Д.Энхтүвшин:Азаар улс төрийн нөхцөл байдал өөрчлөгдсөн,харин эдийн засаг үнэнд гүйцэгдсэн

Т.Бүдээхүү

Д.Энхтүвшин  нийгмийн манлайлагч, бизнесийн салбарын энтрепенер  учраас МАН-ын удирдлагын саналаар жагсаалтад орж, УИХ-ын гишүүн болсон.  Өнгөрсөн нэг жил хагасын хугацаанд Монголын улс төрийн хатуу, хөтүүг амсаж, бас тэмцэж, тэрсэлж яваа түүний “Politiko”сонинд нийтлэгдсэн ярилцлагыг толилуулж байна.

НАМ ҮЗЭЛ САНАА, ИТГЭЛ ҮНЭМШИЛ ТОЙРСОН НЭГДЭЛ БОЛОХООС ЭРХ МЭДЭЛ, АЛБАН ТУШААЛ ТОЙРСОН НЭГДЭЛ БАЙХ ЁСГҮЙ

– Таны хувьд Монголын бизнесийн салбарыг төлөөлж УИХ-ын гишүүнээр сонгогдсон. УИХ-ын гишүүн болоод  юу хийв. Парламентад ирээд ойлгосон гол зүйл юу байв?

– 2024 оны УИХ-ын сонгуульд МАН-аас нэр дэвшээч гэсэн санал ирсэн. МАН-ын сонгуулийн мөрийн хөтөлбөрийн бизнес, хөрөнгө оруулалт, эдийн засгийн орчныг сайжруулах заалтуудыг дотроос нь шахаж, шаардаж бага ч болов бодит үр дүн гаргаж ажиллая гэж шийдэн саналыг хүлээж авсан.

МАН, АН, ХҮН, ИЗНН, Үндэсний Эвсэл зэрэг гол улс төрийн нам, эвслүүдийн сонгуулийн мөрийн хөтөлбөрийг харьцуулж үзсэн. Тэгэхэд МАН-ын мөрийн хөтөлбөрт төсвийн зардлыг бууруулж, хувийн хэвшлийг дэмжиж эдийн засгаа өсгөх заалт хамгийн тодорхой тусгагдсан байсан. Танхимын Ерөнхийлөгч байхдаа УИХ, Засгийн газрын гишүүдтэй олон уулзалт, хэлэлцүүлэг хийж, олон санал өгдөг байсан ч бараг нэг нь ч ажил хэрэг болоогүй.

Хуулийн төслийн бүрдүүлбэр хэсгийн нэг гол шаардлага нь олон нийтийн хэлэлцүүлэг байдаг. Танхим тэр бүрдүүлбэр хэсгийг нь хангах төдий л үүрэгтэй байгууллага болж хувирсан байсан. Хувийн хэвшлийн гол төлөөлөл болсон Танхим бодитоор ямар ч хүчгүйг тэгэхэд мэдэрсэн. Эрх баригчид Танхимыг хэрэгтэй үедээ дэмжиж туслуулахыг хүсдэг ч хэрэггүй үедээ чимээгүй байлгахыг хүсдэг.

Жижиг, дунд компаниуд нь бидний дуу хоолойг хэн ч тоодоггүй юм чинь гээд бодит байдалтайгаа эвлэрч, дасан зохицсон, аргаа барсан байдалтай, том компаниуд нь эрх баригчидтай шууд яриад учраа олчихдог, асуудлаа шийдүүлчихдэг эсвэл тэднээс хамааралтай болж улс төр-бизнесийн эвсэл, хамтрал маягтай болчихсон.

Бизнесийн нийтлэг орчны талаар дуугарах хүчтэй, бие даасан дуу хоолой бараг байхгүй болсон гэж хэлж болохоор байна. Ер нь Монголд өөрөө өөрийнхөө төлөө хариуцлагатай байж, улс төрөөс хамааралгүй аж ахуй эрхлээд, ажил амьдралаа залгуулаад явах орчин, орон зай маш хязгаарлагдмал.

Бага ч болов бодит үр дүн, ахиц чухал учир намын Бага хурлаар баталсан сонгуулийн мөрийн хөтөлбөрийг шахаад явахыг хичээж байна. Манай нам  олонх болж сонгуулийн мөрийн хөтөлбөрөө Засгийн газрын үйл ажиллагааны хөтөлбөр болгох бүлгийн анхны хурлаас эхлээд сорилтуудтай тулж эхэлсэн. Энэ хурал дээр би ганцаараа эсрэг санал өгсөн. Сонгуулиар амласнаасаа өөр, бүр эсрэг зүйл хийх нь нийт иргэд, сонгогчид түүнчлэн намын гишүүд, дэмжигчдийхээ итгэлийг улам алдана. Ард түмний итгэл алдрах тусам эргүүлж олж авахад маш хэцүү болно.

Сонгуулийн суртчилгаанд явсан олон хүн мөрийн хөтөлбөрийн улаан номыг таниулах гэж загнуулахад нь загнуулж, улаа эргэтэл явсан. Намын олон гишүүд, дэмжигчид дарга, түшмэл болох гэж биш улсаа сайн, сайхан болгочихоосой гэсэн итгэл найдвар тээж намынхаа төлөө сонгуульд ажилладаг.

Тэгэж явуулж, явуулчихаад ялсныхаа маргааш өөр юм хийгээд явчихаар тухайн хувь хүний үнэт зүйл, ёс суртахууны хувьд ч гэсэн таатай санагдахгүй, сонгогчдоо бүлэглэн  залилсан мэт сэтгэгдэл төрнө шүү дээ. Нам үзэл санаа, итгэл үнэмшил тойрсон нэгдэл болохоос эрх мэдэл, албан тушаал тойрсон нэгдэл байх ёсгүй. Намын гишүүд, дэмжигчдээ эрх мэдэл, албан тушаалд хүрэх хэрэгсэл мэт ашиглаад хол явахгүй.

Миний хувьд сонгуулийн мөрийн хөтөлбөрөөс дараах  дөрвөн зүйлийг онцолж сонгогч, бизнес эрхлэгчдэд ярьж явсан. Нэгдүгээрт, эдийн засгийг 7-8 хувь өсгөх юм байна.

Хоёрдугаарт, энэхүү өсөлтөө төсвийн тэлэлтээр хийхгүй юм байна, төсвийн зардлыг ДНБ-ий 25 хүртэл багасгахаар амласан.

Гуравдугаарт, эдийн засгийн өсөлтөө гадны зээлээр хийхгүй юм байна. Засгийн газрын гадаад өрийн хэмжээг ДНБ-ий 40 хувиас  хэтрүүлэхгүй гэж амласан,

Дөрөвдүгээрт  татвар, хөрөнгө оруулалт, хүний нөөцийн тулгарч байгаа гол асуудлуудыг нь шийдэх замаар хувийн хэвшлийг дэмжин, зорьж буй 7-8 хувийн  эдийн засгийн өсөлтөө хангах юм байна гэж сонгуулийн үеэр сонгогчдод ярьж явсан.  

Ер нь зүүн төвийн үзэл баримтлалтай намууд эдийн засгийн бодлогын хувьд баруун төвийн бодлого хэрэгжүүлсэн жишээнүүд олон байдаг. Тухайлбал, Шинэ Зеландын Хөдөлмөрийн нам 80-аад оны үед өрсөлдөгч баруун төвийн үзэлтэй намынхаа эдийн засгийн бодлогуудыг түрүүлж хэрэгжүүлээд Шинэ Зеландын өнөөдрийн эдийн засгийн үндэс суурийг тавьж чадсан сайн жишээ байдаг. Тэр бодлого нь дараа дараачийн нийгмийн бодлогоо хэрэгжүүлэх бололцоо, хөрс суурийг бий болгосон байдаг.

ЭРХ БАРИГЧДЫН БУРУУ ҮЙЛДЛИЙГ НЬ САНУУЛЖ, ЭСЭРГҮҮЦЭХ НЬ САЙН ЗҮЙЛИЙГ НЬ МАГТАН, ДЭМЖИХЭЭС ИЛҮҮ ТУСТАЙ

– 2025 оны төсөв батлах үед Та нарын цөөн гишүүд эсэргүүцэж, шүүмжлэл өрнүүлээд бөөн юм болсон шүү дээ. Сошиалаар ч шүүлгээд авсан…?  

– Дараачийн сорилт 2025 оны төсөв хэлэлцэх үед үүссэн. Хамтарсан Засгийн газар зургаа хүрэхгүй сарын өмнө амласнаасаа тэс өөр юм ярьж, төсвийн зардлаа өмнөх оныхоосоо 60 хувиар  нэмэгдүүлсэн төсвийн төслийг УИХ-д танилцуулсан.

Хамтарсан засагт байсан МАН, АН, ХҮН намуудын мөрийн хөтөлбөрүүдийг сануулж, ард түмний итгэлийг хөсөрдүүлэхгүй байхыг шаардсан нь эрх баригчдад таалагдаагүй. Эрх баригчдын буруу зүйлийг сануулж, эсэргүүцэх нь сайн зүйлийг нь дэмжихээс илүү тустай гэж боддог.

Хятадын газрын борлуулалт, борлогдоогүй үл хөдлөх хөрөнгийн хэмжээ болон орон сууцны үнийн уналт зэргээс манай экспортын гол бүтээгдэхүүн болох коксжих нүүрсний үнэ төсөвлөснөөс хамаагүй доогуур байх нь тодорхой байсан. Ийм нөхцөлд хэт өөдрөг, хоосон  мөрөөдөл, төсөөллөөр төсвөө нэмж, бараг хоёр их наядын алдагдалтай батлах нь инфляц, валютын ханш, гадаад валютын нөөцөд сөргөөр нөлөөлж, гадаад зээлийг нэмэгдүүлж, олон аж ахуйн нэгжүүдийн дансыг хааж, эдийн засгийн хямралд хөтлөх нь маш ойлгомжтой байсан.

Ажил хийхэд алдаа байж болно. Гэхдээ алдана гэдгийг урьдчилан харах боломжтой байхад зүтгэсээр алдаа хийх гээд  байгааг, тэрийг нь мэдсэн ч мэдээгүй юм шиг байсан гишүүдийг сайн ойлгоогүй.

Эрх мэдэлдээ сохорсон Засгийн газарт туслах үүднээс бодит байдлыг үнэнээр нь хэлсний төлөө над руу маш олон дайралт ирсэн. Намын бодлого сөрсөн тул намаас нь хөөх, жагсаалтаар сонгогдсон тул гишүүнээс нь эгүүлэн татах, дарга нараас нь уучлал гуйлгуулах санаачлагууд цуварч, хувь хүнийг нь гутаан доромжлох, гэр бүл, найз нөхдийг нь дарамтлах, эрүүгийн зүйл ангитай ялд гүтгэх ажиллагаануудыг эрх баригчдын нөлөө, санхүүжилтээр “амь залгадаг”  хань, холбоотнуудаараа дамжуулан хийсэн.

Зургаа  хүрэхгүй сарын өмнө сонгуулиар юу амласныг нь сайн санаж сануулсны хариуд “Орцны чинь үүдэнд амьдралын чинь төгсгөл ирж, үр удмыг чинь хүйс тэмтрэнэ” гэж зануулах нь ямар ч хүнд таатай санагдахгүй. Тухайн үеийн эрх баригчид болон тэднийг дагалдан баясагчид эрх мэдлийн мананд их өндөрт төөрсөн байсан.

Азаар гэх юм уу өнөөдөр улс төрийн нөхцөл байдал жилийн өмнөхөөс шал өөр болчихсон, ядаж л Ерөнхий сайдынхаа нүүр лүү нь харж байгаад шүүмжлэх эрх чөлөөтэй болсон байна. Харин эдийн засаг үнэнд гүйцэгдсэн.

2025 оны жилийн эцэс гэхэд улсын төсөв 2.3 их наядаар тасарч, аж ахуйн нэгжүүд татвараа төлж чадахгүй, дансаа хаалгаад байж байна. Хэдхэн хүн эрх мэдэлдээ эрдэж бусдыг сонсохоо больсон гажуудал улс орноо хорлож, аж ахуйн нэгж, ард иргэдийнхээ ажил амьдралыг хэцүү байдалд оруулсан даа.

-Өнгөрсөн жилүүдэд зөвхөн эдийн засаг, эдийн засаг гэж яриад байгаа боловч улс төр, засаглалын асуудал нь хоцроод, бараг л тогтолцооныхоо эсрэг явчихсан гэж би бол хувьдаа дүгнэдэг…?

-Санал нэг байна. Ер нь эдийн засаг хөгжих урьдач нөхцөл нь хууль шударга үйлчилдэг, ялангуяа эрх мэдэлтнүүдэд адил үйлчилдэг болох юм байна гэж ойлгосон. Хууль засагладаг газар л эдийн засгийн эрх чөлөөний асуудал яригдах боломжтой юм байна.

УИХ-ын гишүүн Д.Энхтүвшингийн эл ярилцлага Politiko сонины №4-т нийтлэгдсэн.

АРД ТҮМНЭЭСЭЭ АЛСАРСАН ГЭДГЭЭ ХҮЛЭЭН ЗӨВШӨӨРНӨ ГЭДЭГ БАС БОЛОМЖ

За тэгээд эрх баригч намын болон УИХ, Засгийн газрын удирдлага солигдлоо, МАН их хурлаа хийлээ. Энэ бүхний үр дүнд  засаглалыг сайжруулах, шинэчлэх, өөр үзэл бодлыг хүлээн зөвшөөрөх соёл, хандлага бий болох нөхцөл бүрдэж чадсан уу?

 -МАН-ын Их хурал дээр нэг үг их содон сонсогдсон. Намын дарга Н.Учралын  “МАН ард түмэндээ эргэж ирнэ” гэдэг үг. Ямар ч байсан намын удирдлага нь намын гишүүд, иргэд, сонгогчдынхоо итгэлийг алдчихсан, алсарсан юм байна гэдгээ хүлээн зөвшөөрсөн.

Цөөн хэдэн дархлагдсан хүмүүсийг эрх мэдэл, албан тушаалтай байлгахын төлөө ямар ч үнээр хамаагүй сонгуульд ялахыг эрхэм зорилгоо болгож явсаар намынхаа дэмжигчдээс ч, ард түмнээсээ ч холдчихсон юм байна, тэрийгээ буцааж авчиръя гэсэн. Намын их хурал дээрх гол улс төрийн дүгнэлт бол энийг гэж ойлгосон.

Шинэ итгэл найдвар гэх юмуу, хүлээлт бий болгосон гэх үү дээ. Ийм итгэл үнэмшил цухуйж байна гэдэг бас боломж. МАН бол дээрээсээ доошоо чиглэлтэй буюу даргынхаа үгийг чухалчлан авч үздэг соёлтой нам. Дарга нь ингээд дүгнэчихлээ. Тэгэхээр нөгөө нустай гээд хамраа огтолдоггүй гэдэг шиг энэ үгэн дээр нь дөрөөлөөд, нийлээд, хамтраад шинэчлэхийн төлөө хичээгээд үзэх ёстой байх.

Шинэ Үндсэн хууль баталснаас хойшх 30 гаруй жилийн хугацаанд УИХ, орон нутгийн сонгуулийн ихэнхэд нь ялсан манай намын хувьд бий болгож, бүтээсэн нийгэм, эдийн засгийн байдал маань тун чамлалтай байгааг, дараа дараачийн сонгуулиудад алдарсан итгэлийг шударгаар буцааж авч ирэхэд хэцүүг хүлээн зөвшөөрөх ёстой. Хүн амын мөчлөгийн хүчин зүйлээс харахад ч сонгуулийн насны залуучуудын нийт сонгогчдод эзлэх хувь ирэх хоёр, гурван  сонгуульд  огцом нэмэгдэнэ. Ардчлалын ач буянаар өөрийгөө чөлөөтэй илэрхийлэх хүсэл сонирхолтой, хэн нэгэн даргаар хэлэх үг, хийх үйлдлээ заалгахыг хүсэх залуучууд ховор болсон.

Уг нь айдасгүйгээр өөрийгөө илэрхийлж чаддаг систем тасралтгүй суралцан хөгжих зүй тогтолтой байдаг.  Нөгөө талаас өнгөрсөн хугацаанд бодитой бодлогын дэмжлэг үзүүлж чадаагүй татвар төлөгч, бүтээлч хэсэг маань улам цөөрч, жижигэрсээр, уур бухимдал нь хуримтлагдсаар байна. Цөөн хэдэн том компани, эсвэл улс төртэй холбоотой цөөн хэдэн  хүмүүсийн “бизнес”  өргөжин тэлээд байгаа болохоос биш яг жижиг, дунд бизнесүүд бол тэсэж үлдэхийн тулд л үйл ажиллагаа явуулж байна. Хууль, дүрмийн дагуу бизнес хийх улам л хэцүү болсоор байна.

ЗАСГИЙН ГАЗРЫН БОДЛОГЫН ЗАЛГАМЖ ЧАНАР МАШ МУУ БАЙНА

– Оюун-Эрдэнийн Засгийн газар түрүүнд ярьсанчлан намынхаа мөрийн хөтөлбөрийг хэрэгжүүлээгүй, өөр хөтөлбөр батлуулсан байна.  Тэгвэл Занданшатарын Засгийн газар одоо ямар мөрийн хөтөлбөр хэрэгжүүлж байна вэ. УИХ-ын гишүүд Та бүхэн хяналт тавих үүрэгтэй биз дээ?

– МАН-ын  сонгуулийн мөрийн хөтөлбөрт өнгөрсөн алдаан дээрээ дүгнэлт хийн, эдийн засгаа урт хугацаанд эрүүл болгох зорилтууд олон байсан. Гэвч уул уурхайн гол бүтээгдэхүүний үнэ өндөр байх үед зарим чухал өөрчлөлт, шинэчлэлийг хийх боломжийг алдсан. Одоо эдийн засагт нийлүүлэлтийн шинжтэй арга хэмжээ авлаа ч үр дүн нь дараачийн сонгуулийн өмнө гарч амжихгүй тул хийх улс төрийн эр зориг бараг л гарахгүй болов уу. Нөгөө талаас Засгийн газрын бодлогын залгамж чанар маш муу байна.

Аливаа хөгжих систем өмнөх сайн ололтуудаа бататгаж, сайжруулан тасралтгүйгээр хөгждөг. Манайд шинэ сайд, дарга нар бараг нэр дэвших сураг дуулдангуут тусдаа, шинэ мөрийн хөтөлбөр санаачлан дэвшүүлж байгаа аятай ийм юм шинээр хийнэ, ингэнэ тэгнэ гээд явчихдаг.

Хариуцлагын асуудал яригдахгүй болохоор мөрийн хөтөлбөр, Засгийн газрын үйл ажиллагааны дөрвөн  жилийн хөтөлбөр, таван жилийн үндсэн чиглэлийг дүгнэх, хэрэгжилтэнд нь хяналт тавих ач холбогдол байхгүй болсон. Хариуцлага тооцох шаардлагагүй тул ур чадварын оронд намдаа мөнгө өгсөн байдал, даргад ойрхон байдал гэдэг шалгуураар хүний нөөцөө сонгодог болчихсон. Ийм шалгуураар томилогдсон сайд, дарга нар хариуцлагатайгаар ажил хийх үү.

– УИХ-аар баталсан Засгийн газрын хөтөлбөрийг  2028 онд дүгнэх ёстой шүү дээ. Эсвэл Г.Занданшатарын Засгийн газраас хөтөлбөртөө өөрчлөлт оруулах асуудлыг УИХ-д оруулж ирэх ёстой юм биш үү?

 – Уг нь тэгвэл бага ч гэсэн үр дүн гарах магадлалтай. Манай хууль, тогтоомжуудын уялдаа муугаас болоод хариуцах эзэнгүй олон хөтөлбөр төлөвлөлтүүдтэй болсон. Жишээлбэл, саяхан таван жилийн үндсэн чиглэл гээд УИХ баталсан. Манайх хуулиар 4, 5, 10 жилийн гэсэн гурван  төрлийн дунд хугацааны төлөвлөлт хийдэг.  Дөрөв, таван  жилийн төлөвлөлтүүд бол хариуцлагыг бүдгэрүүлэх нэг гарц юм байна гэж харагдсан. Дараа нь Ерөнхий сайд Занданшатар өмнөх Засгийн газрын үйл ажиллагааг үргэлжүүлнэ гэхээс илүү дараагийн таван жилд ийм юм хийнэ гээд ярьж байгаа харагдсан.

НАМ ТӨРИЙН ДЭЭР БАЙХ ЁСГҮЙ

-Жагсаалтын гишүүдэд дургүйцэх, намын бодлого дэмжсэнгүй гэх хандлага бас МАН дотор байдаг. Ер нь Та бүхэн намтайгаа уялдах талд яаж ажилладаг вэ? 

– Миний бодлоор нам төрийн дээр байх ёсгүй. Үүний тулд ард түмний элчийн хувьд УИХ-ын гишүүд Үндсэн хуулийнхаа зарчмыг, хууль дээдлэх зарчмаа чанд сахих ёстой. Бид хэдэд бол нам юу өгч явуулсан бэ гэхээр сонгуулийн мөрийн хөтөлбөр л өгч явуулсан. Ялсан нам сонгуулийн мөрийн хөтөлбөрөө Засгийн газрын үйл ажиллагааны хөтөлбөр болгон хуульчилж авах ёстой. Тэр хуулийг хэрэгжүүлэхийн тулд ур ухаан, бодлого шийдэл, бүтэц зохион байгуулалт, хүний нөөц, хариуцлагын систем бий болгож ажиллах ёстой санагддаг.

Сонгуулийн мөрийн хөтөлбөрийн хэрэгжилт нь намтай уялдах гол холбоос байх ёстой. Тэрнээс биш дарга нарын үг, даалгавар, тааллыг намын бодлого гэж бодохгүй байна. Ярианы эхэнд би хэлсэн дээ. МАН-ын сонгуулийн хөтөлбөрийг хэрэгжүүлэхэд оролцьё гэж УИХ-д нэр дэвшиж орж ирсэн болохоос даргад таалагдах гэж, даргын даалгаврыг биелүүлэх гэж УИХ-ын  гишүүн болоогүй.

Зарим улсад ялсан намын сонгуулийн мөрийн хөтөлбөр нь шууд Засгийн газрын  үйл ажиллагааны хөтөлбөр нь болж хуульчлагддаг. Манайд яг тийм хууль байхгүй. Гэхдээ л эрх мэдэл авангуутаа хуурч байгаа юм шиг өөр юм хийх нь ёс зүйн хувьд ч бүдүүлэг үйлдэл. Сонгогчид асуугаад байна шүү дээ. “Та нар амласан юмаа хийхгүй байна, хүмүүсийн  амьдрал сайжруулна, эдийн засаг хөгжүүлнэ гэсэн чинь хаа байна. Нүүрсээ урьдчилж зарж хэдэн төгрөг олохоос өөр юм хийхгүй байна” гэж байна.

ЭДИЙН ЗАСГАА ТОМ БОЛГОХ ДОРВИТОЙ БОДЛОГО ХЭРЭГЖҮҮЛЖ ЧАДСАНГҮЙ

– Оны эцэст төсөв тасарч, төсвийнхний цалин, урамшуулал ч тасалдаж байна. Аж ахуйн нэгжүүд татвараа төлж чадахаа болилоо.Шалтгааныг ойроос хайвал нүүрсний үнийн уналт нөлөөлж байна. Гол том, цаад шалтгаан нь юу вэ?

– Уг нь улс төрчид эдийн засгаа хэрхэн өрсөлдөх чадвартай болгох вэ, яаж том болгох вэ гэсэн бодлого бодож суух ёстой. Одоо бол олсон жаахан мөнгөө яаж үрэх үү гэдэг л уралдаан хийж байна. Эдийн засгийн боломж, бүтээмж маань хязгаартаа тулж байна. Ихэнх жижиг, дунд компаниуд сайн цагийг хүлээн амь аргацаасан байдалтай байна, татвараа ч төлж чадахаа байлаа.  

Ийм байдалд хүргэж байгаа гол үндсэн шалтгаан нь ерөөсөө л эдийн засгийн бодлогын алдаа. Эдийн засгаа том болгох дорвитой бодлого хэрэгжүүлж чадсангүй. Ганц хоёр бэлэн төслөө нааш цааш болгохоос илүүг сэтгэж чадсангүй.

Мөнгө хэрэгтэй болохоороо л урд талын гар хүрснээсээ “баялгийн  солилцоо” гэсэн гоё шошго нааж нүүрсээ урьдчилж зарахаас өөрөөр орлогоо нэмэгдүүлэх бодлогогүй шахуу байна.

Юуны өмнө одоогийн үйл ажиллагаа явуулж буй уул уурхай болон түүнийг дагасан салбаруудаасаа илүү мөнгө олж сурах хэрэгтэй байна. Энд ухаан зарах хэрэгтэй, илүү нүүрс, зэс олборлохгүйгээр илүү орлого олох боломжуудаа өөрсдөө үгүй хийгээд байж болохгүй. Жишээ нь, энэ олон нүүрсний урьдчилгаа авч зарсан гэрээнүүд ямар ч бодлогогүй, уялдаа тооцоогүй, асар их боломжийг үгүй хийж байна. Өртөг нэмэгдүүлэх үе шатуудаа бүрэн сайн ойлговол илүү мөнгө олох боломжууд олон байна. Уул уурхайн бус салбараа хөгжүүлэх, өрсөлдөх чадвараа сайжруулах тодорхой бодлого байхгүй байна. Хувийн хэвшил хөгжихөд шаардлагатай дэд бүтцийн гол салбарууд маань бараг социализмын үеэсээ дээрдээгүй байна. Тухайлбал, Оросоос хамааралтай цахилгаан, түлш, төмөр замын хамаарлаа бууруулах талаар дорвитой ажил хийсэнгүй.

– Өмнөх Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ огцрох үедээ төмөр замын болон нүүрсний гэрээ байгуулсан нь зарим бүлэглэлийн дургүйг хүргэсэн гэж ярьсан.Тэр гэрээг байгуулах үед бас шүүмжлээд буруудсан бил үү?

– Өмнөх Ерөнхий сайд маань ямар нэг үлгэр зохиож, бусдыг дайрч гүтгүүлэхдээ гаргуун байсан. Миний хувьд Монголд яаж илүү ашиг, орлого үлдээх вэ гэдэг л чухал болохоос аль нэг Хятадын төрийн өмчит компанийн гэрээгээр хүлээгээгүй 16 жилийн “гомдлыг” тайлах нь тийм ч чухал биш. Төмөр зам холбох агуулгаар гаргасан УИХ-ын тогтоолоос шал өөр агуулгаар “Чайна Энержи” компанитай гэрээ байгуулахаар байнгын хороонд танилцуулсныг эсэргүүцэж, тогтоолд нийцүүлэн засах талаар тодорхой санал хэлсний төлөө нөгөө л сурсан аргаараа хувь хүн, ар гэр лүү янз бүрээр дайрч, шившиглэх хонгилоороо чирэх гэж оролдсон. Зүгээр нэг жишээ дурдахад, яг энэ үйл явдлын дараа манай гэрт “юм авдаггүй” хулгайч цонх хагалан нэвтэрсэн байсан. Түүнийг нь хэдхэн цагийн дараа эрх баригчдын хамтрагч трол хаягнаас “Тагнуулаас нэгжлэг хийлээ” гэж мэдээлж байх жишээтэй. Манай эхнэр бүр аргаа бараад тэр Оюун-Эрдэнэтэй чинь уулзъя гээд намын байран дээр хүртэл очсон.

– Харбины гэрээг хянан шалгах Түр хороонд орох уу?

  -Түр хороо байгуулагдвал орж ажиллах хүсэлтээ өгсөн. Гэрээний нөхцөлүүдийг сайжруулах боломж талаас нь илүү харъя гэсэн бодолтой байгаа.

ХУУЛИЙН ӨӨРЧЛӨЛТӨӨР ТАНХИМЫГ ИЛҮҮ “АМЬД” БОЛГОХ ӨӨРЧЛӨЛТ ХИЙНЭ

–  Саяхан Худалдаа аж үйлдвэрийн танхимын тухай хуулийг өргөн барьсан. Гол ямар өөрчлөлт, шинэчлэлт хийгдэх вэ?

– Юуны өмнө одоо байгаа системээ сайжруулах ажлуудыг хийх ёстой. Жишээ нь, бизнесийн орчинд хамааралтай хууль хэлэлцэхэд төр, хувийн хэвшил хоёрын яриа үр дүнтэй, бүтээлч байх хэрэгтэй. Ер нь ажилтан, ажил олгогч, Засгийн газар хоорондын гурван талт хэлэлцээрийг хэрхэн тэнцвэртэй хийхээс эдийн засаг, нийгмийн хөгжил их хамаардаг. Манайд төр хэтэрхий давамгай байдалтай байгаа. Төртэй эн зэрэгцэж яриа хэлэлцээ хийе гэхээр хувийн хэвшлийн төлөөллийн одоогийн бүтэц хангалтгүй. Бизнесийн төлөөллийн  нэлээн олон төрийн бус байгууллага бий болсон боловч ихэнх нь хувь хүний шинжтэй, ардчилсан бус бүтэцтэй, улс төрийн нөлөөнд автах өндөр магадлалтай, салбараа төлөөлөх чадвар бага зэрэг сул талуудтай байгаа.

Дэлхийн ихэнх орнуудад худалдаа аж үйлдвэрийн танхим хэлбэрээр илүү тогтвортой, бие даасан институц болгон бэхжүүлж ажилладаг. Хэлцэлд орох ажилчдын төлөөлөл нь ч, ажил олгогч тал нь ч, Засгийн газар нь ч сайн институцжиж, бие даасан, тооцоо судалгаатай хандаж чаддаг болж байж илүү бүтээлч яриа үүсдэг. Тийм учраас Худалдаа аж үйлдвэрийн танхимын тухай хуулийг Ганхуяг гишүүн бид нар сая өргөн барилаа. Одоогийн Танхим маань гишүүн компанидаа ч онцын ач холбогдол багатай, төрд ч нэг их нөлөө багатай. Өрсөлдөөнт зах зээлийг дэмжихийн тулд танхимыг илүү “амьд” болгох шаардлагатай. Одоо байгаа бусад гол эдийн засгийн салбарын бүтцүүдтэйгээ хамтарч, төлөөлөх чадвараа сайжруулан, асуудлуудаа судалгаатай, үндэслэлтэй гаргаж тавьдаг, улс төрөөс хараат бус болгох тал руу хуулийн өөрчлөлтийг чиглүүлэхийг зорьсон.

УЛСТӨРЧИД  ТОЙРЧ МӨЛЖИХ ГЭЖ Л ТӨРИЙН ӨМЧИТ КОМПАНИУДЫГ БАЙЛГАДАГ

Төрийн өмчит компаниудын шинэчлэл, хувьчлалын асуудал УИХ дээр яригдаад эхэлсэн.Таны байр суурь юу вэ?

– УИХ-ын дарга ч, Ерөнхий сайд ч төрийн өмчтэй холбоотой асуудлыг цэгцлэх гэж нэлээд ач холбогдол өгч байгааг дэмжиж байгаа. Өнгөрсөн хугацаанд улс төрийг асар үнэтэй болгосон нь төрийн болон орон нутгийн өмчит компаниудын ач холбогдлыг өндөр болгосон.

Энгийн логикоор бодоход УИХ-ын гишүүний дөрвөн  жилийн цалин нь хагас тэрбум ч хүрэхгүй байхад доод тал нь хэдэн тэрбум төгрөг зараад гишүүн болохын утга учир юунд байна вэ? Зөвхөн УИХ-д нэр дэвшихийн тулд намдаа тэрбумаар нь хандив өгөхийг шаарддаг нам хүртэл байна. Энэ их мөнгө зарж улс төрд орсон хүмүүс тойрч мөлжих гэж л төрийн өмчит компаниудыг өр зээл тавиулан байж байлгаад байдаг.  Дагаад төр, төрийн өмчит компани дамжин амьдардаг угжны хурга шиг бүлэг хүмүүстэй болсон. Нөгөө талаас төрийн өмчит компаниудын санхүүг хоёр дахь төсөв шиг хяналтгүйгээр улс төрийн зорилгоор ашигладаг болсон.

– Ер нь өнгөрсөн жилүүдийн хуримтлагдсан гажуудал өнгөрч буй онд парламент дээр их тод илэрлээ.Ёстой нөгөө бэлэн юмаа хувааж авсан том, жижиг бүлэглэлүүд л үүссэн байна шүү дээ?

– Уул уурхайн хэдэн төслөөс “бэлэн хоол” идэж буй цөөн хүмүүсийн л улс төр, төр болчихлоо шүү дээ. Тэр тойргийн гадна байгаа хүн бол кнопчны үүрэгтэй, хариуд нь тойрогтоо жоохон асуудал төсвөөр дамжуулж шийдүүлж, аз таарвал дахин сонгогдох хувь тавилантай л байна.

Парламент бол хууль тогтоох гэхээсээ илүү яаж гүйцэтгэх засаглалд орох вэ, яаж дараагийн сайд болох вэ гэсэн уралдаан, эсвэл сайд болоод амаа үдүүлчихсэн ийм л хоёр төрлийн хүмүүсийн суудаг газар болсон байна.  Өмнө бол парламент дээр гишүүд салбарын том хуулиуд санаачилж ажилладаг байсан бол одоо  төсвөө эрхбиш нэг ярина, эсвэл яаралтай горимоор Засгийн газрын асуудлыг шийднэ, тэгээд томилгоо ярина. Бодлогын асуудлуудаар хуулийн төсөл боловсруулж, ярилцаж, хэлэлцдэг газар биш болчихоод байна.

– Хэн гэдэг гишүүн ямар асуудлаар ямар санал өгөв гэдэг асуудлыг ил болгохоор УИХ-ын чуулганы дэгийн тухай хуульд өөрчлөлт оруулах төслийг саяхан өргөн барьсан. Ямар ач холбогдолтой өөрчлөлт вэ?  

– Хууль эцэслэн батлах, хэлэлцэх, эсэхийг дэмжих дээр гишүүд яг ямар санал өгөв гэдгийг гишүүн тус бүрээр нь дэмжсэн, дэмжээгүй гэдгийг шууд ил нийтэлдэг болох төсөл өргөн барьсан. Энэ бол хариуцлагын асуудал. Нээх гоё, гоё юм ярьчихаад яг кнопоо дарах болохоор  ирдэггүй, тэгэнгүүт тэр нь эсрэг санал болчихдог. Ярьсан зарчимдаа л баймаар байна шүү дээ. Зарим нь бүр чөлөөт цагаараа ч юм уу хуралд орж ирэх, бүлэг, фракцаараа асуудалд хандах гээд нэг тиймэрхүү болчихсон. Гол зорилго нь бол УИХ-ын гишүүдийг асуудалд хариуцлагатай хандах, ядаж л санал хураалт дээр орж ирдэг болгохын тулд хуулийн өөрчлөлт өргөн барьсан.

Ярилцсанд баярлалаа.

Ардчилсан тогтолцоо, хариуцлагатай улс төрийг дэмжих уриатай POLITIKO сониныг цаасан хэлбэрээр уншихыг хүсвэл ЭНД (https://www.facebook.com/share/v/1BrENXnXRd) дарж холбогдоно уу.

Сэтгэгдэл үлдээх

САНАЛ БОЛГОХ