Э.Гэрэлт-Од:Улс төрийн нам бол төрийг бүхэлд нь удирддаг,хянадаг бүтэц биш

politiko

Бидний нэг алдаа нь 1990 онд бүх намд гарааны тэгш боломж олгоогүй

Өнөөдөр нэг нам бүх эрх мэдэлд гарсан, сөрөг хүчин байхгүйтэй адил байна. Гэтэл ардчилал нь  эрх баригч нам болон сөрөг хүчний хяналт, тэнцвэр дээр “амьтай” байдаг. Өнөөдрийн энэ нөхцөл байдлын талаар судлаачийн хувьд санал бодлоо илэрхийлнэ үү?

-Монгол Улс ардчиллын 31 жилийн турш олон намын тогтолцоог төлөвшүүлэх, хүний эрх, эрх чөлөө, олон ургалч үзлийг бэхжүүлэхийн төлөө ажиллаж байна. Улс төрийн олон намын тогтолцоон дээр тулгуурлаж энэ бүхэн оршдог. Гэхдээ улс орон бүрд асуудал байдгийн адил Монголд уламжлал бүхий нам нь илүү төрийн эрх бариад байгаа дүр зураг ажиглагдаж байна. Ер нь бид нэг нам давамгайлсан намын систем рүү гулган орж байна уу гэж судлаачийн хувьд харж байгаа. Гэхдээ нэг нам давамгайлсан системд өөр нам байдаггүй  гэсэн үг биш.

Хүмүүс нэг намын систем гэхээр Хятад эсвэл хойд Солонгос шиг төсөөлж магадгүй. Тэднийг нэг л намтай улс гэхээс биш нэг намын системтэй улс гэж үзэхгүй. Улс орон бүрийн  улс төрийн түүх  янз бүр байдаг учраас нэг нам давамгайлсан системийг манайд огт тохирохгүй гэж хэлж чадахгүй.

Монголын нөхцөл байдал өнөөдөр яагаад ийм болчихов гээд харвал Монголд байгаа намуудыг хоёр төрөл гэж харж болох юм. Нэг нь МАН, төр ба нам гэдэг загвар байна. Нөгөө намууд нь жижиг, магадгүй сонирхлын бүлэг хэлбэрийн намууд байна. Энэ бол улс төрийн намуудын төлөвшилтэй шууд холбоотой.

Гучин жилийн хугацаанд бид улс төрийн олон намыг байгуулж, Улс төрийн намын тухай хуультай болсон ч гэсэн бодит байдал дээр давуу байдалтай улс төрийн нам засгийн эрхэнд дангаар гарч ирж, ноёрхох  боломж бүрдсэн.

Цаашид бид хүний эрх, ардчилал, шударга ёс, тусгаар тогтнолоо илүү хадгалья гэвэл аль болох олон намыг парламентад гаргаж ирэх хууль эрх зүйн орчныг нь дэмжих ёстой. Энэ нь Монголын ардчилалд дэмжлэг болох юм.

Ийм нөхцөлд эрх баригч намын үүрэг, хариуцлага бүхнээс түрүүн тавигдах ёстой байх. АН сөрөг хүчний орон зайдаа олигтой тоглож  чадахгүй байгаа нь дотоод зөрчлөөсөө болж байна уу, эсвэл  эрх баригч нам  давуу байдлаар  сөрөг хүчний  оролцоог хязгаарлаад байна уу?

-Аль аль нь байна. Ардчилсан намд сул тал их бий. Энэ нам 30 жилийн түүхтэй, залуухан нам. Өнгөрсөн 30 жилийн хугацаанд 10 гаруй намын нэгдэл болж босч ирсэн. МАН-ыг улс төрийн өрсөлдөгчийн хувьд нэг их буруутгах арга байхгүй. Адилхан л өрсөлдөөд гарч ирж байгаа нам. Аль аль нам нь төрийн эрх барих, бодлогоо хэрэгжүүлэхийг сонирхож байгаа. Энэ утгаараа МАН-ын буруу гэж шууд хэлж болохгүй.

Манайд байгаа улс төрийн намуудын дотоод ардчилал, төлөвшил, бүтэц зохион байгуулалтад их асуудал байна. Бидний нэг алдаа нь 1990 онд бүх намд гарааны тэгш боломж олгоогүй. Нэг нь 70 жилийн түүхтэй улс төрийн нам, шинээр байгуулагдаагүй дахин бүртгүүлсэн. Нөгөө намууд нь шинээр байгуулагдсан.

Өнгөрсөн 30 жилийн парламентын бүх сонгуулийн дүнг харахад АН ганц удаа л албан ёсоор олонх болсон. Бусад үед олонх болж чадаагүй. Бүх түүхэнд МАН давамгайлж байсан. Цаашид намуудын санхүүжилт, бүтэц, зохион байгуулалт, гишүүнчлэлийн ямар бодлого хэрэгжүүлэх вэ, яавал Монголын ардчилалд илүү ээлтэй байх вэ гэдэг талаас нь харж, бодлогын саналууд гаргаж явах ёстой болов уу.

МАН-ын хувьд өөрсдөд нь ч хэрэгтэй, бусад намуудад ч хэрэгтэй өрсөлдөөнт “тоглоом”-ын орчныг бүрдүүлэх хэрэгтэй. Бусад намын саналыг сонсох ёстой. Сонгуулийн хууль, Улс төрийн намын тухай хууль бол улс төрийн “тоглоом”-ын дүрмийг тодорхойлж байгаа учраас илүү зөвшилцөл дунд хуулиа батлаасай гэж хүсч байна.

Энэ улс орон чинь төлөөллийн ардчилалгүй улс орон болох вий

Улс төрийн намын тухай шинэ хууль намуудын унасан нэр хүндийг аврахад ямар хувь нэмэр оруулах вэ. Хуульд орж буй гол өөрчлөлтүүдийн талаар мэдээлэл өгнө үү?

-Ерөөсөө л сонгогчид намуудад итгэх итгэлгүй болоод байна. Тэгэхээр орчин үеийн улс төрийн нам ямар байдаг, яаж ажиллах ёстой, хэрхэн дотоод ардчиллаа хангах, санхүүжилтээ хэрхэн бүрдүүлэх зэрэг нь эргээд иргэдийн итгэлийг нэмэгдүүлэх, дэмжлэг авах боломжийг нь нэмэгдүүлэх юм.Түүнээс биш энэ нам муухай гээд байвал энэ улс орон чинь намгүй, улмаар төлөөллийн ардчилалгүй улс орон болох вий.

Ардчилал гэдэг чинь улс төрийн намаар дамжиж хэрэгждэг. Намууд нийгэм болон төрд иргэдийн сонирхлыг зуучлах үүрэгтэй улс төрийн байгууллага.  

Энэ үүргийг гүйцэтгэх боломжийг олгох гээд байгаа юм. Харамсалтай нь улстөрчид улс төрийн хүсэл зориг гаргахгүй байгаа нь намынхаа нэр хүндийг аврах сонирхолгүй байна уу гэж харагдаад байгаа.

Жишээлбэл, МАН энэ хуулийн төсөл дээр санаачилга гаргаад ажиллах юм бол МАН-д ашигтай. МАН-д итгэж байгаа иргэд сонгогчдод тустай. Ганцхан МАН ч биш АН, бусад намуудад аль алинд нь хэрэгтэй. Сонгогчоо бэлтгэх хэрэгтэй. Мөн  “тоглоом”-ын дүрмийг жигд болгох ёстой. Энэ утгаараа Улс төрийн намын тухай хууль нь улс төрийн намд болон сонгогчдод, Монгол Улсад, Монголын ардчилалд ашигтай.

Хуулийн төсөлд улс төрийн намын санхүүжилтийн асуудлаар  ямар санал гарч, тусгагдаж байгаа вэ?

-Улс төрийн намуудад төрөөс тодорхой хэмжээний дэмжлэг олгох санал гарч байлаа. Тэр дэмжлэг нь одооны давуу байдал олгодог системээс салаад илүү дэмжлэгт тулгуурладаг, тэгш, шударга өрсөлдөх боломжийг олгодог тогтолцоо руу оруулах юм. Одоо байгаа тогтолцоо чинь улс төрийн намуудыг парламентад байгаа суудлаар нь дэмждэг. Өөрөөр хэлбэл, сонгогчдын дэмжлэгт суурилсан санхүүжилт олгож болох юм гэдэг санал оруулж байсан. Одоо ч энэ санал яригдах байх.

Энэ заалт нь магадгүй 200 мянган хүний санал авчихаад парламентын гадна үлдэж байгаа улс төрийн намд чухал дэмжлэг болно. Дараагийн нэг зүйл нь, намын өөрийн санхүүжилтийг дэмжсэн механизмыг нь харах ёстой.

Зарим улс төрийн намууд төрөөс санхүүжилт авчихвал намын гишүүдээсээ татвар авахаа больё гэж ярих гээд байна. Тийм биш. Нам бол сонирхлын бүлэг учраас нам өөрийгөө санхүүжүүлэх ёстой. Дэлхий нийтийн хандлага ч тийм байна. Яагаад бид улс төрийн намуудыг дэмжих ёстой вэ гэдэг зарчмаа баримтлах шаардлагатай. Энэ утгаараа гишүүдийн татвар, хандив нь улс төрийн намын санхүүжилтийн үндсэн гол хэсэг байх болно.

Харамсалтай нь манай улс төрийн намууд үүн дээрээ ажиллахгүй байна. Жишээлбэл, 200 мянган гишүүнтэй нам хэдэн гишүүнээсээ татвар авдаг бол.

Миний харахад татвар төлдөггүй олон гишүүнтэй байх албагүй гэж үзэж байгаа. Нэгэнт намд элсээд, улс төрийн хүсэл зорилгоо тодорхойлчихсон, улс төрийн дэмжлэг үзүүлье гэдгээ илэрхийлж байгаа хүмүүст заавал татварын систем байх ёстой. Үүнийгээ буцаагаад тайлагнадаг байх ёстой. Одоо бол намууд дотроо л санхүүгийн тайлан гаргаж байгаа байх. Түүнээс биш олон нийтэд, судлаачдад ямар ч мэдээлэл алга байна.

 Өнөөдрийг хүртэл улс төрийн намуудын санхүүжилт нь ил тод бус байна. Хэдэн төгрөг хаанаас цуглуудаад, юунд зарцуулаад байгааг нь бид мэдэхгүй байна. Тэгэхээр улс төрийн намууд санхүүжилтээ олон нийтэд, төрд тайлагнадаг болох нь улс төрийг эрүүлжүүлэх хамгийн гол арга юм.

Намын дотоод ардчилал бол улс орны ардчилал юм

Намын дотоод ардчиллыг хуулиар хэрхэн зохицуулах вэ?

-Хуулиар дотоод ардчиллыг зохицуулах асуудал бол зарчмын асуудал. Яагаад гэвэл сонгуульд ялалт байгуулсан улс төрийн нам олон нийтийн өмнөөс шийдвэр гаргадаг. Тиймээс тухайн нам дотроо ямар шийдвэрийг яаж гаргаж байгааг бид мэдэх ёстой.

Өмнө бол намын дотоод асуудал өөрсдөд нь хамаатай гэж үздэг байсан. Намын дотоод ардчилал бол улс орны ардчилал юм. Иймээс төрийн санхүүжилтээр дамжуулж намын дотоод ардчиллыг холбодог.

Тухайлбал,  дүрмийн дагуу хурлаа хийсэн эсэх, хурал ил тод оролцоотой болсон эсэхийг тайлан авах, төсвөөс авсан болон өөрийнхөө орлогыг зарцуулснаа төр, олон нийтэд тайлагнаж байгаа эсэх зэргээр дотоод ардчиллыг дэмжиж болно. Учир нь төсвийн дэмжлэг бол иргэдийн татварын мөнгө, нам бол хамтын удирдлагын байгууллага, иргэдийн ирээдүйг тодорхойлдог учраас шүү дээ. Энэ утгаараа намын дотоод ардчиллыг хуульчилж болно.

– МАН-ын удирдлага  намаа олон түмний нам болгоно гэж удаа дараа мэдэгдэж байгаа. Гэвч энэ ойлголтыг намын гишүүд, иргэд сайн ойлгохгүй л  болов уу?

-Олон түмний нам, олон нийтийн нам гэдэг ойлголтыг яаж ойлгож байгаагаас шалтгаална. Бүх нам сонгогчдоос дэмжлэг авахын төлөө ажилладаг болчихлоо.

Түүхээс харахад зарим нам тодорхой бүлэгт чиглэдэг байсан. Тухайлбал, ажилчин, малчин, тариаланч, шашин руу чиглэдэг байсан. Одоо бол улс төрийн намуудын бүтэц, зохион байгуулалт, зорилго нь хувирч, өөрчлөгдөөд хэн ч манай намыг дэмжиж болно, сонгуулийн үеэр хэн ч санал өгч болно, нэгэнт элссэн бол заавал насан туршдаа намд уяатай байх албагүй гэдэг философи дэлхий нийтээр  хэрэгждэг болсон.

Манайд болохоор иргэд нь буруу ойлгоод байна. Нэг намд элссэн бол хэзээ ч гарч болохгүй гэж ойлгодог. Мөн элссэн намынхаа эсрэг дуу хоолой гаргаж болохгүй гэж ойлгодог.

Улс төрийн намууд нь ч гэсэн гишүүн элсүүлсэн бол түүнийгээ өмч, санал өгөгч гэж буруу ойлгоод байна. Улсын  хөгжлийн төлөө улс төрийн хүсэл зорилгоо илэрхийлж, тэр намын бодлогод саналаа тусгах идэвхтэй иргэдийн нэгдэл гэж гишүүдээ ойлгохгүй байна.

МАН хэдийгээр олон түмний нам болно гэж байгаа ч төрийн бүх эрх мэдэл гарт нь байгаа учир хүссэн хүсээгүй төржсөн нам болгож  байна. Намынх нь төлөвшлийн асуудал ч нөлөөлж байгаа. Төр, нам хоёрын хоорондын харилцааг ер нь яаж зохицуулах ёстой вэ?

-Төр, нам хоёрын хоорондын харилцааг хуулиар л зохицуулах боломжтой. Урьд нь зохицуулалт байхгүй байсан үе бий. Тодруулбал, 1990 оноос өмнө МАХН дангаараа улсыг удирдаж байсан учир хуулийн зохицуулалт шаардлагагүй байсан. Энийг төржсөн намын загвар гэж ойлгож болно.

Харин өнөөдрийн бидний бий болгох гээд байгаа нам бол төрийн байгууллага биш улс төрийн байгууллага.

Чөлөөт өрсөлдөөнөөр  сонгуульд өрсөлдөж төрийн шийдвэр гаргах хэмжээнд очих  эх сурвалж нь иргэд юм. Тиймээс хуулиар энэ харилцааг зохицуулах хэрэгтэй.Нам тодорхой дэмжлэг аваад гарч ирэх юм бол төрийн бодлого шийдвэрийг гаргахад өөрийнхөө хүнийг байршуулах замаар бодлогоо хэрэгжүүлдэг институци.

Түүнээс биш төрийг бүхэлд нь удирддаг, хянадаг бүтэц биш. Дэлхийн улс орнууд үүнийг хуульчилж байна.Манайд Улс төрийн намын тухай хууль ердөө 30 жилийн л түүхтэй. Хамгийн анхны Улс төрийн намын тухай хуулийг 1990 оны тавдугаар сарын 10-ны өдөр баталж байсан.

Олон түмний  намаас гадна  бодлогын нам болох  зорилго МАН-ын өмнө тавигдаж байх шиг байна. Яавал бодлогын нам болох вэ?  

-Бодлогын нам гэдгийг англи хэлнээс орчуулбал хөтөлбөрийн нам гэсэн утгатай. Энэ нь нам ямар философийг эрхэмлэж, бодлогыг яаж хэрэгжүүлэх вэ гэдэг чинь чухал асуудал. Нам өөрийн сонгож авсан философидоо тулгуурлаад сонгуулийн хөтөлбөрөө боловсруулж, түүнийгээ амьдрал дээр хэрэгжүүлэхийн төлөө ажилла.

Намууд үнэт зүйл, бодлого, хөтөлбөрөөрөө бусад намаас ялгардаг. Магадгүй МАН-ын бодлого нь социал демократ үзэл дээр тулгуурлах ёстой.  АН-ын хувьд барууны либерал бодлогод тулгуурлах ёстой байх. Аль аль нь бодлогоо яаж хэрэгжүүлэх нь намын үнэт зүйлээ хадгалж байгааг мэддэг байх хэрэгтэй. Ингэх юм бол бид намуудыг төвөггүй ялгаж чадна.

Харамсалтай нь сүүлийн 30 жилд намууд хоорондоо ялгахын аргагүй ижил болсонд асуудал байгаа юм. Баруун чиглэлийн нам хүний эрх, эрх чөлөөг дээдэлнэ, татварыг аль болох багасгана, чөлөөт өрсөлдөөнийг нэмэгдүүлэхийг зорих ёстой. Энэ бол баруун чигийн намын суурь зарчим. Үүн дээр тулгуурлаж мөрийн хөтөлбөрөө боловсруулж, хэрэгжүүлэх ёстой. Зүүний нам нь татварыг нэмэгдүүлнэ, эсвэл төрийн оролцоог нэмэгдүүлэх нь өөрийнх нь философи нь шүү дээ.

2022.2.25

Сэтгэгдэл үлдээх

САНАЛ БОЛГОХ