Д.Амарбаясгалан, Г.Занданшатар нарын үдшийн мэдээ

politiko

Өчигдөр үдэш хүмүүс унтах цагаар нэгэн мэдээ сайтуудаар цацагдсан нь МАН-ын Нарийн бичгийн дарга Ц.Чулуунзагдын гэр, ажлын байранд АТГ-аас нэгжлэг хийсэн тухай мэдээ байв. Улмаар түүнийг 30 хоногийн хугацаатай саатуулсан гэж эх сурвалж мэдээллээ. Уг мэдээ цацагдсаны дараахан Ерөнхий сайд Г.Занданшатар өөрийн сошиал хуудсаар баялгийн санг арвижуулахаар Төмөртэйн цайрын ордыг төрийн эзэмшилд авч байгаа тухай мэдээлэв.

Аль алиныг нь удахгүй болох МАН-ын Бага, Их хурлын хуралдаантай холбож үзэх үндэстэй. Ажиглаж, бичдэг сэтгүүлчид ч тэгэж үзэн байр сууриа илэрхийлжээ. Ерөнхий сайд Г.Занданшатарын хувьд өмнөх Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнийн эхлүүлсэн Баялгийн сангийн хуулийг хэрэгжүүлэх, түүнийгээ ярих нь ядаж л МАН-ын гишүүдийнхээ саналыг авахад дэмтэйгээс гадна угаасаа Ерөнхий сайдын хийх ёстой ажил,үүрэг нь. Тэрээр Ерөнхий сайд болохдоо л МАН-ын дарга болох нь тодорхой байсан. Харин түүнтэй УИХ-ын дарга Д.Амарбаясгалан өрсөлдөх сураг гарчээ.Тэгээд л түүний баруун гар болох Ц.Чулуунзагдыг АТГ-аас баривчлан саатуулсан гэлцэнэ.

Ингээд Ерөнхий сайд Г.Занданшатар, УИХ-ын дарга Д.Амарбаясгалангийн эргэн тойронд өчигдөр үдшээр өрнөсөн хоёр үйл явдлыг зэрэгцүүлэн хүргэе.

ХУЛГАЙЛАГДСАН БАЯЛАГ ТӨМӨРТИЙН ЦАЙРЫН ОРДЫГ ТӨРИЙН ӨМЧИД АВАХААР БОЛОВ.

Өчигдөр үдшийн 23 цаг өнгөрч байхад Ерөнхий сайд Г.Занданшатар фэйсбүүкээрээ Монгол-Хятадын хамтарсан “Цайрт минерал” ХХК-ийн үйл ажиллагаа явуулдаг Сүхбаатар аймаг дахь Төмөртийн овооны цайрын ордыг төрийн өмчид авч, баялгийн санг зузаатгах ажлыг хийх шийдвэр Засгийн газрын хуралдаанаас гарсныг танилцууллаа.

Аль 1970-аад онд улсын төсвийн хөрөнгөөр нөөцийг тогтоож, 1980-аад онд төрийн өмчит компани байгуулан, урд хөршөөс хөрөнгө оруулалт татан ашиглахаар бэлтгэж байсан уг ордыг 1990-ээд оны дундуур хэсэг хүн хувийн компани байгуулан, УИХ, Засгийн газрын ямар ч шийдвэргүйгээр хувьдаа шилжүүлээд авчихсан нь одоогийн “Цайрт минерал” ХХК аж. Ийм компани байгуулж, хувьд авсан хүмүүс нь тухайн үеийн төрийн өмчит “Мон-Эрдэнэ” компанид ажиллаж байсан хүмүүс гэнэ. “Цайрт минерал”-ын вэб сайтад мэдээлснээр бол Монгол,Хятадын 50:50 хувийн эзэмшилтэй компани ажиллаж, 2025 онд “Шилдэг 100 аж ахуйн нэгж”-ийн нэг болжээ. Өмнө нь шилдэг татвар төлөгч, шилдэг аж ахуйн нэгж гэх мэт олон цол, гуншинтай болж байж.

“Цайрт минерал”-ын цаад эзнийг Сүхбаатар аймгаас олон удаа сонгогдсон УИХ-ын гишүүн асан Ч.Улааныг хэмээн 2010 оны үед иргэний хөдөлгөөнийхөн мэдээлж,хууль хяналтын байгууллагад ч асуудал нь очиж байсан нь хэвлэлийн хуудсанд үлдсэн байдаг. Ч.Улаан 2000 онд буюу Н.Энхбаярын  Засгийн газрын Сангийн сайд болсныхоо дараа “Цайрт минерал” компанид Хятадын талаас хөнгөлөлтэй зээлийг дамжуулан зээлдүүлэх  гэрээг лоббидож хийлгүүлсэн хэмээн тухайн үед “Эрс шинэчлэл” иргэний хөдөлгөөнөөс мэдээлж байжээ.

МАН-ЫН НАРИЙН БИЧГИЙН ДАРГА Ц.ЧУЛУУНЗАГДЫГ СААТУУЛАВ

Ерөнхий сайд Г.Занданшатарыг сошиал хуудсаараа мэдээлэл хийхийн өмнөхөн буюу үдэш оройн цагаар нэгэн мэдээлэл сайтуудаар цацагдсан нь МАН-ын нарийн бичгийн дарга Ц.Чулуунзагдын гэр, ажлын байранд АТГ-аас нэгжлэг хийсэн тухай. Улмаар түүнийг МАН-ын Бага хурал өнгөртөл буюу 30 хоног саатуулахаар болсон гэнэ. Сошиалд хүмүүсийн бичиж буйгаар Бор тээг, Админерал ХХК-тай холбоотой шалгаж эхэлсэн бололтой. Одоогоос хоёр, гурван  жилийн өмнө нүүрсний сонсгол дээр уг асуудлыг УИХ-ын гишүүн Б.Энхбаяр удаа дараа ярьж,мэдээлж байсан ч хуулийн байгууллагууд хуруугаа хөдөлгөсөн гэж сонсогдоогүй бөгөөд ямартаа ч Л.Оюун-Эрдэнийн засаг огцрохоос өмнө “Эрдэнэс Тавантолгой” болон “Админерал” ХХК-тай байгуулсан гэрээг цуцалсан.

МАН-ын нарийн бичгийн дарга Ц.Чулуунзагд

Харин энэ удаа УИХ-ын дарга, МАН-ын генсек асан Д.Амарбаясгалангийн баруун гар болох Ц.Чулуунзагдыг баривчлан саатуулсан нь удахгүй болох МАН-ын Бага хурлын үеэр түүнийг “эзгүй” байлгахын тулд гэлцэнэ. МАН-ын дүрмийн дагуу Бага хурлаараа намын даргаа сонгож болох бөгөөд уг өрсөлдөөнд Д.Амарбаясгалан оролцож магадгүйгээс болсон бололтой.

Ер нь иймэрхүү маягаар улс төрийн өрсөлдөгчөө хуулийн байгууллагаар шалгуулах, дарамтлах үзэгдэл Монголын улстөрд сүүлийн хэдэн жил тогтож хэвшсэн хэвийн зүйл болсон нь аюултай. Ийм үзэгдлийг судлаачид хууль зүйн зэвсэгжилт (Lawfare) гэж нэрлэдэг байна. Хууль ёсны мэт харагддаг боловч хуулийн байгууллагуудыг улс төрийн зорилгоор өрсөлдөгчөө дарамтлах, нэр хүндийг нь унагаах, тоглоомын дүрмийг өөртөө ашигтай болгох хэрэгсэл болгон ашиглах энэ үзэгдэл даамжирвал хуулийн байгууллагууд хараат бус байх, шударга ёс тогтох, иргэдийн итгэлийг олж авах тухайд санахын ч хэрэггүй юм. Энэ тухай нэг сэтгүүлч сошиал хуудсандаа “За Амарбаясгалан дарга минь ээ,  Том ах бол том ах. Энэ удаадаа хойшоо суувал ирээдүй чинь цэлмэг шүү” хэмээн сануулжээ.

“Том ах” гэдэг нь Ерөнхийлөгч У.Хүрэлсүхийг хэлж буй бололтой. Мафитай кинонд л гардаг иймэрхүү үг хэллэгийг албан ёсны мэт, цаагуураа дарамт учруулж буй мэт хэлээд байх нь ч ардчилсан тогтолцооны улс төрд зохимжгүй.

Politiko тоймч

1 Сэтгэгдэл

Anonymous September 11, 2025 - 8:35 am

ХӨӨРГӨӨД Л ТОМРУУЛААД УУ ? ТОМ АХ Ч ГЭХ ШИГ . ҮЗВЭЛ ҮЗЭЖ Л БАЙГ .

хариулт

Сэтгэгдэл үлдээх

САНАЛ БОЛГОХ