Нүүрсний хэргээр шалгагдаж байсан Р.Сэддорж, Н.Наранбаатар нар УИХ-ын эдийн засаг, төсвийн бодлогыг базах нь

politiko

Өмнөговь бол Монголын нүүрсний “эх орон”. Тэнд албан тушаал хашиж байсан хүмүүс юм л бол нүүрстэй холбогддог бөгөөд Авлигатай тэмцэх газраас бүр нэр, устай нь зарлаж байсан нь гурван жилийн өмнөх явдал.

2022 оны арванхоёрдугаар сарын 13-нд АТГ-аас нүүрсний хэрэгт нэр холбогдсон гэх 17 албан тушаалтны нэрсийг зарласан.

Үүн дотор Ерөнхийлөгч асан Х.Баттулга, УИХ-ын дарга асан З.Энхболд, ЕТГ-ын дарга асан Ө.Шижир, Зам тээврийн хөгжлийн сайд асан Д.Ганбат, тухайн үеийн УИХ-ын гишүүн А.Адъяасүрэн, Д.Бат-Эрдэнэ, Ц.Анандбазар, Н.Наранбаатар, Б.Баттөмөр, Ц.Сэргэлэн, Ш.Раднаасэд, Өмнөговь аймгийн Засаг дарга Р.Сэддорж нарын нэр зарлагдаж байв.

Гэвч ингэж шалгагдаж байсан хүмүүсээс хэнд ч хариуцлага тооцоогүй бөгөөд зарим нь бүр УИХ-ын гишүүнээр сонгогдон ажиллаж байна.

Тухайлбал, Ерөнхийлөгч асан Х.Баттулга, ЕТГ-ын дарга асан Ө.Шижир, тухайн үед УИХ-ын гишүүн байсан Н.Наранбаатар, Өмнөговь аймгийн Засаг дарга асан Р.Сэддорж нар 2024 оны сонгуулиар УИХ-ын гишүүнээр сонгогдон ажиллаж байна.

Эднээс УИХ-ын гишүүн Р.Сэддорж нь өнгөрсөн жилээс УИХ-ын Эдийн засгийн байнгын хорооны даргаар сонгогдон ажиллаж байна.

Авлигатай тэмцэх газраас 2022 оны сүүлээр нүүрсний хэрэгт шалгагдаж буй хүмүүсийг зарласныхаа дараа Өмнөговийн Засаг дарга Р.Сэддоржийг Монгол Улсын хилээр гарахыг хязгаарлаж, тухайн үеийн УИХ-ын гишүүн “Ажнай” хэмээх Б.Бат-Эрдэнэтэй уулзахыг хүртэл хориглосон байдаг.

Гэвч тэрээр УИХ-ын гишүүнээр сонгогдон бүр Эдийн засгийн байнгын хорооны даргаар ажиллаж байна.

Харин УИХ-ын гишүүн Н.Наранбаатар Р.Сэддоржоос өмнөх дөрвөн жилд Өмнөговь аймгийн Засаг даргаар ажиллаж байсан бөгөөд 2020 оноос хойш УИХ-ын гишүүнээр сонгогдон ажиллаж байна.

Н.Наранбаатарыг АТГ-аас нүүрсний хэрэгт яллагдагчаар татаж, 2023 онд УИХ-ын гишүүнээс нь эргүүлэн татах асуудал яригдаж байлаа. Гэвч тэрээр 2024 онд дахин нэр дэвшиж, УИХ-ын гишүүн болсон.

Ингэж авлигад нэр холбогдсон хүмүүсийг нэр дэвшүүлэхгүй гэсэн Ардын нам амлалтаа зөрчсөн нь Н.Наранбаатар дээр илэрч байлаа.

Сүүлийн хэдэн сарын МАН-ын зодооноор шинэ нүүрснийхэн “хөөгдөж”, хуучин “нүүрсчид” толгой өндийсөн гэхэд болно. Яг ийм цаг үед  УИХ-ын гишүүн Н.Наранбаатар УИХ-ын Төсвийн бодлогын байнгын хорооны даргаар сонгогдож байна.

 Ингээд нүүрсний хэргээр шалгагдаж байсан хоёр ч гишүүн УИХ-ын Эдийн засаг болон Төсвийн бодлогыг зангидахаар болов.   

Сэтгэгдэл үлдээх

САНАЛ БОЛГОХ