Б.Батбаатар сайдыг “дээрэлхээд” байгаа учир засгаас гарах асуудал яригдаж байна

politiko

Байгаль орчны сайд Батын Батбаатар сайд болсныхоо дараа “Ногоон бодлого хэрэгжүүлдэг” намын хувьд хэмээн бичсэн байв. Иргэний зориг-Ногоон нам (ИЗНН) байгаль орчны яг ямар бодлого хэрэгжүүлдэгийг мэдэхгүй ч “ногоон” хэмээх тодотголтой намын хувьд байгаль орчин, уур амьсгалын өөрчлөлтийн салбарыг удирдах болсон нь олзуурхам.  Тогтворгүй, эмзэг эдийн засагтай Монголын төр, засаг байгаль руугаа хайр, найргүй дайрах болсон цөвүүн цагт “Ногоон нам” нь байгаль орчноо хайрлах бат цайз болоод төлөвшвөл алсдаа хэрэгтэй.

Ямар ч байсан Б.Батбаатар сайд болсныхоо дараа “Алт-3” хөтөлбөрт тусгай хамгаалалттай газар нутгийг хамруулахгүй байх талаар идэвхийлэн зүтгэж, Ерөнхийлөгчөөр хориг тавиулахад хувь нэмрээ оруулжээ. Ноён уулан дахь 100 тоннын алтны нөөц “алтанд шунасан” дарга нарын аазгайг хөдөлгөөд байгаа учир “ногоон” сайдын идэвхийлэл таалагдахгүй нь мэдээж. Гэвч Байгаль орчны сайдын хувьд байгалиа л хайрлах  үүрэгтэй хүн билээ.

Гэтэл хоёр хоногийн өмнөөс ИЗНН засгаас гарах асуудал яригдаж эхлэв. УИХ-ын гишүүн М.Нарантуяа сошиал хуудсандаа  “Нэр төдий засагт хамтрах ажлыг больсон нь дээр гэсэн удаа дараагийн саналыг хүлээн авахаар болсон  ИЗНН-ын дарга Батын Батбаатар даргадаа баярлалаа” хэмээн бичжээ. Мөн АН засгаас гарлаа гэсэн ч цаагуураа хүмүүсээ яамдад чихсээр байж ардчиллын дүр эсгээд яахав гэсэн утгатай зүйл бичжээ.  Уг постыг Б.Батбаатар сайд шэйрлэхдээ “Зөв магадгүй” гэсэн байв.  

Эндээс харвал өмнөх сайдын үед тус яаманд томилогдсон АН-ынхны халаа, сэлгээнээс болсон гэж ойлгогдохоор байна. Засгаас гарах эсэх асуудлаа ч есдүгээр сарын 1-нд болох намынхаа Улс төрийн зөвлөлийн хурлаар, улмаар 14-нд болох ээлжит бус Их хурлаараа  хэлэлцэхээр зар тараажээ.

Үнэхээр ч БОУАӨ-ийн сайд Б.Батбаатарт эрх мэдэл өгөхгүй, тэр ч байтугай Засгийн газрын дээд удирдлагын зүгээс дээрэлхэх хандлагатай байгаа аж. Ковидоос хойш буюу 2020 оны үеэс Засгийн газрын түвшинд төрийн захиргааны албан тушаалтныг томилохдоо Төрийн албаны тухай хуулийг огт мөрдөхөө больсон нь Г.Занданшатарын Засгийн газарт ч үргэлжилж байна.

Г.Занданшатар Ерөнхий сайдаар томилогдсоныхоо дараахан хэлсэн үгэндээ “Дэд сайд, Төрийн нарийн бичгийн дарга нарыг томилохдоо Ерөнхий сайдтай зөвшилцөх”-ийг салбарын сайдуудад чиглэл болгосон байдаг. Өөрөөр хэлбэл,   улс төрийн  болон төрийн захиргааны албан тушаалтнуудыг бүгдийг салбарын сайд нь мэдэж томилдог Л.Оюун-Эрдэнийн Засгий газрын зарчим хэвээр үйлчилж байна гэсэн үг.

Тухайлбал,Г.Занданшатарын Засгийн газар байгуулагдсанаас хойш Барилга, хот, байгуулалт, орон сууцжуулалтын яам, Аж үйлдвэр, эрдэс баялгийн яам, Соёл, спорт, аялал жуулчалын яамны Төрийн нарийн бичгийн дарга нар гэхчилэн  солигджээ. Төрийн албаар дүүрэн шалгуур хангаагүй “үүрэг гүйцэтгэгч” байх болсон тул гайхаад байх ч зүйлгүй. Төрийн албаны шалгалт хамаагүй, Засгийн газрын хуралдаанаар ч ордоггүй, сайд нь тушаал гаргаад л томилдог дур зоргын асуудал ерөнхийдөө 2023 оноос хойш үргэлжилж буй юм.

Тус яамны  Төрийн нарийн бичгийн даргын түр орлон гүйцэтгэгчээр өмнөх сайдын үед томилогдсон Ц.Уртнасан дараагийн Төрийн нарийнаа олтол хэвийн ажиллаж байж. Гэтэл Ерөнхий сайд түүнтэй хамтран ажиллахгүй хэмээж, улмаар энэ сарын 13-нд ажлаас нь чөлөөлжээ. Ингээд одоогоос долоо хоногийн өмнө  Б.Батбаатар тушаал гаргаж, яамныхаа Төрийн захиргаа, удирдлагын газрын даргаар авчраад  байсан  Т.Золбаярыг Төрийн нарийн бичгийн даргын түр орлон гүйцэтгэгчээр томилжээ.Т.Золбаяр  өмнө нь Улсын бүртгэлийн ерөнхий газар, Засгийн газрын хяналт хэрэгжүүлэх газар зэрэг газарт шинжээч, ахлах шинжээч хийж байсан удирдах албаны туршлагагүй нэгэн аж.

Гэтэл энэ шийдвэрийг нь үл тоосон Засгийн газар хоёр хоногийн өмнө Б.Насантогтохыг Төрийн нарийн бичгийн даргаар томилчихож. Б.Насантогтох нь 2020 онд ковидын хуулиар Эрчим хүчний яамны Төрийн нарийн бичгийн даргаар томилогдож байсан нэгэн ажээ. Чухам үүнээс болж ИЗНН засгаас гарах асуудал сөхөгдсөн бололтой юм. Тус яам ийнхүү хоёр Төрийн нарийнтай болсон ба одоогоор Т.Золбаяр нь албан үүргээ гүйцэтгэж, сайд Б.Батбаатар нь харин гадаад томилолтой яваа юм байна.

Б.Батбаатарт ирэх өөр нэг дарамт ЗГХЭГ-ын дарга С.Бямбацогтын зүгээс ирж буй нь үнэнийн ортой аж. Учир нь С.Бямбацогтын баз хүргэн болох Ховдын Д.Батцогт тус яамны Тусгай хамгаалалттай газар нутгийн удирдлагын газрын даргын түр орлон гүйцэтгэгчээр ажиллаж байсныг Б.Батбаатар сайд болиулжээ. Тусгай хамгаалалттай газар нутгийн жорлонгийн асуудлыг шийдэх хөрөнгө, мөнгийг баруун аймгуудын улстөрд ашигласан асуудал ч үүсчээ. Тухайлбал, Увсын 100 жилээр жигтэйхэн сайхан 00-ууд ашиглаад байсан нь угтаа бол тусгай хамгаалалттай газарт очих ёстой 00-ууд байжээ. Энэ мэтээс болоод “Ногоон нам”-ын сайд Д.Батцогтыг чөлөөлсөн гэнэ. Үүнээс болж ЗГХЭГ-ын дарга С.Бямбацогт Б.Батбаатарт тааламжгүй хандаж байгаа юм байх.

Энэ бүхнээс харвал жижиг намынх гэж үзсэн үү, МАН-ын Засгийн газрын “том ах” нар Байгаль орчны сайд Б.Батбаатарыг хатавчиндаа суулгаж, хавчин гадуурхаж байгаа нь тодорхой.

Нөгөө талаар энэ бүхэн нь төрийн алба хэрхэн дампуурсан хийгээд шударга бус байдал хэрхэн гаарч байгаагийн бодит жишээ болж байна.Энгийнээр хэлэхэд, Засгийн газрын яамд хооронд дабль, бүр давхар стандартууд тогтжээ.

Сэтгэгдэл үлдээх

САНАЛ БОЛГОХ