийн олон орон төрийн тогтолцооныхоо цөм болгожээ.
Хэн нэгэн хязгааргүй эрх мэдэлтэй байж болохгүй, харин парламент хамтын шийдвэр гаргаснаар хүний эрх хангагдах ойлголт тэр үеэс бий болжээ. Мөн хууль тогтоох эрх зөвхөн парламентад хадгалагдах ухагдахуун ч тэр үед бий болж, төгөлдөршин хөгжсөөр эдүгээ уг зарчмыг олон оронд мөрдөж байна.
Парламентын суурь үзэл санааг хаадын эсрэг тэмцлийн хүчинд бий болгосон Их Британи (Англи )улс өнөөдөр Үндсэн хуульт хаант засаглалтай бөгөөд Үндсэн хуулиараа хааны эрх мэдлийг хязгаарлаж, харин бодит засаглалыг парламент болон Засгийн газар хэрэгжүүлж байна.
Өнөөдөр дэлхий дээр ийм засаглалтай 40 орчим улс байдаг. Тэдгээрийн жишээ нь:
- Их Британи: Сонгодог жишээ бөгөөд Үндсэн хуульт хаант засаглалын эх орон гэгддэг.
- Норвеги, Швед, Дани: Скандинавын эдгээр орнууд маш тогтвортой хаант засаглалтай.
- Нидерланд, Бельги, Люксембург: Баруун Европын төлөөллүүд.
- Испани: 1970-аад онд ардчилалд шилжихдээ хаант засаглалаа сэргээсэн.
- Монако, Лихтенштейн: Жижиг улсууд боловч гүн эсвэл ван нь бусад Европын хаадыг бодвол арай илүү улс төрийн эрх мэдэлтэй байдаг.
- Япон: Эзэн хаан нь “төр улс болон ард түмний нэгдлийн бэлгэдэл” гэж Үндсэн хуульдаа заасан байдаг.
- Тайланд: Хаан нь ард түмний дунд асар их нөлөөтэй, шүтэгддэг.
- Малайз: Сонирхолтой нь энд хааныг 5 жил тутамд есөн мужийн султанууд дундаасаа сонгодог.
- Бутан, Камбож: Мөн энэ ангилалд багтана
- Канад, Авсрали, Шинэ Зеланд, Ямайка, Багамын арлууд (Эдгээр улсууд нь тусгаар тогтносон боловч Британийн хааныг өөрийн төрийн тэргүүн гэж бэлгэдлийн чанартай хүлээн зөвшөөрдөг )
Англид 17-р зуунд анх үүссэн зарчмаар хаад хууль санаачилдаггүй буюу төрийн гаргах шийдвэрт оролцдоггүй ажээ. Хууль батлах эрх зөвхөн парламентад хадгалагдах утгаараа Ерөнхийлөгчийн засаглалтай Америкт ч Ерөнхийлөгч нь шууд өөрөө Конгрестоо хууль өргөн барьдаггүй, харин Засгийн газар хууль санаачилж, Ерөнхийлөгчийн намын гишүүд ихэвчлэн
албан ёсоор өргөн барьдаг байна.
Учир нь АНУ-д эрх мэдэл хуваарилалт маш хатуу буюу гүйцэтгэх засаг ба хууль тогтоох засаг хоёр заагтай байдаг.
@politikoТоймч