Трамп Обамаг төрийн эсрэг хэрэг үйлдсэн хэмээн буруутгалаа

politiko

АНУ-ын Ерөнхийлөгч Дональд Трамп мягмар гарагт Ерөнхийлөгч асан Барак Обамаг “төрийн эсрэг урвагч” (treason) хэмээн буруутгалаа. Тэрбээр ямар нэгэн нотолгоо гаргаж тавилгүйгээр, Обама нь 2016 оны ерөнхийлөгчийн сонгуулийн үеэр өөрийг нь Орос улстай холбон, нэр хүндийг нь унагаах гэсэн санаатай хуйвалдааныг удирдсан хэмээн мэдэгдэв.

Обамагийн төлөөлөгч энэ мэдэгдэлд хариу мэдэгдэл гаргаж, “энэ хачин мэдэгдлүүд бол инээдэмтэй бөгөөд анхаарлыг сарниулах сулхан оролдлого” гэж мэдэгджээ.

Трамп өмнө нь ч Обамаг олон удаа шүүмжилж байсан боловч 2025 оны 1 дүгээр сард албан тушаалдаа дахин орсноос хойш анх удаа ийнхүү Обамад шууд эрүүгийн шинжтэй буруутгал тавьсан нь улс төрийн хувьд огцом алхам боллоо.

Трамп мягмар гарагт Цагаан ордонд хийсэн мэдэгдэлдээ, түүний тагнуулын байгууллагын дарга Тулси Габбардын өмнөх баасан гарагт хэлсэн үгнээс үндэслэл авчээ. Габбард тухайн үгэндээ, 2016 оны сонгуульд Оросын хөндлөн оролцооны талаарх тагнуулын дүгнэлттэй холбогдуулан Обамагийн засаг захиргааны өндөр албан тушаалтнуудыг шалгуулахаар Хууль зүйн яаманд шилжүүлнэ гэж мэдэгдсэн юм.

Габбард тухайн үеийн баримт бичгийг ил болгохдоо, 2016 онд Обамагийн засгийн газрын өндөр түвшний албан тушаалтнууд Трампын сонгуулийн кампанит ажилд саад хийх “төрийн эсрэг хуйвалдаан” зохион байгуулсан гэж мэдэгдсэн. Гэхдээ Ардчилсан намын гишүүд энэ мэдэгдлийг “худал” ба “улс төрийн зорилготой” гэж буруушааж байна.

Трамп мягмар гарагт “Нотолгоо нь энд байна. Тэр (Обама) буруутай. Энэ бол төрийн эсрэг урвал байсан”
хэмээгээд “Тэд сонгуулийг хулгайлахыг оролдсон. Тэд сонгуулийг будлиантуулсан. Тэд гадаадын улсуудад ч санаанд оромгүй зүйл хийсэн” гэж мэдэгджээ.

Гэвч энэ бүх мэдэгдэлдээ Трамп ямар ч баттай баримт гаргаж тавиагүй юм.

АНУ-ын тагнуулын байгууллагын 2017 оны 1 дүгээр сарын дүгнэлтэд дурдсанаар, Орос улс сошиал медиаг ашиглах, хакердах, бот ашиглах замаар Ардчилсан намын нэр дэвшигч Хиллари Клинтоны кампанит ажилд хохирол учруулж, Трампын кампанид тус дөхөм үзүүлэхийг зорьсон нь тогтоогдсон. Гэхдээ уг үйл ажиллагаа сонгуулийн үр дүнд нөлөөлсөн гэдгийг нотлох баримт олоогүй ба нөлөө нь хязгаарлагдмал гэж үзсэн байдаг.

ы хоёр намын хамтарсан Сенатын тагнуулын хороо мөн Орос улс Бүгд Найрамдах намын улс төрч Пол Манафорт, WikiLeaks сайт зэрэг сувгаар дамжуулан Трампын төлөө сонгуульд нөлөөлөх оролдлого хийснийг тогтоожээ.

Обамагийн төлөөлөгч Патрик Роденбуш энэ талаар мэдэгдэхдээ:“Габбардын ил болгосон баримт бичгүүд нь Орос улс 2016 оны сонгуульд нөлөөлөх гэж оролдсон гэх дүгнэлтийг няцаах ямар ч зүйл агуулаагүй” гэжээ.

Трамп өмнө нь олон удаа нотолгоогүй хуйвалдааны онол дэвшүүлж байсан бөгөөд түүний зүгээс дээрх дүгнэлтүүдийг байнга “зохиомол хуурамч хэрэг” (hoax) хэмээн үгүйсгэсээр ирсэн.

Сүүлийн өдрүүдэд тэрээр Truth Social хаягтаа Обамаг гар хүлүүлсэн, баривчлагдаж буй хиймэл оюун ухаанаар бүтээсэн хуурамч бичлэг нийтэлсэн нь олон нийтийн дургүйцэл, маргааныг төрүүлж байна.

Трамп өөрийн нэр хүндэд халдсан гол асуудал болох Жеффри Эпштейнтэй холбоотой баримтуудыг ил болгох шаардлагаас анхаарлыг холдуулах оролдлогыг хийж байгаа гэж хэвлэлүүд үзэж байна. Эпштейн нь 2019 онд хүүхэд худалдаалах хэрэгт холбогдон хоригдож байх үедээ амиа хорлосон байдаг. Трамп түүнтэй 1990-2000 оны хооронд нийгмийн хүрээнд танилцаж байсан гэдгээр олон нийтийн шүүмжлэлд өртсөн.

Оваль танхимд Трамп Эпштейнтэй холбоотой асуултаас бултсаны дараа “Яг яримаар “хутгалт” бол Обама яг газар дээрээ баригдсан хэрэг. Түүнийг барьж авсан” хэмээн Обамыг дахин буруутгав.

Тэрбээр үүнээс цааш“Одоо хариу үйлдэл хийх цаг нь болсон. Ямар ч байсан, надад юу тохиолдсон ч бай, бид одоо бусад хүмүүст хариуцлага тооцох ёстой. Обама бол шууд баригдсан хүн” гэж мэдэгджээ.

Трампын эсрэг байр суурь. Ардчилсан намын Конгрессын гишүүн Жим Хаймс (Jim Himes) X (хуучнаар Твиттер) дээр бичихдээ “Энэ бол худал. Хэрвээ Ерөнхийлөгч ойлгохгүй байвал, тухайн үед хоёр намын хамтарсан мөрдөн шалгалтыг удирдсан @SecRubio (Марко Рубио)-гоос асууж болно” гэжээ.
Марко Рубио одоо Трампын Төрийн нарийн бичгийн даргаар ажиллаж байна.

Трамп дахин төрийн эрхэнд гарснаасаа хойш, өөрийг нь болон түүний ойр хүрээлэлд хууль зүйн шахалт үзүүлсэн, 2021 оны 1 сарын 6-ны Капитолын халдлага, нууц материал хадгалсан зэрэг хууль хяналтын байгууллагын мөрдлөгийг улс төржүүлсэн хэмээн олон удаа мэдэгдэж ирсэн.

Обама Трампын анхны дайралтын бай биш. 2011 онд Трамп түүнийг АНУ-д төрөөгүй гэж буруутгаж, улмаар Обама төрсний гэрчилгээгээ нийтэлж байв.

Сүүлийн саруудад Трамп Обама болон Жо Байден нарын эсрэг үлгэр домгийн шинжтэй мэдэгдлүүдийг үргэлжлүүлэн хийж байгаа. Тэрбээр саяхан Байден автоматаар гарын үсэг зурах төхөөрөмж (autopen) ашиглан төрийн баримт бичигт гарын үсэг зурсан гэж мэдэгдсэн ч Байден энэ мэдэгдлийг “инээдтэй худал зүйл” хэмээн няцаасан.

Габбардын нотолгоог юу хэлэв? Габбардын гаргасан материал нь хоёр тусдаа тагнуулын дүгнэлтийг хольж хутгасан гэдгийг шинжээчид тогтоожээ.

  1. Нэгдүгээр дүгнэлт: Орос улс сонгуулийн дэд бүтэц рүү халдаж, саналын тоонд нөлөөлөхийг оролдсон гэх нотолгоо байхгүй.
  2. Хоёрдугаар дүгнэлт: Орос улс мэдээллийн дайн, мэдээлэл хулгайлалт, цацалтаар дамжуулан АНУ-ын сонгуулийн уур амьсгалыг өөрчлөхийг зорьсон.

Обамагийн захиалгаар 2017 онд нийтлэгдсэн тагнуулын дүгнэлт хоёрдугаар таамаглал дээр тулгуурласан. Харин Тагнуулын дарга асан Жон Ратклифф 2025 оны 7-р сарын 2-нд хийсэн хяналтын дүгнэлт энэ тагнуулын дүгнэлтийн үйл явцад алдаа байсныг тогтоосон ч гол дүгнэлт болон үндсэн баримтуудыг бүрэн дэмжсэн байна.

Эх сурвалж: reuters

Сэтгэгдэл үлдээх

САНАЛ БОЛГОХ