Непал:Эрх мэдэлтнүүдийн хүүхдүүдийн тансаглалаас үүдсэн сошиал давалгаа тэмцлийн хурц хэлбэрт шилжжээ

politiko

Непалд эрх мэдэлтнүүдийн хүүхдүүдийн тансаглал, авлига, тэгш бус байдлыг эсэргүүцсэн сошиал давалгаа хэдэн долоо хоногийн турш үргэлжилж, улмаар даваа гарагт хурцдаж, 19 жагсагч амиа алдсаны дараа Непалын Ерөнхий сайд Хадга Прасад Шарма Оли мягмар гарагт огцорчээ.

Эсэргүүцлийн хөдөлгөөн  хэдхэн цагийн дотор өргөжин тэлж,  мөргөлдөөний үеэр   19 залуу амиа алдсан байна. Жагсагчид эрх мэдэлтнүүдтэй холбоотой гэж үзсэн барилгуудыг шатааж, сайдуудын гэр лүү дайрч орон зодож байгаа бичлэгүүд цахим орчинд тархаад байна.

“Gen Z жагсаал” нэртэй уг хөдөлгөөнийг “Бид бол Непал” гэсэн утгатай Hami Nepal нэртэй ТББ зохион байгуулсан бөгөөд цагдаагийн мэдээгээр Катмандуд 17 хүн, Итахари хотод 2 хүн амиа алджээ. Нийт 100 гаруй хүн, үүнээс 28 нь цагдаа эмнэлэгт хүргэгдсэн байна. Амиа алдагсадын дунд Ерөнхий сайд асан Жалнат Каналын эхнэр байгаа аж.

Мөн жагсагчид парламентын байр, Непалын Конгресс намын төв байр, Ерөнхий сайд асан Шер Бахадур Деубагийн гэрийг галдан шатаажээ. Мөн зарим улс төрчийн байрыг ч эвдэн сүйтгэж, шатаасан байна.

Засгийн газраас  Катманду, Лалитпур, Бхактапур зэрэг дүүрэгт хязгааргүй хугацаагаар онцгой дэглэм тогтоожээ.

Өмнө нь Дотоод хэргийн сайд Рамеш Лекхак, Хөдөө аж ахуйн сайд Рамнат Адхикари нар огцорч, эцэст нь Оли ч огцрох шийдвэр гаргасан юм.

“Nepo kids” гэж хэн бэ?

Жагсаалыг өдөөсөн гол шалтгаануудын нэг нь улс орны удирдагчдын гэр бүл тансаг амьдралтай байхад нийт ард иргэд ядуу амьдралтай байгаа тэгш бус байгааг эсэргүүцжээ.

Сүүлийн хэдэн долоо хоногт Непалын сошиал орчинд “nepo kids” (nepotism-оос гаралтай) гэх нэршил түгэн дэлгэрснээр жагсаал, тэмцлийн урьдач нөхцөл бүрджээ.  Энэ нь төрийн өндөр албан тушаалтнуудын хүүхдүүдийг хэлж буй бөгөөд тэд TikTok, Instagram-д  үнэтэй машин унаж, брэндийн хувцас өмссөн дүрс бичлэгүүдээ байнга оруулдагаас болж иргэдийн бухимдал дээд цэгтээ хүрсэн байна.

Үүнээс болж эрх баригчид сошиал медиаг хаах шийдвэр гаргасан нь залуу үеийнхний дургүйцлийг дэврээсэн гэнэ.

“Хуучин намын энгийн ажилтан байсан хүмүүс өнөөдөр эрх мэдэлд хүрээд тансаг амьдралаар амьдарч буй нь хүмүүсийн дургүйцлийг төрүүлж байна” гэж Покхара их сургуулийн бизнесийн сургуулийн дэд профессор Ёг Радж Ламичхане ярьжээ.

Тиймээс жагсагчид улс төрчдийн хөрөнгийн эх үүсвэрийг мөрдөн шалгах тусгай комисс байгуулахыг шаардаж байна.

Непалын соёл, улс төр, засаглалын онцлог

Непалын улс төрийн түүхэн онцлог гэвэл  1951 он хүртэл  хаант засаглалтай, 1960–1990 онд Хааны намын дарангуйллын тогтолцоотой, 1990 оноос олон намын системтэй хаант засаглалтай болжээ. Харин 2008 онд хаант засаглалаа халж, бүгд найрамдах улсыг тунхагласан бол 2015 оноос  Шинэ Үндсэн хууль батлагдаж холбооны системд шилжжээ.

Ингээд долоон мужтай  холбооны  бүгд найрамдах,  хоёр танхимтай парламентын засаглалтай, олон намын системтэй улс болжээ.

Непал түүхнээсээ кастын системтэй улс байсан бөгөөд  1854 онд Мулуки Айн (Muluki Ain) хэмээх хууль баталж, хүн амыг албан ёсоор дээд ба доод гэж ангилжээ.Дээд каст (Brahmin, Chhetri)  нь  уламжлалт шашны удирдагчид, цэргийн болон захиргааны давуу эрхтэй бүлэг бол удаах кастад худалдаа, гар урлал эрхлэгчид, доод кастад хөдөлмөр, үйлчилгээний ажил эрхлэгчид  орж байжээ. Ядуусыг ариун бус бүлэг хэмээн хамгийн доод кастад оруулжээ.  1990 онд  ардчилсан тогтолцоонд шилжсэнээс хойш кастын ялгаварлалыг хууль ёсоор хориглосон бол  2015 оны Үндсэн хуулиндаа төрөөс каст, угсаа, шашин, хүйсээр ялгаварлахыг хоригложээ.

Гэсэн ч бодит амьдрал дээр кастын ялгаа, ялангуяа ядуу бүлэгт чиглэсэн гадуурхал хүчтэй хэвээр байгаа аж. Яланагуяа ажил эрхлэлт, боловсрол, гэрлэлтийн сонголт дээр кастын нөлөө ил тод мэдрэгддэг байна.

Энэ соёл уламжлалаасаа болоод хүн амын дунд тэгш бус байдал их, улс төрийн намууд нь фракц, бүлэглэлд хуваагдсан, үүнээс болоод улс төр нь тогтворгүй, Ерөнхий сайд нь л гэхэд сүүлийн 30 жилд 12 удаа солигджээ.

“Транспэрэнси интернэшнл” байгууллагын 2024 оны судалгаагаар  авлигын түвшин 180 орноос 108-д бөгөөд  иргэдийн дунд төрийн албан хаагчид, ялангуяа цагдаа, гааль, татвар, лицензийн салбар хамгийн авлигач гэж үнэлэгддэг.Мөн намын санхүүжилт нь хаалттай, ил тод бус ажээ.

Эдийн засгийн хувьд эмзэг. Гадаадад ажилладаг хүмүүсийн мөнгөн гуйвуулга ДНБ-ийх нь 30 орчим хувийг эзэлдэг байна. 2021 оны мэдээгээр хөдөлмөрийн насны иргэдийнх нь 7:5 хувь Катар,  Арабын Нэгдсэн Эмират,  Саудын Араб,   Малайз, Өмнөд Солонгос ,Америк зэрэг орнуудад ажиллаж байжээ.

Мөн ДНБ-ий 30 хувийг хөдөө аж ахуйн үйлдвэрлэл эзэлдэг ч нийт хүн амын 10 хувь болох дээд кастынхан нийт газрын 40 хувьд эзэн суусан байдаг аж.

Сэтгэгдэл үлдээх

САНАЛ БОЛГОХ