Ерөнхий сайдыг огцруулсан УИХ-ын үйл ажиллагаа нь Үндсэн хууль зөрчсөн гэж үзсэн Цэцийн дэлгэрэнгүй дүгнэлт

politiko

Үндсэн хуулийн цэцийн Их суудлын өчигдрийн хуралдаанаар  УИХ-ын дэд дарга, гишүүн Х.Булгантуяагийн үйл ажиллагаа,  Ерөнхий сайдыг огцруулах асуудлыг хэлэлцсэн УИХ-ын чуулганы 2025 оны 10 дугаар сарын 17-ны өдрийн нэгдсэн хуралдаанаас гарсан Ерөнхий сайдыг огцруулах тухай УИХ-ын тогтоол нь Монгол Улсын Үндсэн хуулийн холбогдох заалтыг зөрчсөн эсэх асуудлыг хянан хэлэлцсэн. 

Цэцийн их суудлын хуралдааны шийдвэрийг өчигдөр үдшийн 22.50 минутад Цэцийн гишүүн О.Мөнхсайхан уншиж танилцуулсан бөгөөд Ерөнхий сайдыг огцруулсан УИХ-ын үйл ажиллагаа нь Үндсэн хууль зөрчсөн гэж шийдвэр гарсан. Мөн Цэцийн их суудлын хуралдааны шийдвэрийг УИХ хүлээж авахгүй гэх ойлголт байхгүй, шууд хэрэгжих юм.

Үндсэн хуулийн цэцийн Их суудлын хуралдааны дүгнэлтээс”МОНГОЛ УЛСЫН ЕРӨНХИЙ САЙДЫГ ОГЦРУУЛСАН ҮЙЛ АЖИЛЛАГАА НЬ МОНГОЛ УЛСЫН ҮНДСЭН ХУУЛИЙГ ЗӨРЧСӨН ТУХАЙ” дүгнэлт , шийдвэрийг Цэцийн гишүүн О.Мөнхсайханы танилцуулснаар дэлгэрэнгүй хүргэж байна.  

Монгол Улсын үндсэн хуулийн  43 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт “УИХ-ын гишүүдийн дөрөвний нэгээс  доошгүй нь Ерөнхий сайдыг огцруулах саналыг албан ёсоор тавьбал УИХ гурав  хоногийн дараа хэлэлцэж эхлэн, 10 хоногийн дотор шийдвэрлэнэ. УИХ-ын нийт гишүүний олонх уг саналыг дэмжсэн бол Ерөнхий сайдыг огцруулах тухай УИХ-ын тогтоол баталсанд тооцож, шинэ   Ерөнхий сайдыг 30 хоногийн дотор томилно” гэж 2019 оны 11 дүгээр сарын 14-ний өдөр Монгол Улсын Үндсэн хуульд оруулсан нэмэлт өөрчлөлтөөр өөрчлөн найруулсан байна.

УИХ-ын   гишүүдийн дөрөвний нэгээс  доошгүй нь Ерөнхий Ерөнхий сайдыг огцруулах саналыг албан ёсоор тавьбал  гэдэгт 32, эсвэл  түүнээс дээш гишүүн Ерөнхий сайдыг огцруулах саналыг албан ёсоор тавьсан байхыг ойлгоно.

Монгол Улсын Их хурлын гишүүд 2025 оны 10 дугаар сарын 7-ны өдрийн …. тоот албан бичгээр Монгол Улсын Ерөнхий сайдыг огцруулах тухай саналыг УИХ-ын дарга Д.Амарбаясгаланд тавьсан бөгөөд уг саналд 54  гишүүний гарын үсэг зурсан байгаа нь ҮХЦ-ийн хуралдаанд ирүүлсэн нотлох баримтаар тогтоогдож байна.

 УИХ гурав  хоногийн дараа хэлэлцэх хугацааг тухайлан заасан нь уг хугацаанд УИХ-ын гишүүн бүр тус саналтай тэгш эрхтэйгээр танилцах, судлах, санал, асуултаа боловсруулах, Ерөнхий сайд хариу тайлбараа бэлдэх боломж олгох зорилготой тул уг саналыг УИХ-д албан ёсоор тавьсан даруйд УИХ-ын гишүүдэд хүргүүлэх нь зүйтэй байна.

Гэвч УИХ-ын гишүүн П.Сайнзоригоос ТББХ-ны дарга Ц.Сандаг-Очирт хандан явуулсан 2025 оны 10 дугаар сарын 9-ний өдрийн   хүсэлтэд “Ерөнхий сайдыг огцруулах талаар  гаргасан бидний саналыг ТББХ-ны хуралдаанаар уг асуудлыг хэлэлцэж эхлэх үед тараалгах арга хэмжээ авна уу” гэсэн байх бөгөөд 2025 оны 10 дугаар сарын 7- 9-ний өдөр энэхүү саналыг УИХ-ын гишүүдэд хүргүүлээгүй тухай тайлбарыг маргалдагч талаас ирүүлээгүй байна.

Тус хүсэлтийн улмаас Монгол Улсын Ерөнхий сайдыг огцруулах тухай саналыг 2025 оны 10 дугаар сарын 10-ны өдрийн ТББХ-ны хуралдаанд УИХ-ын гишүүдэд хүргүүлсэн гэдэг нь гэрчийн мэдүүлэг болон бусад нотлох баримтаар тогтоогдож байна.

Ерөнхий сайдыг огцруулах саналыг 10 хоногийн дотор шийдвэрлэх гэдэгт УИХ-ын гишүүдийн дөрөвний нэгээс  доошгүй нь санал албан ёсоор тавьсан өдрөөс хойш 10 хоногийн дотор шийдвэрлэхийг ойлгоно. Монгол Улсын Их хурлын  54 гишүүн 2025 оны 10 дугаар сарын 7-ны өдөр саналыг албан ёсоор тавьсан тул 2025 оны 10 дугаар сарын 17-ны өдөр багтаан шийдвэрлэх шаардлагатай байжээ.

 УИХ 2025 оны 10 дугаар сарын 17-ны өдрийн Монгол Улсын Ерөнхий сайдыг огцруулах тухай 95 дугаар тогтоолоор 10 хоногийн хугацаанд багтаан шийдвэрлэсэн байна.

Ерөнхий сайдыг огцруулсан үйл ажиллагаа нь УИХ-ын нийт гишүүний олонх уг саналыг дэмжсэн бол Ерөнхий сайдыг огцруулах тухай УИХ-ын тогтоол батлагдсанд тооцох гэсэн хэсгийг зөрчсөн эсэхийг шалгахад дараах үндэслэл тогтоогдож байна.

 Үндсэн хуулийн 43 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн агуулгыг тайлбарлахын тулд бичвэрийн үгийн шууд утга, 2019 оны 11 дүгээр сарын 14-ний өдөр Монгол Улсын Үндсэн хуульд оруулсан нэмэлт өөрчлөлтөөс өмнөх үеийн түүхэн нөхцөл байдал, уг өөрчлөлтийн зорилго зэргийг харгалзахаас гадна Үндсэн хуулийн бусад зохицуулалттай холбож системчлэн тайлбарлах нь зүйтэй.

 Үндсэн хуулийн 43 дугаар зүйлийн нэг дэх хэсгийн бичвэрт Ерөнхий сайдын огцруулах саналыг “уг саналыг” гэж тусгасан нь Байнгын хорооны саналын нийт гишүүний олонхоор шийдвэрлэнэ гэх агуулгыг илэрхийлэхгүй бөгөөд үгийн шууд утгаар “Ерөнхий сайдыг огцруулах саналыг нийт гишүүний олонхын саналаар шийдвэрлэнэ” гэж ойлгогдохоор байна

 Үндсэн хуулийн зохицуулалтыг тайлбарлахдаа эх бичвэрийн үгийн шууд утгыг ашиглахаас гадна тухайн зохицуулалтын зорилгыг харгалзан үзэх нь Үндсэн хуульт ёс оршин бэхжихэд ач холбогдолтой.

Тиймээс 2019 оны 11 дүгээр сарын 14-ний өдрийн нэмэлт, өөрчлөлтөөр Үндсэн хуулийн 43 дугаар зүйлийн 1 дэх хэсгийг өөрчлөн найруулах болсон зорилгыг тогтоох нь зүйтэй байна.

Үндсэн хуульд оруулах нэмэлт, өөрчлөлтийн төслийн үзэл баримтлалд Үндсэн хуулийн 43 дугаар зүйлийн нэг дэх хэсгийг өөрчлөх үндэслэлийг тусгажээ.

Тодруулбал, Үндсэн хууль батлагдахаас хойшхи хугацаанд нийт 14 Засгийн газар  байгуулагдсан бөгөөд хоёроос бусад нь бүрэн эрхийн хугацаа дуусахаас өмнө огцорч байжээ.

Нэг парламентын бүрэн эрхийн хугацаанд  дөрвөн Засгийн газар  солигдож байсан тохиолдол ч гарч байв. Засгийн газрын  дундаж бүрэн эрхийн хугацаа 1,8 жил байгаагаас Монгол Улсын нийгэм эдийн засгийн тулгамдсан асуудлыг шийдвэрлэх бодлогыг тууштай хэрэгжүүлж, үр дүнг нь үзэх боломжгүй болж, ардчилсан дэглэмд итгэх иргэдийн итгэлийг сулруулж байна.

 Засгийн газрыг  бүрдүүлж, сайд нарыг томилох, чөлөөлөх, огцруулахад УИХ-д өргөн эрх мэдэл олгосон нь Засгийн газрын  танхимын зарчмаараа ажиллах зарчмыг алдагдуулжээ гэсэн байна. Парламентын засаглалтай улсад хууль тогтоох эрх мэдлээс гүйцэтгэх эрх мэдлийн хуулийн биелэлтийг хангах чиг үүрэгт хяналт тавих хариуцлага тооцох зарчим чухал боловч гүйцэтгэх эрх мэдлийн бие даасан байдал суларч, үйл ажиллагаа хэт тогтворгүй байх нь ардчилсан дэглэмийг сулруулах эрсдэлтэй байдаг.

Тиймээс Үндсэн хуульд Ерөнхий сайдыг огцруулах шийдвэр гаргахад шаардлагатай УИХ-ын гишүүний тоог ердийн шийдвэр гаргах босгоос  илүү өндөр босгоор тогтоосон бөгөөд огцруулах журмын зохицуулалтыг тодорхой тусгажээ.

Энэ нь УИХ-ын гишүүд тодорхойгүй эргэлзээ бүхий томьёоллоор санал хураалт явуулснаас улбаалж, өөрийн хүсэл зоригийн эсрэг санал өгөх эрсдэлийг бууруулах зорилготой.

Өөрөөр хэлбэл, УИХ-ын шийдвэр гаргах журмыг тусгасан зохицуулалт нь хуулийн тодорхой бус, ерөнхий зохицуулалтаас үүдэлтэйгээр арга, заль хэрэглэж, гүйцэтгэх эрх мэдлийн бие даасан тогтвортой байдалд сөрөг нөлөө үзүүлэх урвалаа ашиглахаас сэргийлэх үр нөлөөтэй байна.

Энэ талаар ҮХЦ-ийн их суудлын хуралдаанд томилогдсон шинжээч дүгнэлтдээ “43 дугаар зүйл зөвхөн органик хэм хэмжээ байснаасаа зарчмын өөр шинжтэй болж өөрчлөгдөж, зохицуулах үүрэгтэй функциональ хэм хэмжээ болсон бөгөөд Ерөнхий сайдыг огцруулах явц дахь талуудын оролцоо дараалал, хугацаа, үр дагаврыг журамлах болсон юмаа. “Ерөнхий сайдыг огцруулахыг дэмжихгүй” гэсэн санал бол Ерөнхий сайдыг огцруулахгүй гэсэн агуулгатай. Энэ саналыг “дэмжинэ” гэдэг нь огцруулахгүй гэсэн, харин “дэмжихгүй” гэсэн нь огцруулна гэсэн агуулгатай болж байна.

Өөрөөр хэлбэл, буруу логикоор санал хураах нь ойлгоход хялбар байх шаардлагыг хангахгүй байна” гэж тайлбарлажээ.

 Маргагч, маргалдагч талууд Үндсэн хуулийн 43 дугаар зүйлийн нэг дэх хэсгийн уг санал гэдгийг ялгаатай агуулгаар тайлбарласан байна.

Тодруулбал, Монгол Улсын Ерөнхий сайдаас ирүүлсэн хүсэлтэд Ерөнхий сайдыг огцруулахыг дэмжихгүй гэсэн саналын томьёоллоор санал хураалгахаар УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдааны өмнө гэнэт мэдэгдэн зохион байгуулж байгаа нь Үндсэн хуулийг ноцтой зөрчих нөхцөлийг бүрдүүлжээ.

УИХ-ын гишүүн, итгэмжлэгдсэн төлөөлөгчөөс ирсэн албан бичигт “санал хураалтын томьёолол нь парламентын шийдвэр гаргах үйл явцын салшгүй хэсэг бөгөөд парламентын дотоод ажиллагааны бүрэлдэхүүн элемент юм” гэжээ.

Саналын томьёоллын ялгаатай хувилбараас аль нь үндсэн хуулийн зохицуулалтын зорилго буюу парламентын олонхийн итгэл хүлээх зарчмыг алдагдуулахгүйгээр гүйцэтгэх эрх мэдлийн бие даасан тогтвортой байдлыг хангах зорилгод нийцэхийг сонгон хэрэглэх нь зүйтэй байна.

УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаанд “Ерөнхий сайдыг огцруулахыг дэмжих”  гэсэн саналын томьёоллоор санал хураалт явуулсан бол гишүүдэд тодорхой бус байдал, эргэлзээ үүсэхгүй бөгөөд нийт гишүүний олонх “дэмжье” гэсэн санал өгсөн тохиолдолд Ерөнхий сайд огцрох үр дагавар бий болно. Ингэснээр парламентын тогтолцооны үндсэн зарчим буюу гүйцэтгэх эрх мэдэл ард түмнээс сонгогдсон төлөөлөгчдийн олонхийн итгэл хүлээх зарчмыг алдагдуулахгүй юм.

Харин ТББХ-ны Ерөнхий сайдыг огцруулахыг “дэмжихгүй” гэсэн саналыг “дэмжих, эсэх” гэсэн томьёоллоор санал хураалт явуулсан тохиолдолд гишүүдэд тодорхой бус байдал үүсэх, эргэлзээ төрөх, саналын томьёоллыг андуурч саналаа өгөх эрсдэл үүснэ.

Энэ тохиолдолд УИХ-ын гишүүд гүйцэтгэх эрх мэдэлд хариуцлага тооцох бүрэн эрхээ хэрэгжүүлж буй явдал бус, харин санал хураалтад оролцохдоо хүсэл зоригоосоо эсрэг санал өгсөн үйлдэл болно.

 Уг эрсдэл бий болсноор хууль тогтоогчийн гүйцэтгэх эрх мэдэлд хариуцлага тооцох эсэх талаарх бодит хүсэл зоригийг алдагдуулах, гүйцэтгэх эрх мэдлийн бие даасан тогтвортой байдалд зүй бусаар нөлөөлөх магадлалтай байна.

 ҮХЦ нь Үндсэн хуулийг чандлан сахиулах баталгаа болохын хувьд Монгол Улсын Үндсэн хуулийн оршилд тодорхойлсон эрхэм зорилгын хүрээнд Үндсэн хуулийн үндсэн бүтэц, суурь, үзэл баримтлалыг хамгаалах чиг үүргийг хэрэгжүүлнэ.

Үндсэн хуулийн эх бичвэр, үнэт зүйл, эрхэм зорилгыг удирдлага болгосноор Үндсэн хуулийн дотоод нийцлийг алдагдуулахгүй байх, Үндсэн хуулийн зүйл заалт өөр хоорондын зөрчилдөөнгүй байх, ард түмний хүсэл зоригийг эрхэмлэн хамгаалж үндэсний эрх зүйн тогтолцооны нэгдмэл цогц байдлыг хангах юм.

УИХ-ын гишүүн Х.Баасанжаргалаас ирүүлсэн 2025 оны 10 дугаар сарын 21-ний өдрийн   албан бичигт “УИХ дэгээ өөрөө тогтооно гэсэн Үндсэн хуулийн зарчим нь хууль тогтоох байгууллагын дотоод бие даасан институцийн дархлааг баталгаажуулдаг. Энэхүү зарчимд хуралдааны журам, санал хураалтын дэг, шийдвэр гаргах томьёолол зэрэг асуудлыг парламент өөрөө тогтоох, өөрөө тайлбарлах, өөрөө хэрэгжүүлэх бүрэн эрхтэй гэсэн утга агуулагдана” гэжээ.

Шийдвэр гаргах УИХ-ын гишүүдийн тоог зохицуулсан Үндсэн хуулийн зохицуулалт нь саналын томьёоллыг тусгаагүй бөгөөд УИХ-ын хуралдааны дэгээ тогтоох бүрэн эрхийн асуудал гэж үзвэл чуулганы нэгдсэн хуралдаанд саналын томьёоллыг хэрхэн оруулахаас шалтгаалж, 32 гишүүний саналаар ч Үндсэн хуулийн нэмэлт өөрчлөлт оруулах бодит эрсдэл үүсэхээр байна.

 Энэ нь ердийн хууль батлахаас хоёр  дахин бага шалгуур юм. Үндсэн хуулийн нэмэлт өөрчлөлтийг ердийн хууль батлахаас хоёр  дахин бага босгоор батлах Үндсэн хуулийн зарчим үзэл баримтлал байхгүй болно.

 Иймд УИХ-ын шийдвэр гаргах журмыг зохицуулсан Үндсэн хуулийн заалтыг эерэг утгаар ойлгоно.

Тухайлбал, УИХ шийдвэр гаргах журмыг Үндсэн хуулийн 35 дугаар зүйлийн 2, 43 дугаар зүйлийн 1, 44 дүгээр зүйлийн 1, 68 дугаар зүйлийн 2, 69 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт тус тус зохицуулсан байна.

Үндсэн хуулийн эдгээр зохицуулалтын дагуу шийдвэр гаргахдаа Ерөнхийлөгчийг огцруулахыг дэмжих эсэх, Ерөнхий сайдыг огцруулахыг дэмжих эсэх, Ерөнхий сайдын итгэл хүлээх тогтоолын төсөл  батлахыг дэмжих эсэх, Үндсэн хуульд нэмэлт өөрчлөлт оруулах асуудлаар Ард нийтийн санал асуулга явуулахыг дэмжих эсэх, Үндсэн хуульд нэмэлт, өөрчлөлт оруулахыг дэмжих эсэх гэсэн Үндсэн хуулийн томьёоллоор санал хураах шаардлагатай байна.

Монгол Улсын 1992 оны Үндсэн хуулийн эх бичвэрийн 43 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт “УИХ Засгийн газрыг  огцруулах тухай өөрөө санаачилсан болон Ерөнхийлөгчийн санал, Ерөнхий сайдын мэдэгдлийг хүлээн авснаас хойш 15 хоногийн дотор Засгийн газрыг огцруулах эсэхийг хэлэлцэн шийдвэрлэнэ” гэж, 4 дэх хэсэгт “УИХ-ын гишүүдийн дөрөвний нэгээс  доошгүй нь Засгийн газрыг огцруулах тухай саналыг албан ёсоор тавьбал УИХ хэлэлцэн шийдвэрлэнэ гэж ЗГ-ыг огцруулах саналыг хэн тавих, хэрх, хэдэн хоногийн дотор шийдвэрлэх талаар ерөнхий зохицуулсан” байжээ.

Харин 2019 оны өөрчлөн найруулсан хувилбар нь Ерөнхий сайдыг огцруулах саналыг хэн гаргах, хэдэн хоногийн дотор шийдвэрлэх зохицуулалтаараа өмнөх хувилбартай төстэй боловч “УИХ-ын нийт гишүүний олгох уг саналыг дэмжсэн бол Ерөнхий сайдыг огцруулах тухай УИХ-ын тогтоол батлагдсанд тооцно” гэж Ерөнхий сайдыг огцруулах шийдвэр гаргах журмын талаар нэмж тодорхой зохицуулсан байна.  

Мөн Ерөнхий сайдыг ийнхүү огцруулснаас хойш 30 хоногийн дотор шинэ Ерөнхий сайдыг томилоогүй бол Үндсэн хуулийн 22 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт заасны дагуу Ерөнхийлөгч УИХ-ыг тараах шийдвэр гаргах санкц бий болгосноороо ялгаатай байна.

 2019 оны Үндсэн хуулийн нэмэлт, өөрчлөлтөөс өмнөх зохицуулалт үйлчилж байх үед буюу 2014 онд Ерөнхий сайд Н.Алтанхуягийг, 2017 онд Ерөнхий сайд Ж.Эрдэнэбатыг огцруулах саналыг 1992 оны Үндсэн хуулийн 43 дугаар зүйлийн 4 дэх хэсгийг үндэслэн УИХ-д  өргөн мэдүүлсэн байна.

2019 оны Үндсэн хуулийн нэмэлт өөрчлөлтийн дараа 2021 онд Ерөнхий сайд У.Хүрэлсүх Үндсэн хуулийн 25 дугаар зүйлийн нэг дэх хэсгийн 6 дахь заалтыг үндэслэн огцрох саналаа өөрөө ирүүлж ,2025 онд Ерөнхий сайд Л.Оюунэрдэнийг огцорсонд тооцох тухай асуудлыг Үндсэн хуулийн 44 дүгээр зүйлийн нэг дэх хэсгийг үндэслэн хэлэлцжээ.

Иймд УИХ-ын 2025 оны 10 дугаар сарын 17-ны өдрийн Монгол Улсын Ерөнхий сайдыг огцруулах тухай 95 дугаар тогтоол нь өмнөх бүх тохиолдлоос ялгаатай бөгөөд 2019 оны Үндсэн хуульд оруулсан нэмэлт өөрчлөлтөөр өөрчлөн найруулсан зохицуулалтыг анх удаа хэрэглэснийг дурдах нь зүйтэй.

 Иймд Монгол Улсын Ерөнхий сайдыг огцруулах, эсэхийг шийдвэрлэх УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаанд ТББХ-ны “дэмжээгүй саналыг дэмжье” томьёоллоор санал хураасан нь Үндсэн хуулийн 1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт заасан “Ардчилсан ёс хууль дээдлэх зарчмыг, түүнчлэн 43 дугаар зүйлийн 1, 70 дугаар зүйлийн нэг дэх хэсгийг тус тус зөрчсөн байна.

Үндсэн хуулийн цэцийн Их суудлын хуралдааны эцсийн шийдвэр:

 Монгол УИХ-ын 2025 оны 10 дугаар сарын 17-ны өдрийн Ерөнхий сайдыг огцруулах тухай.95 дугаар тогтоол нь Монгол Улсын үндсэн хуулийн 1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн “ардчилсан ёс хууль дээдлэх нь төрийн үйл ажиллагааны үндсэн зарчим мөн”, 43 дугаар зүйлийн нэг дэх хэсгийн “УИХ-ын гишүүдийн 4-ний 1-ээс доошгүй нь Ерөнхий сайдыг огцруулах саналыг албан ёсоор тавивал УИХ 3 хоногийн дараа хэлэлцэж эхлэн 10 хоногийн дотор шийдвэрлэнэ “, УИХ-ын нийт гишүүний олонх уг саналыг дэмжсэн бол Ерөнхий сайдыг огцруулах тухай УИХ-ын тогтоол батлагдсанд тооцож шинэ Ерөнхий сайдыг 30 хоногийн дотор томилно”. Далдугаар зүйлийн нэг дэх хэсгийн “Үндсэн хуульд хууль, зарлиг, төрийн байгууллагын бусад шийдвэр, нийт байгууллага, иргэний үйл ажиллагаа бүрнээ нийцсэн байвал зохино гэснийг зөрчсөн байна.

Politiko тоймч

Сэтгэгдэл үлдээх

САНАЛ БОЛГОХ