Улс төр судлаач, доктор, профессор Д.Бумдарьтай өнгөрсөн долдугаар сарын эхээр буюу Г.Занданшатарын танхим бүрдсэний дараа “Politiko” сонинд өгсөн ярилцлагыг товчлон хүргэж байна.
Өмнөх Засгийн газрын “бүтэхгүй” сайдууд шинэ засагт улирсан тухай асуултад тэрээр “Төрийн өндөр албан тушаалтнууд ямар арга замаар хэрхэн томилогдох асуудал нь үндсэндээ улс төрийн ёс зүйн хүрээнд зохицуулагддаг” гэсэн юм. Гэвч манайд улс төрийн соёл, улс төрийн ёс зүй төлөвшөөгүй.
-Улс төрийн хүний нөөцийг нам бэлтгэх үүрэгтэй шүү дээ. Бэлтгэгдсэн хүний нөөц байхгүй учраас цөөхөн хүн гурав, дөрөв дараалан сайдаар томилогдоод байх шиг?
-Үнэхээр л ардчилсан парламентын засаглалтай гэж үзэж л байгаа юм бол улс төрийн намууд хүний нөөцөө үргэлж бэлддэг байх ёстой. Улс төрийн намын хүний нөөц хоёр төрлөөр бэлтгэгддэг. Анхан шатнаасаа авахуулаад улс төрийн үйл ажиллагаанд байнга оролцдог, үзэл баримтлалын хувьд нэгдэж чаддаг хүмүүс. Энэ бол мерит зарчмаар бэлтгэгдэж байгаа үндсэн хүний нөөц. Меритийн хажуугаар hunting хийх буюу нийгэмд нэр хүндтэй, эсвэл хэрэгтэй байгаа хүний нөөцийг намдаа татаж оруулж ирэх хоёр хэлбэр бий. Гэхдээ үүндээ баланс барих ёстой. Ихэнх улсууд 70,30 юм уу, 80,20 гэсэн харьцаатай байдаг.
Гэхдээ хүний нөөцийн бодлого нь тухайн намын дүрэм, журмын хүрээнд ил тод байх ёстой. Намын гишүүдийнх нь ядаж 50-иас дээш хувь нь тухайн асуудлыг зөв гэж хүлээн зөвшөөрсөн байх ёстой. Иймэрхүү зарчмаар хүний нөөцөө бэлдсэнээр тухайн нам засаглалд оролцохдоо чадвартай хүмүүсээ гаргаж ирнэ. Тийм учраас л хүний нөөцийн дүрэм журмын асуудал чухал. Энэ дүрэм тодорхойгүй, хэрэгждэггүй учраас улс төрийн далд санхүүжилттэй нэр холбогддог хүмүүст давуу эрх үүсч байгаа мэт ойлгогдож байна.
Энэ бүхнээс болоод нийгэмд улс төрийн намыг жигших хандлага ч бий болж байгаа нь аюултай зүйл.”Цүнх баригч” гэх мэт нэр томьёо хүртэл гарсан шүү дээ. Нийгэмд үүсч байгаа энэ нэршил зэрэгт ч гэсэн маш хурдтай мониторинг хийж, үйл ажиллагаагаа яаж зөв явуулах вэ гэдэг бол тухайн улс төрийн намын мэдрэмжийн асуудал.
-Улс төрийн нам дотоод ардчилалгүй байхын хэрээр эрх мэдэл цөөн хүнд төвлөрч байгаатай ч холбоотой болов уу?
– Маш олон хүчин зүйлтэй холбоотой. Хүний нөөцийн бодлогоос гадна манайд ил тод хийгддэггүй нэг зүйл бол нэр дэвшилтийн процесс байдаг.“Secret garden” буюу “Нууцын цэцэрлэг” гэсэн нэршил бий. Институцийн болон нийгмийн хараа, хяналтаас далдуурх эрх мэдэл, тэнд өрнөж буй процессыг улс төр судлаачид ингэж нэрлэсэн. Хөгжингүй улс орнуудад нэр дэвших процесс нь ил тод, тухайн намын гишүүн нь татвараа төлдөг, хоёроос дээш жил намын гишүүн байсан хүнд нээлттэй маягт бөглүүлэх маягаар санал авдаг процесс бий. Аль болох нээлттэй, ил тод, өрсөлдөөнтэй шийддэг гэсэн үг. Манайд нээлттэй бус учраас байнгын хардлага дагуулж, фракц, бүлэглэлийг үүсгэж байдаг. Фракцууд эцэстээ юу хүсдэг вэ гэхээр Secret Garden-ийг эзэмшихийг л хүсч байна. Тэгээд эцэстээ Secret Garden-ийг эзэмшигч нь хамгийн хүчтэй болдог байна.
-Гэхдээ энэ нууцыг тодорхой хэмжээгээр ил болгох ёстой биз дээ…?
-Мэдээж бүх асуудал 100 хувь нууц биш болчихдог гэж хэлэх хэцүү.Тухайн намын уламжлалт соёл, үнэт зүйл гээд олон зүйлээс шалтгаална. Гэхдээ намууд хүний нөөцийн сонгон шалгаруулалтын системтэй болох, түүнийгээ хөгжүүлэх, хэрэгжүүлэх шаардлагатай. Ингэж байж тоглоомын дүрэм нь тодорхой болдог.Тоглоомын дүрэм тодорхой бол хувь хүн өөрийгөө бэлдэх, карьерын замналаа тодорхойлох боломж бүрдэж байгаа байхгүй юу.
Намуудын тоглоомын дүрэм тодорхойгүй учраас хэн нэгэнд очиж наалдах, аль нэг фракцад орох нь ашигтай болчихоод байна. Үүнээс болж олон нийтийн дургүйцлийг төрүүлж, төрд итгэх итгэл суларсаар байна. Улс төрийн нам институцийнхээ хувьд хөгжиж, дэвшиж чадахгүй бол “Нууцын цэцэрлэг”-тэй нэг байгууллага болж, нийгмээсээ тусгаарлагдах нь ойлгомжтой.
-Өнгөрсөн сонгуулиар нам, намаас янз бүрийн хүмүүс намын жагсаалтад орж, УИХ-ын гишүүн болсон. МАН гэхэд л тухайн салбарын шилдгүүдийг жагсаалтад оруулсан ч тэднийг бусад гишүүд нь “улс төр мэдэхгүй” гэх зэргээр гадуурхах байдал ажиглагддаг. Жагсаалтын гишүүд бол тухайн намын мөрийн хөтөлбөрийг хэрэгжүүлэхэд хүчин зүтгэх хүмүүс биз дээ?
– УИХ-ын гишүүний бүрэн эрхийн асуудал тойргоос сонгогдсон уу, жагсаалтаар орсон уу гэсэн ялгаа байхгүй учраас ялгавартай хандаж болохгүй. Үндсэн хуулиараа 48 гишүүн жагсаалтаар орно гээд хуульчлаад, хүлээн зөвшөөрсөн учир даган биелүүлэх нь улс төрийн соёлын асуудал. Жагсаалтын өмнүүр бичигдсэн хүмүүсийн хувьд улс төрийн намын гишүүн биш хүмүүс байсан. Харин гишүүн болсныхоо дараа намтайгаа хэрхэн ажиллах, мандатыг нь олж авсан улс төрийн намаа парламенттай хэрхэн холбох вэ гэдэг дээр тухайн гишүүн өөрөө манлайлалтай ажиллах ёстой. Намын бүлэг ч нам, парламент хоёрыг холбох ажлаа сайн хийх ёстой. Тэгэхээр шинэ гишүүдийн хувьд намын бүлэг ажиллах ёстойн дээр нам өөрөө тэдгээр шинэ гишүүдээ намынхаа гишүүдтэй холбох ажлыг хийж байж ойлголцох болов уу.
Politiko тоймч