Ард түмний өмнө үүрэг хүлээж, засгийн эрх барьж байгаа МАН-ын хувьд дотоод зөрчлөө улайм цайм дэлгэн тавьж, олны дунд арцалдан тэмцэлдэнэ гэдэг хариуцлагагүй үйлдэл. Тиймээс “Ахмадын сургаал алт” болох болтугай хэмээн 1990-ээд оны эхээр МАН-ыг (тухайн үеийн МАХН) удирдаж байсан Б.Даш-Ёндон гуайн 2005 оны ярилцлагыг толилуулж байна.
Тэр үед Ерөнхий нарийн бичгийн дарга нь МАН-ын хувьд хамгийн том удирдлага нь байсан.2005 онд ярилцах үед тэрээр Болгар улсад суух Элчин сайдын албанаас ирээд удаагүй, ШУА-д философич мэргэжлээрээ судалгааны ажил хийж байсан билээ.
– Улс орны улс төрийн орчин нэг л замбараагүй болж байна гэж учир мэдэх хүмүүс ярилцах юм. Намуудын төлөвшил, улс төрд оролцож байгаа хүмүүсийн дүр төрх нэг л тиймэрхүү. Та ямар бодолтой байна вэ?
-Миний бодоход улс орны улс төрийн амьдрал тийм таатай сайхан биш байна. Өнгөрсөн сонгуулиар гол хүчнүүд үндсэндээ тэнцүү суудал авч, үр дүнгээр нь эвслийн Засгийн газар байгуулсан ч нийгэмд байгаа зөрчлийг ч, тухайн намуудын хооронд зайлшгүй байж байх зөрчлийг ч шийдвэрлэж чадаагүй. Тодорхой хэмжээгээр нийгмийг тогтвортой амгалан болгоход алхам хийсэн байж болох юм. Гэхдээ ирээдүйд чиглэсэн зөв замыг нээх боломжийг өөртөө агуулсан арга хэмжээг авч хэрэгжүүлж чадаагүй юм шиг.
Үүнээс болоод улс төр нь жаахан замбараагүй болсон байна. Замбараагүй нь юундаа байна гэхээр бусад намууд ч хоорондоо эв түнжингүй, зарим нь намаасаа гараад өөр нам ч байгуулна гэж байна. Манай МАХН-д (тухайн үеийн нэрээр) ч бас маргаан гарч л байх шиг байна. Гэхдээ хамгийн гол нь эвслийн Засгийн газар байгуулахаас өөр сонголт хэцүү байсан.
Энэ бүхэн Монголын нийгэмд улс төрийн шинэчлэлийн үе дуусаагүй байна гэдгийг харуулж байх шиг байна. Намууд төлөвшихийн тухайд ч манайд энэ үйл явц дуусах арай болоогүй байх. Намын онолоор бол зонхилогч нам гэж байдаг. Зонхилогч нам зарим улс оронд гарна, заримд нь гарч чаддаггүй.
Парламентад олон суудалтай төдийгүй эрх мэдлийг удаан хугацаагаар барьсан, нэг үгээр тухайн намын түүх, үйл ажиллагаа нь өөрийнх нь үүссэнээс хойших амьдрал, үйл ажиллагаатай тэнцэж буй тийм эрин үеийг эзэлсэн байвал тэр намыг зонхилогч нам гэдэг. МАХН (тухайн үеийн нэршлээр) бол тийм нам мөн. Ийм намд төлөвшлийн тухай ярихад хэцүү. Төлөвшиж гүйцсэн үү, үгүй юү гэдгийг ярихын тулд судалгаа хэрэгтэй.
Ийм намын хувьд тодорхой хугацааны дараа намаа амьд байлгахын тулд, нийгмийн амьдралаас хоцроохгүйн тулд ямар шинэчлэл хийх вэ гэдэг асуудал харин байж болох юм.
– Тодорхой үзэл онолын төлөвшлөөс үйл ажиллагааны туршлага нь тухайн намын хувьд илүү чухал гэж Та хэлж байна уу?
-1921 оноос өнөөдрийг хүртэл цаг хугацаагаар бол нэг эрин үе, бүтэн түүх өнгөрч байна шүү дээ. Манай намын түүх үүнтэй адилхан. Зорьж хийж бүтээсэн бүхний хувьд ч, нийгэмд гарсан алдаа, ололт амжилтын хувьд ч бүхнийг нам л хуваалцах ёстой.
Тэгэхдээ эрин үе өөрчлөгдөөд тэрнийг нам нь дагаад явж байдаг юм, уу эсвэл эрин үеэ нам нь бий болгодог юм уу гэдэг маргаан байж болноо. Миний бодлоор эрин үе цаг гэж байдаггүй.
Түүхийг цаг бүтээдэггүй, хүн бүтээдэг. Нам гэдэг бол хүмүүс.
МАХН (тухайн үеийн нэршлээр) найман жилийн өмнө ардчилсан социалист үзэл санааг авсан. Өмнө нь бид социалист үзэл санааг баримталж байсан шүү дээ 1990-ээд оны үед Марксист, Ленинист үзэл суртлаас татгалзаж, социалист үзэл санаа руу ороод нэг, хоёр жилийн дараа Монгол Улсад социализм шууд байгуулах зорилтоос миний үед татгалзаж, үндэсний ардчилсан үзэл санааг эргүүлж авахаар шийдсэн юм.
Түүний дараа ардчилсан социалист үзэл санааг хүлээж авсан. Тэгэхээр үзэл санаагаа ингээд өөрчлөөд байгаа нам маань зохион байгуулалтын хувьд нэг бүтэцтэй байсан. Үйл ажиллагаа нь нэг л юманд чиглэж байсан. Энэ хоёр гол багана нь хөдөлгөөнгүй байсан. Тэгээд дээр нь хүмүүс байсан.
1920-иод оны хүн 1990 онд цөөхөн л байсан нь мэдээж. Гэхдээ тэднийг өвлөж залгаж ирсэн мах цус, тархи зүрхээрээ холбоотой амьд организм нь хэвээр байсан. Тийм учраас үзэл санаагаа амжилттай өөрчилж ирсэн.
Бусад намын хувьд 10 хэдэн жилийн өмнө социал демократ, барууны, либерал гээд үзэл онол авсан. Гэхдээ энд өөрийнхөө нөхцөлөөс гаргаж ирсэн үзэл онол ховор байсан учраас барууны, зүүний намууд нэгдэхэд ч амархан байх жишээтэй.
Тийм учраас зонхилогч намын өөрчлөлт, хөдөлгөөн, шинэчлэл болон шинэ улс төрийн хүчнүүдийн энэ чиглэлийн хөдөлгөөн хоёр өөр байгаа.
–Тэгвэл манайд олон намын системийн чиг хандлага хаашаа явж байна вэ?
– Нэг талаас МАХН, нөгөө талаас эвсэл гээд хоёр том улс төрийн хүчин парламентад суудал авч Засгийн газраа байгууллаа. Гэтэл тэрний хажуугаар өөр намууд байна. Өнгөцхөн харахад хоёр намын тогтолцоо руу шилжээд байх шиг. Гэтэл Б.Жаргалсайхан, С.Оюун, Б.Эрдэнэбатын гээд бусад намуудыг үгүйсгэж боломгүй. Дээрээс нь бас шинэ нам байгуулах сураг гарав уу? Ингээд харахаар хоёр намын тогтолцоо руу орох болоогүй байна.
Парламент дахь олон намын тогтолцоо гэдэг заавал хорь, гуч, эсвэл хоёрхон нам байна гэсэн үг биш. Тэр бол улс орны нийгэм эдийн засгийн алаг эрээн байдлаас шалтгаалах асуудал байх л даа. Цаашдаа хоёр намын тогтолцоо руу явах уу үгүй юү гэдгийг өнөөдөр хэлэх боломжгүй ээ.
-Төр төвтэй засаглал тогтоох Үндсэн хуулийн заалттай атлаа нам төвтэй засаглал руугаа буцаж орох гээд байна. Төрийн бодлогод эрх баригч намуудын нөлөөлөл хэт их байна гэсэн шүүмжлэл бий. Төр, нам хоёрын харьцаа ямар байх ёстой вэ?
-Тухайн нам эрх барьж байгаа нөхцөлд тэр намын эрх ашиг, улс орны эрх ашиг хоорондоо заавал зөрдөг. Би нам удирдаж байгаа бол намынхаа сонирхлоор л явна. Сөрөг намынхан асуудалд бас л өөрийнхөө хувийн сонирхлоор хандана.
Уг нь улс төр, засаг болоод нам хоорондын энэ асуудлыг зохицуулах тийм ч төвөгтэй асуудал биш л дээ. Тухайн намын төлөөлөгчид болох хүмүүс л төр засгаа удирдаад байж байгаа шүү дээ.
Гэхдээ үүнийг шийдэж зохицуулж байна гээд цөөн хүний гарт намын бүх эрх мэдлийг төвлөрүүлээд төр төвтэй гэдэг нь зарчмаа баригдмал байдалд оруулчихдаг тал байна.
Уг нь нам өөрийнхөө үндсэн чиглэлийг өгч, өөрийнхөө үзэл бодлыг парламент, Засгийн газарт ажиллаж буй хүмүүстээ ардчилсан маягаар ойлгуулах ёстой. Тэгээд парламент нь чөлөөтэй сонгогчдынхоо эрх ашгийг хамгаалах үүднээс ажиллавал илүү ардчилсан болно л доо.
Ардчилал гэдэг бол үзэл санаа л юм. Эрх чөлөө гэдэг чинь үзэл бодол, эрх зүйн шалгууруудад л байгаа шүү дээ. Парламентын сонгуулиар ард түмэн сонгоод л байдаг. Эрх чөлөөг нь хангаж өгдөггүй.
Парламентад нэг нөхөр очоод л “Би сонгогчдынхоо төлөө ажиллаж чадахгүй нь ээ. Манай намын дарга нар ингээд байна шүү дээ” гээд байвал тэр нам сонгуульд яаж ялах юм бэ.
Парламент, засгийг намын цөөн хүний мэдэлд өгнө гэдэг бол эргээд намын дотоод ардчилалд ч хортой. Дээрээс нь нийгэмд хортой.
Өнгөрсөн цаг үеүдэд ийм намууд байсан. Гэхдээ бид өнөө цагийн намын асуудал ярьж байгаа учраас нам бол илүү ардчилсан байх шаардлагатай гэдэг нь гарцаагүй. Нөгөө талаар нам сахилгатай байх ёстой. Тэгэхгүй бол тараад явчихна.
-Сүүлийн үед МАХН-ын шинэчлэлийн асуудал хүчтэй яригдаж, сонин хэвлэлээр ч бичиж байгааг Та анзаарсан байх…?
-Зав чөлөөндөө хэвлэл гарчиглаж л байх юм үнэн. “Үнэн” сонины редакцийн өгүүлэл хийгээд тэрхүү өгүүлэлтэй холбогдуулж санал хүсэлтээ илэрхийлж буй уншигчдын бичсэн, ярьсныг үзсэн. Намыг шинэ нөхцөл байдалд зохицуулах, цаашид өөрчлөн шинэчлэх бодлого боловсруулахад чухал ач холбогдолтой санаанууд дэвшүүлсэн билээ.
Аль ч улс төрийн намд, тэр тусмаа манай намд ололтоос гадна дутагдал ажиглагддаг. Дутагдал, доголдол урьд нь байсан, одоо байгаа, хойшид ч байхыг үгүйсгэхгүй.
Зүй нь намын удирдлага намын дотоодод алдаа гарвал өөрөө бүхнээс урьтаж олж харсан байх учиртай. Нэгэнтээ олж харсан бол тэр алдаа эндэгдлийг засаж залруулах ажлыг ч намын удирдлага санаачилж хэрэгжүүлэх учиртай.
Хэрвээ намын удирдлага намынхаа дотоод алдаа дутагдлыг өөрөө олж хараагүй юм бол уг дутагдлыг нь хэлсэн хэн нэгний санаа бодлыг хамгийн урьд сонсож, түүнийг дэмжиж ажиллах ёстой.
Хэрвээ бодитой байгаа шүүмжлэлийг хүлээн авахгүй, идэвхгүй хандах, эсвэл эмзэглэх юм бол намын ажил амьдрал доройтон сулрахад хүрнэ. Ер нь МАХН-ын алдааг засаж шинэчилж өөрчлөхөд “Үнэн” сонин үе үе үүрэг гүйцэтгэсэн түүхтэй.
-Таныг нам удирдаж байх тэр үед намын хэвлэл танд шүүмжлэлтэй хандаж байсан уу?
– Би дээр хэлсэн шүү дээ. Намд өмнө ч алдаа эндэл байсан гэж. Намд шинэчлэл эхэлснээс хойш, Г.Очирбат гуай намыг удирдаж байхад ч, намайг удирдаж байхад ч дутуу харах, дутуу ойлгох явдал байсан. Би мэдэрч байсан, бас хэвлэлээрээ ч шүүмжлүүлж байсан. Тэгэж шүүмжиллээ гээд бид сэтгүүлчдэд хорсоогүй, баалаагүй. Хэрэв бодит үнэн дутагдал байвал дүгнэлт хийж арилгадаг байлаа.
Хэрвээ нам өөрийнхөө дутагдлыг өөрөө олж харахгүйн дээр олж харсан хэвлэл, хүмүүсийн үгийг эс сонсвол намын үйл ажиллагаа бүдгэрч доройтох нь гарцаагүй ээ.
-Миний асуултад таныг эмзэглэхгүй байх гэж найдаж байна. Экс ерөнхийлөгч Багабанди, экс намын удирдагч Даш-Ёндон, одоогийн намын Ерөнхий нарийн бичгийн дарга Баяр нар нийлж шинэ нам байгуулах гэж байна гэсэн яриа тархсан. Үүнд та бодит үнэн тайлбарыг өгнө үү?
-Иймэрхүү яриа гарсныг би сонссон. Энэ яриаг улс төрийн ашиг сонирхлоор зориуд зохиож санаатайгаар тараасан байж болно. Эсвэл энэ гурав нийлж ямар нэгэн юм ярьж байгаадаа гэж хий таамаглаж байгаад санамсаргүй тараасан цуурхал байж болно. Аль нь ч байлаа гэсэн бодит үнэнд огт нийцсэнгүй. Багабанди ерөнхийлөгч нам удирдаж байлаа, би бас намаа удирдаж байв. Одоо С.Баяр удирдалцаж байна. Тэгэхээр бид гурав намтайгаа холбоотой хүмүүс.
Өөрийнхөө удирдаж байсан намыг хагалж бутаргах, егүүтгэх тийм совесть бидэнд яаж байх билээ.
Хамгийн наад зах нь гэхэд МАХН (МАН) бол олон түмний нам, олон түмэн өөрсдөө эвлэлдэн нэгдэж байгуулсан нам. Манай намыг нэг хүн ганцаараа байгуулаагүй.
Ертөнцийн түүхнээ харвал улс төрийн нам дээр дөрөөлж улс төрийн тавцанд гарах гэж боддог хүмүүс бий. Тийм хүмүүс өөрийнхөө намыг байгуулдаг. Тэгэж нэг хүний байгуулсан намыг эзэн нь тарааж, унагаж ер нь яаж ч болно доо.
Гэтэл МАХН (МАН) бол хэний ч нам биш, зөвхөн 160 мянган гишүүдийн ч нам биш, олон түмний нам юм шүү. Миний энэ үг өөрсдөө нам байгуулагчдад бол хоцрогдсон мэт сонсогдох. Гэтэл харамсалтай нь энэ үг хоцрогдсон бус жинхэнэ бодит үг юм. Би Софигоос ирээд экс Ерөнхийлөгчтэйгөө уулзаж амжаагүй л яваа. Харин Баяртай бол уулзалдсан. Тэгэхдээ бид хоёр улс төрийн намын ажлаар хоорондоо ярилцах гэсэнгүй. Ямар ч гэсэн манай нам өнөөгийн дутагдал гажуудлаа зоригтой илрүүлж, шинэчлэн сайжруулах нь гарцаагүй
-Таныг Ерөнхий нарийн бичгийн дарга байхад тус намд жигүүрүүд байгуулагдан ажиллаж байсан.Та намынхаа жигүүрүүдийг хэрхэн хүлээн авч байсан бэ?
– Бид дээр МАХН (МАН) бол ард түмний нам гэж ярьсан даа. Хэрвээ үнэхээр ард түмний нам юм бол намын доторх жигүүр байхыг хүлээн зөвшөөрөхөөс аргагүй.
Нам жигүүрийг хүлээн зөвшөөрөхгүй байх нэг л тохиолдол бий. Тэр нь уг нам нэг хүний санаачилгаар байгуулагдсан “хувийн нам” байвал жигүүрийг нам байгуулагчийн үзэмжээр хүлээн зөвшөөрөхгүй байж болно.
Гэтэл манайх олон түмний нам учраас жигүүрийг хүлээн зөвшөөрч байж эв нэгдлээ хангаж чадна.
Жигүүр үүснэ гэдэг чинь тэртээ тэргүй зөрчил буйн илрэл. Тэгээд бодоод үз л дээ. Үүссэн зөрчлийг намаа хагалахгүйгээр илааршуулъя гэж хэн ч бодно биз дээ.
-Гэтэл намын Бага хурлаар жигүүр байгуулах тодорхой босготой шүү дээ…?
-Намд жигүүр зайлшгүй байх ёстой гэж би хэлээгүй. Харин намын дотор зөрчил үүсвэл жигүүр гарч ирнэ, гараад ирвэл зөвшөөрөхөөс аргагүй л гэж хэлж байгаа юм. Жигүүрийг Бага хурлын гишүүдийн цөөхөн хувийн саналаар хүлээн зөвшөөрөх босго босго байх нь зүйтэй бус уу. Хэрэв 50 дээр нэмэх 1 гэдэг зарчмаар жигүүрийг хүлээн зөвшөөрүүлнэ гэвэл цаад утгаараа өнөөх жигүүр чинь их биеэсээ том нам болчихно гэсэн үг.
Нөгөө талаасаа хэрвээ өндөр босго тавих аргаар жигүүрийг хэзээ ч хүлээн зөвшөөрөхгүй гэвэл намын нэгдэлд хор хүргэнэ. Аливаа юмыг эсэргүүцэж тэмцэж болно. Гэхдээ өөрийн эсрэг хүчин зүйл болтол эсэргүүцэж болохгүй.
-Өнөөдөр таны удирдаж байсан намд яг ямар шинэчлэл хэрэгтэй гэж та бодож байна вэ?
-МАХН (МАН)-ын үйл ажиллагааны шинэчлэл гэж байна. Одоо үүнийг л шинэчлэх учиртай. Нам олон түмэнтэйгээ холбогдож, дотоод ардчиллаа сайжруулах гээд хийх юм их байгаа. МАХН парламентад өөрийгөө жинхэнэ ёсоор илэрхийлэх хэрэгтэй. Ардчилсан социалист үзэл санаагаа иргэншүүлж байж өөрийгөө жинхэнээр нь таниулна. Намын удирдлагын анхаарлаасаа холдуулж болохгүй хоёр чухал ажил бий.
Нэг дэх нь олон түмэнтэй байнга уулзаж тэдний санал хүсэлтийг сонсож байх. Энэ ажилд цаг хайрлах хэрэггүй. Хоёрдугаарт, улс орны ажил амьдралын үйл ажиллагаанд үнэлэлт дүгнэлт өгч, бүх үйл ажиллагааг нь нарийн мэдэрч, зөв голдирол руу чиглүүлж өгөх нь зүйтэй болов уу. Үйл ажиллагааны шинэчлэл дутагдсан намын дотоод зөрчил тасрахгүй.
-Сүүлийн үед элдэв хөдөлгөөнүүд ар араасаа мэндэлж байна. Үүний цаад учир шалтгаан юундаа байна вэ?
-Хөдөлгөөн гэдэг чинь ерөөсөө хүний эгдүүцэл дургүйцлийн илэрхийлэл биз дээ. Хүн эгдүүцлээ махан биеэрээ зохион байгуулалттайгаар илэрхийлээд байна шүү дээ. Тэгж дургүйцлээ илэрхийлэх шалтгаан юу байна вэ. Энэ хүмүүсийг хүндэтгэх ёстой.
Ийм хөдөлгөөнүүд гараад байгаагийн шалтгаан нь ажилгүйдэл, ядуурал. Өмсөх хувцастай, идэх хоолтой байгаа хүмүүс нэг их дургүйцээд байх уу, үгүй юү. Улс төрд намайг оролцуулаагүй гэж жагсаж байгаа юм бол тэр шалтгаан нь тодорхой. Харин энэ хөдөлгөөнүүд бол алт мөнгөний тухай ярьж тухай ч ярьж байна, уул уурхайн тухай ч ярьж байна.
Заримынх нь яриаг сонсож байхад тэр их алт мөнгөнөөс чинь авъя гэж хэлэхгүй байх шиг байгаа юм. Улсын төсөвт юм орохгүй байна, ард түмний амьдрал дорой байна л гэж ярьж байна. Бүр МЭӨ V зуунд Аристотелийн бичсэн номонд “Ядуурал бол эгдүүцэл дургүйцлийн шалтгаан” гэж бичсэн байдаг. Ер нь эдгээр хөдөлгөөний үгийг төр засаг их анхааралтай сонсох ёстой. Гэхдээ тэдний шаардаж буй юмыг төр, засаг барахгүй ч байж болно. Хамгийн гол нь тэрийгээ ойлгуулах л ёстой байх.
-Төр засаг бодлогоо явуулж чадахгүй байгаагаас улс төр гудамжинд гарлаа гэдэгтэй та санал нийлэх үү?
-Төр засаг явуулж байгаа бодлогоо өнөөдрийн бүтцийнхээ дотор хийе гэхээр бас бэрхшээлтэй байх шиг байна. Дотоод зөрчлөөсөө болоод яг олон түмний хүсэн хүлээж байгаа юм уу, эсвэл улс орны эрх ашигт онцгой хэрэгтэй тийм шийдвэр гаргаж чадахгүй байж магадгүй шүү дээ. Тэр нь хүнийг гадагшаа гарч, гаднаас үгээ хэлэхэд хүргэж байгаа болов уу гэж бодогдож байна. Өөр бас шалтгаан байж магадгүй. Бүгдийг нь ямар үзээд судалсан биш.
Сая хэдэн залуус Хятадын ресторан, буудал энэ тэр лүү дайрлаа л гэнэ. Энэ чинь их муу зүйл. Яагаад олон түмэн ингэж эгдүүцэл дургүйцлээ илэрхийлээд байна гэхээр хэлж байгаа юмыг нь тоохгүй болохоор өөрсдийн биеэр эсэргүүцлээ илэрхийлж байна шүү дээ. Хэдхэн хүнийг аваачаад шоронд хийчихэж болно. Гэтэл бид чинь хоёрхон их гүрний дунд байж байдаг. Төрийн бодлого үүнд их зөв чиг хандлагатай байх шаардлагатай юм.
-Төр хүчгүй, жижигхэн нөлөөнд автамтгай, тэр бүр асуудал шийдвэрлэх чадамжгүй ч юм шиг болчихоод байгаа нь төрийг удирдаж буй хүмүүстэй холбоотой юу?
-Хүмүүстэй байлгүй яах вэ. Түүнээс биш УИХ, Засгийн газар гэсэн ойлголт тэнд хамаагүй. Парламентыг бид Үндсэн хуулийн дагуу бай зохион байгуулсан. 76 этгээд тэнд сууж байх ёстой. Тэр дотор хэн орох вэ, орсон хойноо юу хийх вэ, орохын тулд яах вэ? Энэ механизм дээр манай монголчууд алдаж эхэлж байгаа юм шиг байна л даа.
Сонгуулийг дэндүү их зардалтай хийж байна. Наад захын хүний гарыг цайлахгүй бол ерөөсөө юм бүтэхээ болилоо, бизнесийн орчин их муудлаа гэх юм. Энэ бүхнийг би худлаа яриа биш байх гэж бодож байна. Нэг их судлаад сурвалжлаад гүйгээд байгаагүй ч нуруутай улсуудын ярианаас энэ бүхэн мэдрэгдэж байна.
Энэ бүхэн чинь төр засгийг үлбэгэр, сулбагар, хүч чадалгүй, энүүхэнд дөрвөн жилээ бодсон, алсыг харах чадваргүй болсныг л харуулж байгаа юм.
Хүч чадалтай төр гэдэг чинь зорьсноо хийдэг, ард түмнийхээ амьдралыг сайхан болгодог төрийг хэлдэг. Түүнээс биш нэг хөдөлгөөн гараад ирэхээр л заримыг нь шоронд хийж аваад санаа амардаг төр байвал ялзарсан төр.
– Та түрүүнд парламентад сонгогдох, дараа нь юу хийх гээд механизм нь буруу байна гэсэн. Механизмыг зөв болгохын тулд яах ёстой вэ. Хуулиудаа боловсронгуй болгох уу?
-Хууль үндсэндээ болж байгаа шүү дээ. Харин хэрэгжихгүй байгаа юм биш үү. Сонгуульд бага зардал гаргадаг болохын тулд Сонгуулийн хуулийг өөрчилье гэж үү? Гэтэл сонгуулийн хуульд “чи тэрэнд мөнгө өг, тэрийг худалдаж ав” гэсэн заалт байхгүй шүү дээ. Шударгаар явуулан санал худалдаж авч болохгүй гэсэн заалт л байгаа. Хууль зөрчлөө гэхэд баримт тэр бүр олддоггүй юм шиг байгаа юм. Гэтэл нүдэн дээр нь ил харагдаад байдаг гэж улсууд ярих юм байна. За тэгээд авлигал, хээл хахууль гэж байна. Энэ бүхнийг өөрчлөхийн тулд заавал шинэ хууль хэрэггүй байх. Энэ бүхнийг өөрчлөхийн тулд зөв хүмүүсээ гаргаж ирэх хэрэгтэй.
Парламентын гишүүн бол парламентын гишүүн шиг л байх хэрэгтэй. Тэгэхгүй бол зүгээр давхиж явж байгаад л сонгууль дөхөөд ирэхээр нам руугаа хэдэн төгрөг бариад гүйчихдэг.
Бид чинь хүнээ бодлоготойгоор бэлтгэхгүй бол улс төрийн оюуны үнэлэмж алга болж байна.
2005 он. “Монголын үнэн” сонин