Гал морин жилийн босгон дээр төрдөө үнсүүлсэн хүмүүсийн зураг бичлэг сошиалаар дүүрэн байлаа. Бэлэг дэмбэрэлтэй сар шинийн өдрүүдэд тэвчсэн үгээ одоо хэлье.
Манайх шиг ийм янаг төртэй өөр улс байдаг болов уу? Төр нь үнслээ л гэнэ, төрдөө үнсүүллээ л гэнэ. Бүхий л баяр, тэмдэглэлт өдрөөр үнсэх ажиллагаа явагдана.
Би ч нэг удаа хүчээр үнсүүлэх нь үнсүүлчихсэн юм. 2010 онд ардчилсан хувьсгалын 20 жилийн ойг тохиолдуулан манай хуучин соцдекууд комисс байгуулчихсан хэн хэнд ямар шагнал өгөх тухай хэлэлцэж байхтай таарсан юм. Шагналын жагсаалтын эхэнд миний нэр тууж явна. Хөдөлмөрийн гавьяаны одонд тодорхойлж буй бололтой юм. Би ч тас үгүй гэлээ. Яасан гэж, юуны төлөө? Ингэхэд бид энэ коммунист тогтолцооны үеийн шагналын тогтолцоог хална гээгүй бил үү?
Гэтэл шагналын комиссийн дарга бололтой Хатанбаатар, Мэндсайхан нар шагналын жагсаалтаар миний ард байгаа хүмүүсээ бодоод битгий эсэргүүцээч гэж гуйлаа. Ийнхүү өөрийн бус хүслээр төрдөө үнсүүлчихсэн юм.
Төрийнхөө шагналыг үгүйсгэлээ энээ тэрээ гэж зэмлэх нэг нь зэмлэнэ л биз. Гэхдээ манай төрийн шагналын тогтолцоо утга учиргүй, аль хэдийн үгүй болсон коммунист систем амь бөхтэй оршсоор байгааг нотлож буй юм.
Хамгийн гунигтай нь шинэ нийгмийн төлөө мөр зэрэгцэн явсан нөхдүүд маань хүртэл алдар цолны урхинд орчихсон, төрдөө үнсүүлэх гэж зүтгэдэг болчихсон. Нэг биш нэжгээд үнсүүлчихсан, бүр нэг “янханлаг” болчихдог нь эмгэнэлтэй. Нохой засуулсан хүндээ янагаа гэж. За найзууд минь ийм үг хэлсэнд минь бүү гомдоорой. Ардчиллын нэрээр гавьяа шагналд хүрсэн юм бол түүнийгээ хамгаалах хэрэгтэй биз дээ.
Төрдөө үнсүүлсэн жир иргэд, багш эмч болон бусад салбарынхан минь та нарын тухай энд би өгүүлээгүй шүү. Гагцхүү төрөө цэвэр тунгалаг, улс орноо хөгжил дэвшилд хүргэх амлалтаасаа няцсан нөхдүүддээ л хандаж буй юм.
Бөхчүүдийн хувьд цол дагаж бяр нэмдэг бол манай төрд үнсүүлсэн нөхдүүд цол авангуутаа бяргүй, бядгүй нэг тийм үхээнц болчихдог нь харамсалтай.
Энэ нийгэм маань бидний хүссэн нийгэм биш, коммуны нийгмээс долоон дор харгис, шударга бус, хулгайч дээрэмчид нь төрийн толгойд заларсан, ард олон нь давхар давхар дарлалд нухчуулчихаад байхад ганц үг гав хийдэггүй, тэгчихээд төрдөө үнсүүлэх гээд уралдаад шаадаг нөхдүүдээ харахаар атаархах биш гомдох, харуусах сэтгэл төрдөг юм даа. Уул нь шинэ нийгмийн хөгжлийн чиг хандлагыг тодорхойлох элит байх ёстой байтал хуучин тогтолцооны бэлэг тэмдэг болчих гэж.
Энэ гал морин жилдээ цагаан морин жилд эхлүүлсэн системийн өөрчлөлтөө тултал нь гүйцээх юм сан. Коммунист ч биш, капиталист ч биш, фашист ч биш хачин тодорхойгүй нийгэмд бид амьдарч байна. Ямар ч үзэл суртал, ёс суртахууны хэм хэмжээ байхгүй. Захгүй далайд залуургүй завинд сууж яваа мэт.
Одоо яахав. Эрх баригч хэн боловч гарч ирэхдээ авилга хулгайтай эцсээ хүртэл үзнэ гэж гарч ирдэг. Бидний хөгжилд авилга хулгай л саад болоод байгаа мэт. Өнгөрсөн түүх юу хэлж байна вэ гэхээр авилгачид авилгатай, хулгайчид хулгайтай тэмцдэггүй юмаа гэдгийг л харуулж байна.
Ер нь бол хүн нийгмийн хамгийн эртний мэргэжил бол янхандалт гэдэг шиг авилга бол яг л түүн шиг мэргэжил юм шиг байгаан. Төр улс байгаа цагт авилга байж л байдаг. Америкт ч байна, европт ч байна. Бидний мэдэх, хүсэмжит соёлт улс орнуудын эрх баригчид авилгын хэрэгт орооцолдож, яллуулах тохиолдол гарсаар байна.
Хэлэх гэсэн санаа бол авилга, хулгайг цэгцлэх гэдэг нь хөгжлийн бодлого биш. Хөгжлийн бодлого гэвэл хүн бүрт итгэл найдвар төрүүлэх бодлогыг хэлмэар байгаа юм. Энэ нийгэмд амьдарч байгаа хэн боловч ямар нэгэн хэлбэрээр ажиллаж, амьдрал ахуйгаа залгаж л байгаа.
Ард иргэдэд маргааш нь өнөөдрөөс дээр байх итгэл хэрэгтэй бөгөөд нэгэнт төрд нийгэм эдийн засгийн бүхий л эрх мэдэл төвлөрч буй тул бидний амьдрал доройтож байгаа бол эрхийг баригчид л хариуцлага хүлээх ёстой.
Ардчилсан нийгэмд хариуцлага тооцох ганцхан арга нь итгэл алдсан эрх баригчдыг сонгуулиар солих гэж үздэг. Ирэх онд Ерөнхийлөгчөө, дараа жил нь УИХ-ын гишүүдээ сонгоно. Нэгэнт ардчиллыг сонгосон учир дээрх хоёр сонгууль бидний хувьд ирээдүйгээ тодорхойлох онцгой үйл явдал болох учиртай.
Чоно борооноор гэгчээр манай шинэ цагийн түүхийн хамаг гай түйтгэрийн эзэд төрийн өндөр сэнтийд санаархаж, баруун солгойгүй пиар хийцгээж эхэллээ. За ард иргэд минь тэдэнд бүү итгээрэй. Хуучин нийгмийн үлдэгдэл, бэлэг тэмдэг нь болсон тэр хүмүүсээс юу ч гарахгүй. Тэднээс ирээдүйн гэрэл гэгээ харагдахгүй, өнгөрсөнтэйгөө л зууралдана.
Шууд л хэлэхэд АН талаас Алтанхуяг, Баярцогт, Гантөмөр өөр хэн хэн ч гэлээ, МАН талаас Занданшатар, Энхбаярууд, Бямбацогт ч гэх шиг. За та нар минь эртхэн шиг үгүй гэдгээ хэлэхгүй бол шившиг болно шүү.
Шинэ цаг, шинэ үе өөрийнхөө удирдагчийг тодруулдаг л юм билээ. Саяхан Японд цоо шинэ лидер тодорлоо.. Санаэ гэх энэ эмэгтэй хамгийн хуучинсаг Японы улс төрд бөмбөг дэлбэллээ. Дэлхийн дэг журам өөрчлөгдөж байна шүү дээ. Яагаад бидэнд орчин үеийн сэтгэлгээтэй, нийгэм нийтэд хүлээн зөвшөөрөгдөх лидер төрж болохгүй гэж.
А.Ганбаатар