УИХ-ын гишүүн Л.Оюун-Эрдэнэ өөрийг нь УИХ-ын Халдашгүй байдлын дэд хороонд өгсөн хэмээн УИХ-ын гишүүн У.Отгонбаяр сэтгүүлчдэд ярьжээ.
УИХ-ын гишүүн У.Отгонбаярыг Ерөнхийлөгчийн дүү гэдгээр нь хүмүүс мэднэ.
Энэ мэдээллийг өгөхдөө У.Отгонбаяр “Эр хүмүүс аль муудалцахыг тэр гэхэв. Би цэцэрлэгийн хүүхэд шиг тэр нь ингэсэн, тэгсэн гэж яримааргүй байна” гэв.
Хэвлэлүүдэд “УИХ-ын гишүүнийг эгүүлэн татах” Ерөнхийлөгчийн хуультай холбоотойгоор УИХ-ын гишүүн Л.Оюун-Эрдэнэ, У.Отгонбаяр нар маргалдсан. Улмаар У.Отгонбаяр Л.Оюун-Эрдэнийн нүүр лүү ус цацсан хэмээн мэдээлэл цацагдсан.
Тэгвэл өөр нэг эх сурвалж “УИХ-ын даргыг сонгохоос өмнө энэ маргаан гарсан юм билээ. Сангийн сайд асан Б.Жавхланг УИХ-ын дарга болгох лоббиг У.Отгонбаяр хийсэн. Тэгэж явахдаа Л.Оюун-Эрдэнийн өрөөнд орж, маргалдсан. Тэгээд нүүр лүү нь стакантай ус цацсан юм билээ” гэж хэллээ.
Редакцийн тайлбар:
Ерөнхий сайд асан Л.Оюун-Эрдэнэ, Ерөнхийлөгчийн дүү нарын хооронд болсон зүйл У.Отгонбаярын хэлж байгаа шиг зүгээр нэг эр улсуудын маргаан биш ажээ. Нэг нам, нэг төрд багталцахгүй шахам эрх мэдэл булаацалдан, өөрсдийг нь сонгосон ард иргэдээ умартан “зодолдож” буй бүлэглэл хоорондын тэмцлийн илрэл ийнхүү нэгийнхээ нүүр лүү ус цацсанаар үргэлжлэв. Дараагийн удаа шууд махан биерээ зодолдох уу? Улстөрд хэлэлцэх, ярилцах, иргэдээр хянуулах соёл, арга ажиллагаа дутагдахын хэрээр сошиал дахь хэрүүл, гүтгэлэг гаарч байдаг. Тэгвэл одоо бие биеийнхээ биед халдаж эхэлж байна.