Сар шинийн золголт, буузан идэшнийхээ ядаргаанд нойрмоглож байсан “сошиалчин” түмнийг УИХ-ын гишүүн Нара ээлжит “шоугаараа” сэрээлээ. Түүнийг улсынхаа нийслэлд цагаан сар хийж, хажуугаар нь караокедэж явах хойгуур Түнхэл дэх гэрийг нь ухсан хэрэг гарчээ.
Нара гишүүний өөрийнх нь хэлснээр, хэдэн шил архи, гараажнаас нь генератор гэх мэт 30 орчим сая төгрөгийн юм хулгайлжээ. Байшингийнгийнхаа жижиг цонхыг онгорхой орхисноос хулгай орсон бололтой. Тосгоны захад байх чинээлэг айлын эзгүй байшинд баяраар очиж хулгай хийх нь наад жирийн хулгайчид төрдөг л бодол. Сая цагаан сарын өдрүүдэд хэчнээн айл гэрээ ухуулсныг бүү мэд. Нэг үгээр, орон байрны хулгай гайхмаар зүйл биш.
Гайхалтай нь гэвэл гэрт нь орсон хулгайн хэргийг улс төрийн шоу болгож дэглэсэнд оршино. Ерөөсөө эрх мэдлийн төлөө талцан байлдаж буй бүлэглэлүүдэд “үйлчилдэг” Монголын лайвчдын эзэмшсэн онцгой чадвар энэ. Юуг ч хүссэнээрээ ярьж, хэлж, жирийн иргэдийн тархийг эргүүлж дөнгөнө.
УИХ-ын гишүүн Нара гэрт нь орсон хулгайг зүгээр нэг хулгай биш, улс төрийн шалтгаантай, өөрт нь сануулга өгсөн хэрэг гэж хэлсэн. Тэрээр MCS-ийг шүүмжилдэг, Ц.Элбэгдоржийн өргөж авсан хүүхдүүдийн асуудлыг хөндсөн учраас “сануулга өгч байна” гэсэн юм. Гэрийнх нь камерын процессорыг ч хулгайлж авч явсан нь эргээд түүнийг сүрдүүлэх арга ч гэнэ.
Нийтлэлч Д.Батбаяр (Tayar Bayar)-ын бичсэнээс харвал улс төрийн шалтгаантай “ухалт” ч байж мэдэхээр.
Tayar Bayar сошиал хуудсандаа “Нарагийн бүх үйлдэл улс төрийн театр. Галзуу хүний театр биш, Ганц хүний театр. Ардаа улс төрийн продакшнтай Ганц хүний галзуу театр. Караоке сураглаж анхаарал татсан. Наргиж байгаагаа харуулж үйл явдалдаа уясан. Гэрт нь хулгай орж хэдэн шил архи авснаар дээр дооргүй үйл явдалд уягдсан. Хулгайчаар хэний ч санаанд багтамгүй гэхдээ “нийгмийн дайсан”-ыг тодруулсан. Үзэгчид үйл явдалд бүрэн автсан. Ганц хүн хараал урсган үзэгчдийг талцуулсан. Энэ жүжиг хэдэн үзэгдэлтэй вэ гэдэг л сонин” гэжээ.
Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнийг огцруулах чуулган дээр төрөөд ганц,хоёрхон хонож байгаа Нара ирчихсэн өмгөөлж зогссоныг бодоход тэр бол Монголыг хуваасан хоёр бүлэглэлийн нэг болох “Женко” бүлэглэлийн талд үйлчилдэг хүн. Тэртэй, тэргүй хуваагдсан улстөрд аль нэг талд үйлчилсэн нь оршин тогтнож буй бодит байдлыг бодоход үүнийх нь төлөө УИХ-ын гишүүн Нараг буруутгах нь утгагүй. Тэрээр ИЗНН-ын жагсаалтаар гишүүн болсон ч нам нь бас хоёр хуваагдсан. Г.Занданшатарын танхимын сайд Б.Батбаатар, түүний эсрэг бүлгийнхэн гээд.
Нара өчигдөр орой лайвынхаа дундуур сошиал хуудсандаа “Ерөнхий сайд болоод гуравхан сарын дотор MCS-ийн төлөх ёстой татвараас 200 тэрбумаар нь чөлөөлдөг Ерөнхий сайдыгаа MCS-ийн хүргэн нь телевизийнхээ хүндэт эфирт залалгүй дээ, тээ” гэж бичжээ.
Өчигдөр орой Ерөнхий сайд Г.Занданшатар “Central” телевизийн TheToNightShow-нд орсныг хэлж буй хэрэг. Товчоор хэлбэл, УИХ-ын гишүүн Нарагийн “Home show”, Ерөнхий сайд Г.Занданшатарын TheToNightShow өчигдөр зэрэг боллоо.
УИХ-ын гишүүн Нара болон тэдний талынхнаар Г.Занданшатар бол MCS-т үйлчлэгч бололтой. Цагаан сарын өмнөхөн MCS-ийн Ж.Оджаргал нар Ухаа худаг болон бусад томоохон ордын 60 хувь хүртэлх өгөөжийг “Баялгийн сан”-д хуримтлуулахаар Ерөнхий сайд Г.Занданшатартай санамж бичигт гарын үсэг зурсан. Дараагийн өдөр нь MCS-ийн мөнхийн дайсан гэж өөрийгөө тунхагласан “Женко” Баттулга намынхаа нүүр болж гарч ирээд, “Гэрэгэ” гардуулж зогссон билээ. Энэ бол Монголыг хувааж буй улстөр-эдийн засгийн хоёр бүлэглэлийн “тулаан” өрнөж буй хэрэг.
Өчигдөр зэрэг болсон хоёр шоуг ч тэгэж харагдуулахаар тал талаас идэвхийлэн зүтгэж харагдав. Энэ бол Монголын улс төрийн гал морин жилийн өнгө.
Сүүлийн 20 жилийн турш улс оронд хагарал нэмсэн хоёр бүлэглэлийн тэмцэл гал морин жилд ч гал асаана гэсэн үг. Ирэх 2027 онд болох Ерөнхийлөгчийн сонгууль угтсан тэмцэл намуудын хооронд биш, бүлэглэлүүдийн хооронд өрнөнө гэсэн үг. Намууд нь үзэл санаагүй, дотооддоо эв нэгдэлгүй, нэг үнэт зүйлгүй байгаа нь бүлэглэлүүдэд орон зай гаргаж өгсөөр, Монголын улс төрийн нөхцөл байдал улам дордсоор.
Г.Занданшатарын хувьд экс Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнийг бодоход популизмгүйгээр, аль болох эв зүйгээр асуудлыг шийдэхийг хичээж буй харагдах. Гэсэн ч сошиалыг тэр чигт нь бүрхсэн байсан популизм зөөлөн характертэй Г.Занданшатарыг олон нийтэд “үзэгдэж, харагдуулахгүй” байх талтай.
Тиймээс Г.Занданшатар гал морин жилийн улс төрөө шоугаар эхлүүлэв. Улс төрч хүн ТВ шоунд бодлого модлого ярьж орохгүй нь тодорхой. Тэрээр сүүлийн үед амны уншлага болгосон “цэгцрэх” гэдэг үгээ хэзээ, яаж эхлүүлснээ хэлэх гэж оржээ.
Г.Занданшатар 12 жилийн өмнө Америкт осолд орж , 27 хоног ухаангүй байснаа ярив. Сэрээд ерөөсөө өөрийгөө, улс орноо цэгцэлье гэж бодоод Монголдоо ирээд “Цэгцрэх хөдөлгөөн” номоо бичсэнээ ярив.
Сошиалд энэ үгийг нь сайшаах нэг хэсэг байхад “Улс төрчдөө бүгдийг нь мөргүүлж, нэг сайхан цэгцэрье” хэмээн хоржоонтой хошигнох хүмүүс байх ажээ.
Юутай ч гал морин жилийн улстөр ийнхүү шоугаар эхэллээ.
@politiko тоймч