УИХ-ын гишүүн П.Сайнзориг өчигдөр Монголын эдийн засгийг дампуурал зарлах хэмжээнд хүрсэн учир ОУВС-гийн хөтөлбөрт хамрагдахыг шахаж байгаа хэмээн улстөржсөн мэдэгдэл хийсэн.
Мөн тэрээр төрийн данс улайсан, цалин, тэтгэврээ тавьж чадахгүйд хүрч буй, Ерөнхий сайд Г.Занданшатарын ярьж буй тоонууд бүгд худлаа гэсэн юм. Түүний мэдэгдлийн араас Сангийн сайд С.Жавхлан гарч ирж, хэвлэлийнхэнд мэдээлэл өгсөн.
Сангийн сайд Үндэсний Статистикийн газар болон Монголбанкны албан ёсны веб сайт дээрх тоонуудад үндэслэн дараах хоёр тоон мэдээллийг өгөв.
- Төсвийн хөрөнгө оруулалтын гүйцэтгэл 50 гаруй хувьтай байна.
- Есдүгээр сарын 30-ны байдлаар Монгол Улсын валютын нөөц 5 тэрбум 874 сая төгрөг байна. (4-5 сарын импортын хэрэгцээг хангах хэмжээний үлдэгдэлтэй)
Харин ОУВС-гийн дүгнэлтийн талаар “Өнгөрсөн долоо хоногт Монголд ирээд явсан ОУВС-гийн баг ямар нэгэн эрсдэлтэй гэсэн дүгнэлт гаргаагүй. Улс орнуудын зээлжих зэрэглэлийг Fitch агентлагаас Монгол Улсын зээлжих зэрэглэлийг +B буюу тогтвортой гэж өнгөрсөн жил үнэлсэн. Энэ жил ч энэ үнэлгээгээ хэвээр гэдгийг олон улсад зарласан” гэв.
Тэгвэл ОУВС-гийн албан ёсны вэб сайт дээр есдүгээр сарын 15-нд нийтэлсэн дүгнэлтэд IMF Executive Board Concludes 2025 Article IV Consultation with Mongolia юу гэж дурдав?
ОУВС: Монголын эдийн засаг өсөж байгаа ч нүүрсний хамаарал эрсдэл дагуулж байна
Олон улсын валютын сан (ОУВС) 9-р сарын 15-нд Монголын эдийн засгийн талаарх жил бүрийн үнэлгээгээ нийтэлжээ.
Тэнд дурдсанаар, 2023–2024 онд уул уурхай, ялангуяа нүүрсний экспорт өсч, ямартай ч төсвийн орлого нэмэгдэх хөшүүрэг болжээ. Гэвч 2025 оны эхний хагаст нүүрсний экспорт эрс буурсны улмаас орлого хумигдаж, валютын ханш өсөх, төсвийн алдагдал нэмэгдэх нөхцөл үүсчээ.
ОУВС Монголын эдийн засгийн өсөлт 2025 онд 5.5 хувь орчим байх төлөвтэй гэж дүгнэжээ. ХАА-н үйлдвэрлэлийн сэргэлт, зэсийн баяжмалын экспорт нэмэгдэж буй зэргээс эдийн засгийн өсөлт сэргэж буй. Гэхдээ нүүрсний орлого буурсан нь сөргөөр нөлөөлсөөр буйг онцолжээ.
Мөн инфляц өндөр хэвээр байгаа гэсэн байна.
Монгол Улс уул уурхайн орлогоос хэт хамааралтай хэвээр байгаа тул татварын орлогоо нэмэгдүүлэх, зарлагаа хянах, төсвийн дүрмээ тогтвортой барих шаардлагатай гэж зөвлөжээ.
Г.Занданшатарын Засгийн газар байгуулагдсаныхаа дараа төсвийн зарлагаа танах ажил хийснийг ОУВС сайшаасан байна. Гагцхүү төсвийн дүрмээ байнга өөрчилж болохгүй гэжээ.
Мэдээж Монголд байнга зөвлөдөг бизнесийн орчныг сайжруулах, авлигатай тэмцэх, засаглалыг бэхжүүлэх зэрэг зөвлөмжөө давтан өгчээ.
Монголын эдийн засаг өнөөдөр өсөж байгаа ч хэт уул уурхай, тэр дундаа нүүрсэнд найдаж буй нь тогтвортой бус. Дээр нь мэдээж уул уурхайн бүтээгдэхүүний үнийн савалгаа, худалдан авагч талын эрэлт, хэрэгцээнээс шалтгаалах тул дотоодын бодлогоо тогтвортой байлгах нь хамгийн чухал гэж зөвлөж байна.
Г.Занданшатарын Засгийн газар ОУВС-гийн бодлогын зөвлөмжийг хэрхэн дагаж байна вэ?
Дотоод улс төрийн болон гадаад зах зээлийн орчин тийм ч таатай бус нөхцөлд бүх асуудлыг амар шийдчих боломжгүй. Гэхдээ Г.Занданшатарын Засгийн газар зарим дүнтэй алхмууд хийж байгаа нь 100 хоногийн тайлангаас нь харагдаж байгаа юм.
Үүгээрээ ОУВС-гийн зарим зөвлөмжийг дагаж буй гэж хэлэх үндэстэй.
Л.Оюун-Эрдэнийн Засгийн газрын хэт данхайсан төсвийн зарлагыг танах алхмыг 2025 оны төсвийн тодотголоор хийснээ Ерөнхий сайд Г.Занданшатар “Хэмнэлтийн төсөв” гэж нэрлэсэн бөгөөд төсвийн зардлыг нийтдээ 1 их наяд 508 тэрбумаар бууруулсан.
Мөн “Эрдэнэс Тавантолгой”-д онцгой дэглэм тогтоосноос гурван сарын дотор нийт 5.8 сая тонн нүүрс борлуулсан, 513.8 сая долларын орлого олсон,биржийн арилжааг сэргээсэн тухайгаа мэдээлсэн билээ. Өнгөрсөн 9-р сард 3.2 сая тонн нүүрс экспортолсон нь бүх цагийн үеийн хамгийн өндөр амжилт болжээ.
ОУВС-гийн зөвлөсөнчлөн уул уурхайн бус татварын орлогыг нэмэгдүүлэх, төсвийн төслийг олон нийтээс санал авч боловсруулах, ил тод болгох гэх мэт нааштай алхмууд хийж ирэв.
Өнгөрсөн зургадугаар сарын тайландаа ОУВС мега төслүүдийг үнэлэхийг бас зөвлөсөн байдаг. Г.Занданшатарын Засгийн газар гарч ирээд 14 мега төсөлд үнэлгээ хийж, Тавантолгойн цахилгаан станц ,зэс боловсруулах үйлдвэр, гангийн цогцолбор, алт цэвэршүүлэх үйлдвэр, Нүүрс химийн цогцолбор гэсэн 5 төслийг эхний ээлжинд хэрэгжүүлэхээр эрэмбэлсэн билээ.
Politiko тоймч