Өчигдөр “Transparency International” (цаашид ТИ гэж товчильё) байгууллагаас 2025 оны авлигын индексийг зарлав. Монгол Улс шалгалтандаа маш муу дүн авлаа. Өмнөх жилээсээ 10 байраар ухарч, авлигын төсөөллийн индексээр 182 орноос 124 дүгээрт жагсав. Өмнөх гурван жилийн турш 33 оноо авч байсан бол энэ удаа 31 оноо авав. Өмнө нь дунд дүнгээс дүүжлэгдэж байсан бол муу руу тун ч их дөхсөн гэсэн үг.
Хамгийн бага оноо авсан Конго, Камбож, Тажикистан, Туркменистан, Бурунди зэрэг улсуудын араас эрчимтэй нэхэж яваа аж. Эдгээр улсууд 20-19 оноо авч.
ТИ-ийн шалгуурт энэ жил 182 орон оржээ. Оноо буурах тусам авлига ихтэйд тооцогддог бөгөөд Дани, Финланд, Сингапур, Шинэ Зеланд, Норвеги, Швед, Швейцарь улсууд хамгийн өндөр буюу 80-89 оноо авсан байна. Манай улс Сингапур маягаар авлигатай тэмцэнэ, Шинэ Зеланд загвараар төрийн оролцоог багасгана гэж хэчнээн амласан ч тэднээс бараагүй хоцорчээ.
Монгол яагаад ийм байдалд хүрэв? Яагаад өмнөх оноосоо бүр 10 байраар ухрав?
Германд төвтэй “Транспэрэнси Интернэшнл” олон улсын байгууллага 1995 оноос хойш жил бүр энэ индексийг гаргаж ирсэн бөгөөд нэг ёсны тухайн улсын улс төр, эдийн засгийн орчин хэр эрүүл вэ гэдгийг оношилж буй хэрэг юм.
Олон улсын хөрөнгө оруулагчид ТИ-ийн оношийг харж, тухайн улсад хөрөнгө оруулах, эсэхээ шийддэг гэхээр их чухал үзүүлэлт байгаа биз.
Харамсалтай нь Монголын эрх мэдэлтнүүд гадаадаас хөрөнгө оруулна гэж амаараа ярьдаг ч авлигаа бууруулах ажлаа бодитой хийсэнгүйг энэ жилийн үнэлгээ баталж өгөв.Яагаад “авлигалын төсөөллийн индекс” гэж нэрлэдэг вэ гэхээр авлига далд, нууц явагддаг үйл явц учраас яг таг “хэмжих” боломжгүй, харин “төсөөлөх” л боломжтой гэж үздэгтэй холбоотой.
Тэгэхдээ Дэлхийн банк, Дэлхийн эдийн засгийн форум , тухайн улсын засаглал, эдийн засаг, хууль эрх зүйн орчныг судалдаг мэргэжлийн шинжээчид болон бизнес эрхлэгчдээс асууж, 1-100 хүртэлх оноогоор нэгтгэн гаргадаг. Өөрөөр хэлбэл, илүү мэдлэгтэй, мэргэжлийн хүмүүсийн өөрийн биеэр мэдэрсэн мэдрэмжээр үнэлэхэд Монгол Улс өмнөх жилээсээ 10 байр ухарчээ.
Төрийн мөнгийг хэр завшдаг вэ, албан тушаалтнууд эрх мэдэл, албан тушаалаа хувийн ашиг сонирхолд хэр их ашигладаг вэ, хүнд суртал их үү, авлигатай тэмцэж буй хууль эрх зүйн орчин байна уу, гол нь тэрийгээ хэрэгжүүлдэг үү? Шүгэл үлээгч, сэтгүүлчдийг хэр хамгаалдаг вэ, тэд чөлөөтэй ажиллах боломжтой юу? Гэх зэрэг нь ТИ-ийн өгдөг үнэлгээний гол үзүүлэлт юм.Зөвхөн мэргэжлийн хүмүүс бус жирийн иргэдийн хувьд төрийн албандаа ер нь итгэхээ больсон шүү дээ.
Монголд өгсөн дүнгээ зарлахдаа ТИ-гээс хэд хэдэн зөвлөмж өгсөн бөгөөд авлигын индексээр 10 байр ухарсны шалтгааныг хэлж өгч буй юм.
Нэгдүгээрт, эдийн засгийн дархлаагаа сайжруулах зөвлөмж өгчээ.
Ерөнхий сайд Г.Занданшатар өнгөрсөн оны сүүлээр ажлаа аваад Монгол Улсын зээлжих зэрэглэлийг ахиулсан гэж мэдээлж байсан даа. Гэвч үүнийг “түр зуурын” шинжтэй гэжээ. Улсын эдийн засаг зөвхөн уул уурхайгаас хамааралтай байгаа учир авлига цэцэглэх хөрс байсаар байна, тиймээс эдийн засгийн бүтцээ солонгоруул гэжээ. Нийгмийн халамжийн бодлого оновчгүй байгаа нь хуулийн засаглалд ч сөрөг нөлөө үзүүлж байгааг дурджээ. Халамжийг хавтгайруулж, халамж нь эргээд “авлига” мэт болсныг хэлж буй бололтой. “Эдийн засгийн сангуудын үйл ажиллагаа эсрэг үр дагавар үзүүлж байгаа нь…” нь хэмээсэн нь нэр хүндээ бараад буй ЖДҮ сан, Боловсролын зээлийн сан зэргийг хэлж буй аж.
Хоёрдугаарт, бизнесийн орчин хүндэрч, бизнес эрхлэгчдийн итгэл суларсан байна.
ТИ бизнес эрхлэгчдээс асуулга авахад хууль эрх зүйн орчин тогтворгүй, төрийн хүнд суртал, дарамт, татвар их зэргийг дурджээ. Ер нь Монголд бизнес эрхэлнэ гэдэг аз сорьсон хэрэг болохыг улстөрчид ч хүлээн зөвшөөрч, “Чөлөөлье” гэх мэт санаачлага эхлүүлж, Татварын хууль, Зөвшөөрлийн хуулиуд өргөн барьж, цахим засаглалаа эрчимжүүлье гэж байгаа нь сайшаалтай. Гол нь жилийн дараа ТИ үнэлгээ өгөхөд дахин ухрах уу, урагшилсан байх уу гэдэг үр дүн чухал.
Гуравдугаарт, хамгийн ноцтой бөгөөд иргэдийн төрд итгэх итгэлийг сулруулж буй хуулийн засаглалаа засаачээ гэсэн байна. Хэдийгээр авлигын хэргүүд ил болж байгаа ч “ил тод ба хариуцлага тооцох явц”-ын хооронд тэмээ,ямаа, тэнгэр газар шиг ялгаа байгааг ТИ-гээс анхааруулав. “Хулгайг нь мэдчихлээ, одоо яах вэ?” гэж асуухад хуулийн байгууллага, шүүх хариуцлага тооцохдоо удаан, эсвэл ял завшуулж, улс төрийн нөлөөнд автаж байгаа учир иргэдийн төрдөө итгэх итгэл унасаар байгааг бүгд мэдэж буй. ТИ харин албажуулж өгөв.
Мөн хүний эрх, хэвлэн нийтлэх эрх чөлөө, иргэний нийгмийн байгууллагуудын эвлэлдэн нэгдэх эрх, үг хэлэх, үзэл бодлоо илэрхийлэх үндсэн эрхүүд бодитой хэрэгжиж чадахгүй байна гэжээ.
Хуулийн засаглалд гацаа үүссэн нь дан ганц шүүх болон хуулийн байгууллагуудын ажил биш бөгөөд улс төрийн асуудал болохыг энэ удаа дахин гаргаж ирэв. Намууд хаанаас мөнгө авч сонгуульд орж байгаа нь тодорхойгүй байгаа нь авлигын “үндэс” болж байгааг анхааруулжээ. Төрийн өмчит компанийн засаглалыг сайжруулахын тулд гүйцэтгэх удирдлагыг сонгон шалгаруулалтаар томилох, өндөр дүнтэй гэрээг ил тод хийх, ТУЗ-ийг хараат бус болгох гэх мэт зөвлөмж өгөв.
Авлигын төсөөллийн индексийг гаргахдаа нэг жил, нэг сарын үйл явдлаар дүгнэхгүй нь мэдээж.
Өмнөх жилүүдэд бугширсан асуудлуудыг шийдэхийн тулд Засгийн газар нь хэрхэн тууштай ажиллаж, суурь асуудлуудаа шийдэж, Монгол Улсад ерөнхийдөө авлигаас ангижрах уур амьсгал бүрдэж байна уу гэдгээр төсөөлж гаргадаг аж. Сүүлийн жилүүдэд авлигын олон хэрэг ил болсон,энэ сайн.
Авлига ил гарахын хэрээр олон нийт ч баярлаж байлаа. Харамсалтай нь хариуцлага тооцож чаддаггүй учраас авлига авах нь “аймаар хэрэг” биш болж, итгэл мөхдөг ажээ.
Өнгөрсөн жилүүдэд нэг байрандаа байсаар байсан Монгол Улс ТИ-гээс өгсөн даалгавруудыг барагтайхан биелүүлсэн тул энэ удаа шалгалтаа бүр муу өглөө.Гол учир шалтгаан юундаа байна вэ гэвэл авлига аймшигтай их байгааг улсаараа, бүр дэлхийгээр мэддэг боллоо. Гэвч улстөрчид нь авлигын хэргүүдээр зүгээр л шоудаж ирсэн мэт.
Авлигаа ил болголоо ч шийддэггүй, шийтгэдэггүй учраас арван байр ухарч, адаг тийшээ “өнхөрчээ”.