Урд хөрш рүү зардаг нүүрсээ нэг тонн тутмыг нь 105 ам.доллараар зарна хэмээн 2025 оны улсын төсөвтөө тусгасан байтал үнэ нь унасаар өнөөдөр 70 ам.доллар болж, аргагүйн эрхэнд улсын төсвөө тодотгож байгаа тухай Эдийн засгийн хөгжлийн шинэ сайд Н.Учрал ярилаа. Нүүрсний үнэ 40 орчим хувиар буурахад төсвийн орлого 3.3 их наядаар тасарчээ. Ерөнхий сайд Г.Занданшатар төсвийн тодотголыг “Төр бүсээ чангалах хэмнэлтийн төсөв” хэмээн тодотгоод,тэвчиж болох хоёр их наядын зарлагыг танав.
Монголын дарга нар улсын эдийн засгийг өөд татна хэмээн дандаа мега, том зүйлс ярьсаар ирсэн ч иргэдтэйгээ хамт улсаа хөгжүүлэх хамтын механизмаа мартсан шиг санагддаг.
Үүний илрэл нь өдрөөс өдөрт орлого нь багасч буй олонх иргэд, мэдээж хамгийн бодит жишээ нь нүүрсний үнээс хэт хамааралтай нөхцөл байдал. Эдийн засгийг солонгоруулж чадаагүй, зөвхөн нүүрсний мөнгөн дээр “бүжиж” явтал гэнэт үнэ нь унаж, өөдөөс нь өдрөөс өдөрт үнэтэй болж буй алт гялалзаж байна гэнэ.
Л.Оюун-Эрдэнийн Засгийн газрын үед буюу өнгөрсөн дөрөвдүгээр сарын 30-нд “Алт хөтөлбөр хэрэгжүүлэх тухай” Засгийн газрын тогтоол баталсан бөгөөд дараахан нь Ц.Туваан Уул уурхайн сайд байхдаа Ноён уулан дахь Гацууртын ордыг олборлох тухай ярьсан байдаг юм.
Тэгвэл Г.Занданшатарын танхимын Б.Жавхлан “Дэлхийн зах зээлд алтны үнэ 3400 ам.доллар болсон түүхэн боломжийг бид алдаж болохгүй” хэмээн нүдээ гялалзуулжээ. Сүүлийн жилүүдэд хайгуулын бодлого нь зогссоноос 100 тонн алтны нөөцтэй Ноён уулан дахь Гацууртын алтны ордоос өөр шуудхан “ухаад авчих” алтны орд байхгүй хэмээн тэр мөн хэлсэн. Эдийн засгаа хөгжүүлээд л байсан юм бол тусгай хамгаалалттай газраас бусад газарт алтны хайгуулаа хийж байхгүй яасан юм бол? Б.Жавхлангийн Сангийн сайдаар ажилласан хийгээд Ноён уулыг дархан цаазат болгосон хоёр цаг хугацааны хувьд чацуу шахуу аж. Гэвч байгаль үг хэлэхгүй, мөнгө барьдаг сайд илүү хүчтэй учир алт гялалзах цаг хаяанд ирсэн бололтой. Гэсэн ч дээр хэлсэнчлэн ард иргэдийн хувьд эдийн засгийн ашиг талаасаа алт уу, нүүрс үү гэдэг итгэлцэл сэргээгүй цагт бараг ялгаагүй. Харин тусгай хамгаалалттай газрыг сэндийчнэ гэдэг бол хамгийн их хамаатай.
Тэр тусмаа байгаль соёлын цогцолбор болсон Ноён уулын Гацууртын амны алтны орд болон Гутай давааны тусгай хамгаалалттай газрын алтыг олборлохын тулд Монгол Улс олон улсын өмнө үүрэг хүлээсэн гэрээ, конвенцуудыг, Тусгай хамгаалалттай газар нутгийн тухай, Соёлын тухай зэрэг олон хуулийг өөрчилж, байгаль болон түүх соёлын хамгаалалд асар том ухралт хийх нь ээ.
Хамтарсан Засгийн газрын хөтөлбөрт өнгөрсөн жил говийн их дархан газарт Нарансэвстэйн боомт нээх заалтыг сэмхэн шургуулсныг байгаль орчны судлаач, эрдэмтэд эсэргүүцсээр буй. Мазаалай, хавтгайн нутаг их говийн дархан цаазат газарт боомт нээж, уудам газар нутгийг зам тавьж хэрчин хуваахыг эсэргүүцэж буйгаа Дэлхийн байгаль хамгаалах холбооноос бичиг ирүүлж мэдэгджээ. УИХ-ын нэр бүхий гишүүд Нарансэвстэйн боомтыг нээж, 640 км зам тавина гэж буй ч тэнд байгаа Талын мэлтэсийн алтны ордод санаархсан хэрэг гэж байгаль орчны салбарынхан хардаж байгаа.
Монгол Улс хэцүүдэх үедээ алт руугаа хөтөлбөр гарган ордог жишээ бол 1991 оноос хойш найман жил хэрэгжсэн “Алт-1” хөтөлбөр, 2017-2020 он хүртэл хэрэгжсэн “Алт-2” хөтөлбөр.
Эдгээр хөтөлбөрүүд хэрэгжихдээ байгаль орчинд төлж баршгүй их хохирол учруулсан бөгөөд олны сэтгэл зүйн эмзэг цэгээс Ноён уул, Гутайн даваа тусгай хамгаалалттай нутаг болох замдаа шуударсан гэхэд болно. Ноён уулыг 2019 онд дархан цаазат болгож,2021 онд Ерөнхийлөгчийн зарлигаар төрийн тахилгатай болгожээ. Ингэж хамгаалалтад авсан нь “Ноён уулаа аваръя” хөдөлгөөний олон жилийн тэмцлийн үр дүн байв.