7 хоногийн тойм: Бүлэглэл,фракцын тэмцэл МАН,АН-д дахин хурцдав

politiko

Өнгөрсөн долоо хоногт (2026.04.27 – 2026.05.01) Монголын улс төрд өрнөсөн үйл явдлуудыг тоймлон хүргэж байна. Энэ долоо хоног эрх баригч МАН болон сөрөг хүчин АН-ын дотоод фракцуудын зөрчил урьдын адил хурц хэвээр “хонгилын” гэгдэх баривчилгаа болон томоохон мега төслүүдийг тойрсон маргаанаар дүүрэн байлаа.

 Нийслэлийн засаглал дахь “төрийн эргэлт” ба А.Баярын огцруулалт

Өнгөрсөн даваа гарагт (04.27) Нийслэлийн ИТХ-ын дарга А.Баярыг төлөөлөгчдийн олонхийн саналаар буюу хуралд оролцсон 31 төлөөлөгчийн 29-ийн саналаар огцрууллаа.

  • Зөрчлийн үндэслэл: А.Баяр нь АН-ын бүлгийн хүсэлтээр хурлыг дур мэдэн хойшлуулж, хууль зөрчсөн төдийгүй төсвийн хөрөнгийг зориулалт бусаар зарцуулсан гэж МАН-ын бүлэг дүгнэв. Өөрийг нь огцруулах хуралдаанд А.Баяр өөрөө байгаагүй бөгөөд маргааш нь тэрээр өөрийг нь хууль бусаар огцруулсан хэмээн мэдэгдсэн.
  • Улс төрийн агуулга: Энэ нь Хотын дарга Х.Нямбаатар болон ХБОС-ын сайд Э.Бат-Амгалан нарын хоорондох Нийслэлийн МАН-ын хорооны эрх мэдлийн төлөөх тэмцэл НИТХ дээр дэлбэрсэн хэрэг болов. А.Баярыг Э.Бат-Амгалангийн “хүн” гэж үздэг бөгөөд түүнийг огцруулснаар Х.Нямбаатар засаглалаа бататгах алхам хийлээ.
  • Шинэ томилгоо: Баасан гарагт  НИТХ-ын даргаар Д.Ихбаярыг томилов.Түүнийг нийслэлийн ИТХ дахь МАН-ын бүлгээс нэрийг нь дэвшүүлсэн бөгөөд баасан гарагт МАН-ын Удирдах зөвлөл хуралдаж, дэмжиж буйгаа илэрхийлсэн.

“Их засаг” их сургуульд суралцаж, ажиллаж байсан учраас түүнийг Ерөнхий сайд Н.Учралын фракцын хүн хэмээн хэвлэлүүд мэдээлж байна.

ДАШНЯМЫН ИХБАЯРЫН НАМТАР:

ТӨГССӨН СУРГУУЛЬ, МЭРГЭЖИЛ

  • 2002-2006 он МУИС-ийн МХСС-ийг Монгол хэл, япон хэл орон судлаач /бакалавр/
  • 2011-2013 он Хүмүүнлэгийн ухааны их сургуулийн хэл шинжлэл /магистр/
  • 2012-2015 он Их засаг олон улсын их сургууль, эрх зүйч

АЖЛЫН ТУРШЛАГА

  • 2008-2009 он “Их засаг” олон улсын их сургуульд гадаад харилцааны мэргэжилтэн
  • 2009-2013 он “Их засаг” олон улсын их сургуулийн “Лицей” сургуулийн захирал
  • 2013-2014 он Баянгол дүүргийн ЗДТГ-ын ГБХЗХХ-ийн дарга
  • 2014-2016 он Баянгол дүүргийн ЗДТГ, ЖДҮДТ-ийн дарга
  • 2016-2018 он Сонгинохайран дүүргийн ЗДТГ-ын ХХҮХ-ийн дарга
  • 2018-2020 он Нийслэлийн МАН-ын Сургалт судалгаа олон нийттэй харилцах хэлтсийн дарга
  • 2020-2021 он Нийслэлийн ЗДТГ-ын Нийслэлийн Засаг даргын Инноваци технологийн асуудал хариуцсан орлогч дарга
  • 2021-2022 он Нийслэлийн ЗДТГ-ын Нийслэлийн Засаг даргын Агаар орчны бохирдол, ногоон байгууламж хариуцсан орлогч дарга
  • 2020-2024 он Нийслэлийн Иргэдийн төлөөлөгчдийн хурлын төлөөлөгч, Нийслэлийн МАН-ын бүлгийн дарга 
  • 2024 оноос Нийслэлийн Иргэдийн төлөөлөгчдийн хурлын төлөөлөгч, Нийслэлийн МАН-ын бүлгийн дарга 
  • 2025 оны 12 дугаар сараас Ерөнхийлөгчийн Байгаль орчин, ногоон хөгжлийн бодлогын зөвлөхөөр ажилласан.

Хуулийн “махны машин” ба Хотын орлогчийн огцруулалт

НИТХ-ын даргыг солих үйл явцтай зэрэгцэн Хотын  удирдлагуудыг чиглэсэн АТГ-ын баривчилгаа ширүүслээ.

  • Т.Даваадалай ба Туулын зам: Хотын нэгдүгээр орлогч Т.Даваадалайг “Туулын хурдны зам”-ын тендер болон мөнгө угаасан байж болзошгүй хэрэгт холбогдуулан 48 цаг саатуулсан. Тэрбээр өөрийгөө улс төрийн золиос болж байна хэмээн мэдэгдэж, ажлаа өгөн шалгуулахаар болов.ЦЕГ-аас Т.Даваадалайд эрүүгийн хэрэг үүсгэн АТГ-т шилжүүлсэн бол АТГ-аас яллагдагчаар татсанаа мэдээлсэн. Цагдаагаас мэдээлснээр бол, нийслэлийн орлогч Т.Даваадалай эхнэрийнхээ болон үеэл дүү, мөн найзуудынхаа компаниудаар 6.6 тэрбум төгрөгийг ажил хийсэн хэмээн гаргаж авчээ.
  • Х.Нямбаатарын эсэргүүцэл: Хотын дарга Х.Нямбаатар үүнийг “Хуулийн махны машин ажиллаж эхэллээ” хэмээн тодорхойлж, өөрийг нь “тойруулж буудахын” оронд шууд шалгахыг шаардсан юм.
  • Бусад баривчилгаа: НИТХ-ын төлөөлөгч Б.Сэргэлэнбаатар, “Үнэн ба зөв” намын Ш.Мөнхсайхан нарыг Сэлбэ дэд төвийн тендертэй холбогдуулан баривчлаад сулласан. Б.Сэргэлэнбаатар суллагдсаныхаа дараа “Өөрийнхөө компаниар тендэр авах нь хууль бус  биш”хэмээн мэдэгдсэн нь олны эгдүүцлийг төрүүлэв. НИТХ-ын төлөөлөгч Б.Сэргэлэнбаатар “Професионалстрой” ХХК-ийн хувь эзэмшиж эхэлснээс сарын дараа “Сэлбэ дэд төв“-ийн 197.6 тэрбум төгрөгийн тендерт шалгарсан баримт цацагдсан юм.

 Сөрөг хүчний “амиа хорлолт” уу, эсвэл “сэргэлт” үү?

АН-ын дотор Ерөнхий нарийн бичгийн даргын суудлын төлөөх зодоон шинэ шатанд гарлаа.

  • С.Баярцогтын томилгоо: АН-ын  дарга О.Цогтгэрэл С.Баярцогтыг Ерөнхий нарийн бичгийн даргын үүрэг гүйцэтгэгчээр томилсон. Улмаар энэ сарын 6-нд болох ҮБХ-ны хурлаар уг томилгоог жинхлэх сонгууль явуулах юм.
  • Гэтэл өнгөрч буй 7 хоногт хэсэг залуус С.Баярцогтыг эсэргүүцэж буйгаа илэрхийлж, хэвлэлийн бага хурал хийв. АН-ын залуу гишүүд С.Баярцогтыг “Оюутолгой болон авлигын хэрэгт холбогдсон” хэмээн үзэж, түүнийг томилохыг “МАН-ын захиалгат улс төрийн амиа хорлолт” гэж нэрлэв. Хэрэв томилбол нам дотроо хатуу тэмцэл эхлүүлэхээ мэдэгдээд байна.

Гэхдээ тэднийг УИХ-ын гишүүн, “Женко” хэмээх Х.Баттулгын захиалгаар гарч ирэгсэд хэмээн буруутгалаа.

Хуучин Ерөнхий сайд хоёр асуудалд “нэр холбогдов”

УИХ-ын гишүүн, Ерөнхий сайд асан Л.Оюун-Эрдэнэ өнгөрсөн долоо хоногт хоёр ч асуудалд “нэр холбогдов”.

Эпштэйн ба Монгол: Тэрбээр Ерөнхий сайд Н.Учралд асуулга тавьж, олон улсын шуугиан тарьсан Жеффри Эпштэйний хэрэгт Монголын өндөр албан тушаалтнууд (Ц.Элбэгдорж, Х.Баттулга нар) болон стратегийн ордууд холбогдсон байж болзошгүй асуудлыг ил болгохыг шаардав.

ТЕГ-т шалгуулах хүсэлт: Нөгөө талд, хуульч Ц.Оюунбаатар тэргүүтэй хүмүүс Л.Оюун-Эрдэнийг “ард түмнийг тэмцэлд уриалж, үндэсний аюулгүй байдалд заналхийлсэн” гэх үндэслэлээр ТЕГ-т шалгуулахаар хандлаа.

Дүгнэлт:

Өнгөрсөн 7 хоног бол Туулын хурдны зам” болон “Эрх мэдлийн дахин хуваарилалт”-ыг тойрсон фракц хоорондын задгай “дайн” байлаа. МАН доторх зөрчил Нийслэлд идэвхжиж, зарим  удирдлагыг бүрэн өөрчлөв.

Харин АН-ын хувьд ирэх 5-р сарын 6-ны ҮБХ-ны хурлаар  тус нам нэгдэх үү, эсвэл дахин задрах уу гэдгийг шийдэх эгзэгтэй мөч болох нь.

Сэтгэгдэл үлдээх

САНАЛ БОЛГОХ