С.Мөнхбат: АРДЧИЛЛЫГ УЛС ТӨРИЙН НАМААС САЛГАХ ЯМАР Ч БОЛОМЖГҮЙ

politiko

МУИС-ийн Улс төр судлал, олон улсын харилцаа, нийтийн удирдлагын сургуулийн захирал, доктор, профессор С.Мөнхбатын  2024 оны тавдугаар сард www.gereg.mn сайтад өгсөн ярилцлагыг редакцийн зөвшөөрлөөр товчлон нийтэлж байна. Ярилцлагад дурдагдсан  агуулгууд шийдлээ хүлээсээр байна.

  -Манай улстөрийн намууд одоо ч социализмын үеийн  бүтэцтэй. Намыг  төлөвшихөд саад болж байгаа энэ нүсэр бүтцийг яаж өөрчилбөл зохистой вэ?

–  1990 онд нийгмийн шилжилт хийж, олон нам байгуулагдахад жишиг болсон намын бүтэц нь уламжлалт олон түмний намын бүтэц байсан. Тэр утгаараа тухайн үеийн Монгол ардын хувьсгалт нам  (одоогийн Монгол Ардын Нам)-ын  бүтцээ баримжаалаад бусад намууд бүтцээ хийсэн.    1990 онд батлагдсан Улс төрийн намын тухай хуулиар   засаг захиргааны нэгжийн бүтэцтэй байх тухай эрх зүйн зохицуулалт батлагдсан нь ч хуучин  намын бүтцээ  дагасан зохицуулалт байсан.  Цаашид гэхдээ энэ хэвээр явах уу. 1990 оноос хойш 30 гаруй  жил болчихлоо шүү дээ.

Дэлхий  нийтийн намын хөгжлийн чиг хандлага, онлайн ардчилал, иргэний оролцооны олон хэлбэрүүд бий болж байгаатай холбоотойгоор улс төрийн намын бүтэц, зохион байгуулалтыг эргэж харах шаардлага  байгаа. Ялангуяа эрх зүйн орчны шинэчлэл хийх,   цомхон, техник технологийн ололт амжилтыг нэвтрүүлэх шаардлага тулгарч байна.

Заавал 21 аймаг, бүх дүүрэг, хороодыг хамарсан том бүтэц байх шаардлагагүй.  Тийм том аппаратыг  ажиллуулахын тулд асар их зардал гаргаж байна,   санхүүгийн нөөцтэй байхыг шаардаж байна.  Тийм учраас цахимжиж байгаа дэлхий ертөнцөд цомхон, техник технологийн ололтыг нэвтрүүлсэн бүтэцтэй байх шаардлага бий болж байна.

-МАН жишээ нь бодлогын нам болно гээд яриад байгаа шүү дээ. Бодлогын  нам, олон түмний нам хоёрын ялгаа нь юу вэ?

-Хуучны  олон түмний намууд чинь  нийгмийн тодорхой бүлгүүд буюу залуучууд, эмэгтэйчүүд,   ажилчид, багш нар гээд нийгмийн тодорхой хэсгүүдийн эрх ашгийг хамгаалж,  тэдний  дэмжлэг дээр илүү суурилж байсан. Гэтэл  орчин үед   нийгмийн тодорхой хэсэг гэхээсээ илүү  нийгэмд тулгамдаж байгаа нийтлэг асуудлуудыг нам яаж шийдвэрлэх вэ, түүн дээр ямар бодлого гаргах вэ гэдэг дээр илүү төвлөрдөг болчихсон. Нийгмийн өмнө тулгамдаж байгаа асуудлуудыг  тодорхой бодлогоор шийдвэрлэж чадаж байгаа намыг л бодлогын нам гээд байгаа юм. Нэг талаасаа хэт прагматик нам гэх юмуу. Мэдээж тодорхой бодлого хэрэгжүүлэхийн тулд шинжлэх ухааны үндэслэлтэй, тооцоололтой  гаргах ёстой шүү дээ.  

Хөгжингүй  орнуудад нийтээрээ чинээлэг дундаж давхарга болж, бүгдээрээ нэг нийтлэг   эрх ашигтай, нийтлэг  хэрэгцээ шаардлагатай, амьжиргааны түвшин ижил түвшинд болоод ирэхээр улс төрийн намуудаас ялгаатай бодлого шаардахаа больж байна гэсэн үг.  Харин яаж  тэр нийтлэг  сайн сайхан байдлыг   урагшлуулах, ахиулах вэ гэдэг дээр намууд бодлогын альтернатив хувилбарууд  гаргаж өрсөлддөг болчихсон. Энийг л бодлогын нам гээд байгаа юм. 

Манайд одоо  нийгмийн ялгаатай байдал байгаа учраас    ахмадын,  малчдын, нийгмийн орлого багатай хэсгийн асуудлыг  ингэж шийдвэрлэнэ гээд тоглолт хийгээд байна шүү дээ.  Нийгэм хэдийчинээ ялгаатай байна, төдийчинээ хийх улстөр нь ялгаатай байна гэсэн үг.

– Нам хэт олон гишүүнтэй байх сул тал юм байна.  Намууд  гишүүнчлэлгүй болох  нь ардчиллаа аврах гарц юм биш үү?

-Ер нь нам  хэт хатуу гишүүнчлэлээр хөөцөлдөх, гишүүдээ кампанчилж элсүүлэх, тооны хойноос хөөцөлдөх   бол намын өөрийнх нь хөгжилд тийм эерэг зүйл болохгүй  байна.  Зүгээр л  манайх 230 мянган гишүүнтэй, манайх 160 мянган гишүүнтэй гээд пиар хийж байна.

 Хүмүүс ийм олон гишүүнтэй гэхээсээ  илүү намаас  хүмүүс хүнийсэж  байгаа учраас нөгөө талдаа эсрэг утга. Барууны  хөгжингүй орнууд  намын гишүүнчлэлийг чөлөөт гишүүнчлэлийн хэлбэр рүү шилжүүлсэн.   Хэн нэгнийг намд элсүүлээд манай намын үзэл баримтлалыг ягштал дагаарай гэвэл дагах уу.     МАН-ын социал демократ үзэл баримтлалыг, АН-ыг либерал үзлийг ойлгоод элсэх жирийн гишүүн цөөхөн. Удирдлагад нь байгаа хүмүүс нь ч ойлгодог юмуу.  Тийм учраас  цаашдаа дэмжигчдийн бааз руу явах ёстой. Тухайн сонгуулиар тухайн намд  хэчнээн  сонгогчид өгөв гэдгээр дэмжигчдийн баазаа тодорхойлж байх ёстой.

  Нам  бодлогоор   улс төрийн хүний нөөц  буюу улстөрчид, лидерүүдийг л бэлдэх үүрэгтэй. Харин тэр лидерүүд нь намын  бодлого, үйл ажиллагааг хэвлэл мэдээллийн хэрэгсэл, технологийн ололтыг ашиглаад улс орон даяар таниулж байх үүрэгтэй. Тэгээд тэр лидерүүд нь тэр намыг авч явна. Лидерүүдээр дамжаад  аль намын бодлого, платформ   нийгэмд илүү  үр өгөөжтэй байна вэ гэдгээ дүгнэж, цэгнэх боломжийг иргэд, сонгогчдод олгох ёстой. Ийм л зарчим явах ёстой. Угаасаа төлөөллийн ардчиллын чиг хандлага бол ийшээ л явж байна.

-Улстөрийн намуудын тухай заалт Үндсэн хуульд орж, нэг үгээр Үндсэн хуулийн байгууллага болсон. Гэвч намуудын рейтинг өнөөдөр байж болох доод цэгтээ оччихлоо шүү дээ.

-Гучин жилийн турш намуудын рейтинг буурч явсаар байгаад   одоо бүр бууралтынхаа доод цэгт очиж байна. Хүний нөөц, бодлогын хувьд, нийгмийн хөгжил дэвшил, иргэдийн амьдралын чанарын хувьд ч намууд нийгмийн хүлээлтийг хангаж чадахгүй байна.   Олон улсын үнэлгээгээр ардчилал болон ардчилсан тогтолцооноосоо бид тодорхой  хэмжээгээр ухарсан байна.   Иргэдийн өгч байгаа үнэлгээ буурсан байна.

Улс төрийн талаасаа хамгийн шударга, хамгийн их итгэх ёстой  институц бол уг нь  нам юм байгаа юм. Хууль   талаасаа хамгийн их  итгэж, худал үнэнээ дэнслүүлэх институт  бол шүүх байгаа юм. Гэтэл судалгаагаар энэ хоёр институц чинь хамгийн итгэл муутай институц  болоод хувирчихаар чинь хэндээ итгэх юм бэ, энэ нийгэм чинь.

Улс төрийн нам   сонгуулиар дамжаад засгийн эрх, төрийн эрхийг барьдаг улс төрийн хамгийн чухал институц. Тэгэхээр тэр институцдээ иргэд нь итгэхээ байсан. 

 Хамгийн зөв зам бол байгаа намуудаа чадавхжуулах, хүний нөөцийн сэлбэлт хийх, дотоод ардчилалтай болгох, илүү иргэдийн оролцоог хангасан, иргэдийн хүсэн хүлээж байгаа зүйлийг нь бодлого болгож, үйл ажиллагаа болгож, нийгэмд хөгжил дэвшилд хүргэдэг институт болгоход иргэн болгон  анхаарах ёстой. Дээрээс нь манай иргэдийн өөрсдийнх нь улс төрийн боловсрол доогуур байна. Оролцоогоо мэдэхгүй байна, хяналтаа мэдэхгүй байна. Мөн яг  намтайгаа адилхан иргэний нийгмийн институцууд нь  төлөвшөөгүй.  Иргэний нийгмийн хяналт гэдэг чинь  төрд маш  чухал.  Тэр хяналт бий болоод ирэхээр төрд байгаа болохгүй бүтэхгүй бүх юм чинь хяналтад орно. Бидэнд маш олон асуудлууд байна л даа. Ганцхан  нам л  болохоо байчихлаа, энэ одоо төлөвшиж хөгжихгүй байна гээд  суухаасаа илүү  цогцоор нь харж үзэхээс  өөр аргагүй ийм л нөхцөл байдалтай байна.

– Улс төрийн намуудын нэр хүнд  унасан нь авлигалтай шууд холбоотой. Тэгэнгүүт улстөрийн намын санхүүжилт гэж яригдана…?

–  Улс төрийн нам өөрөө  бүтэц зохион байгуулалтын хувьд, үйл ажиллагааны хувьд нүсэр байх тусмаа л мөнгө их шаардана. Хүссэн, хүсээгүй   улс төрийн эрх мэдэл, улс төрийн боломж нөөцөө ашиглаж мөнгөтэй хүмүүс рүү, мөнгөтэй компаниуд руу санхүүгээ босгох асуудал яригдана. Ер нь сүүлийн 30 жилийн  улс төрийн санхүүжилтийн механизм ингэж л явж ирсэн.

Улстөр, мөнгө хоёрыг ус, тос шиг 100 хувь ялгах бололцоо байхгүй. Харин одоо ус, сүү шиг сүлэлдээд байгааг нь  багасгах асуудал л байгаа. Энэ дээр эрх зүйн орчны шинэтгэл, намыг төрийн бодлогод оролцож байгаа оролцооных нь хэмжээгээр, оролцооных нь байдлаар төрөөс дэмжлэг үзүүлэх асуудлыг зайлшгүй ярих ёстой. Нэгдүгээр асуудал.

Хоёрдугаарт намын одоо байгаа бүтцийг цомхон болгох. Илүү техник технологийн ололт, технократуудад суурилсан, илүү үндэсний хэмжээний лидерүүдийг бэлтгэсэн, тэр лидерүүд нь тухайн намын нүүр царай болдог тогтолцоо руу орох ёстой.  Одоо баруунд  чинь бүр дижитал намууд гараад ирсэн. Бүх юм нь цахимаар явж байна.

Дэмжигчиддээ хүргэх мессэж, бодлогоо, дээрээс нь уулзалтуудаа цахимаар хийдэг болчихлоо. Манайх  шиг энд тэнд очоод олон хүн цуглуулаад асар их зардал мөнгө гаргаад явдаг юм байхгүй.       Цахим гэдэг чинь өөрөө ер нь хүнээс хамаардаг маш олон юмыг хаадаг юм байна шүү дээ. Тэгэхээр энэ рүү л явах ёстой. Дээрээс нь бүтцийн хувьд цомхон байх ёстой гэдгийг дахин хэлье. Үндэсний хэмжээний лидерүүдээ бэлтгэмээр байна. Одоо  яг намууд дээр харах юм  бол  үндэсний хэмжээний том улс төрчид, танигдсан   шинэ фэйсүүдийг гаргаж ирэх асуудал   их удаан явагдаж байна.

Одоо Ардчилсан намыг хар л даа. Ардчилсан нам чинь уг нь бол гэрээр ярих юм бол Монгол Улсын  нэг багана нь шүү дээ. 90 оноос хойш  ардчилсан нийгмийн шинэтгэлд энэ намын гүйцэтгэсэн үүрэг их бий. Энэ дотор байсан лидерүүдийн гүйцэтгэсэн үүрэг  их бий. Монгол Ардын Намыг хар. Уламжлалаараа бол улс орныг 90 он хүртэл 70 жил авч явсан, 90 оноос хойш ахиад 30 жил энэ улс орныг авч явахад хамгийн голлох үүргийг гүйцэтгэсэн. Энэ 8 удаагийн сонгуулийг тооцоод үзэх юм бол ихэнхэд нь засаг барьсан.  Гэтэл яг одоо   үндэсний хэмжээний лидер хэн бэ гээд харахад, дээрээс нь тийм баг байна уу, тийм багт хэнийг оруулаад тооцох вэ гэхээр ер нь бол гурав, дөрвөн  хүний нэр дурдаад  цаашаа  байхгүй.  Улстөр  судалдаг бид тийм тоо, статистиктай сууж байхад жирийн иргэд бол мэдэхгүй шүү дээ.  Цаашдаа  намууд үүн дээр онцгой анхаарах ёстой. Тэртэй, тэргүй  цахимжина, технологижно. Үүнд намууд өөрийгөө бэлдэх хэрэгтэй. Бэлдэхийн тулд намынхаа ковер болох хүмүүсийг л    одооноос олж, улс төр лүү татаж оруулж, нийгэмд таниулах ажлуудыг сайн хийх хэрэгтэй. Тэгээд тэр хүмүүс нь өөрөө бас мэдлэг боловсролын хувьд, мэдрэмжийн хувьд цаашдаа бойжоод үндэсний хэмжээний лидерүүд, улс төрчид болоод явчих тийм хүмүүс байх хэрэгтэй л дээ. Эрэгтэй, эмэгтэй ялгаа байхгүй.

   Ерөөсөө дэлхий нийтээр улстөрийн нам  гэдэг институц чинь алдаж, онож  явсаар,  алдаатай юмнуудаа гээсээр байгаад, оноотой юмнуудаа авч явсаар байгаад төлөөллийн ардчиллын маш чухал институц болчихсон. Хэрвээ  нам хэрэггүй байсан юм бол хөгжингүй орнууд  намгүй нийгэм байгуулчихгүй яасан юм бэ.  Нам байгаад л байгаа биз дээ. Яагаад нам байгаад байна гэхээр нам өөрөө төлөөллийн ардчиллын хамгийн төгс институц мөн юм байна гэдэг нь батлагдсан. Харин намыг яаж  эрүүлжүүлж, саруулжуулах вэ  гэдэг л чухал. Дэлхий дээр маш олон янзын ардчиллын хэв загвар байгаа ч  улс төрийн ардчиллыг улс төрийн намаас салгах ямар ч бололцоогүй. Манайх өнөөдөр намын нэр хүнд муу учраас нам хэрэггүй, намгүй нийгэм байгуулъя гээд яриад байна. Энэ боломжгүй.  Төлөөллийн ардчилал, парламентын засаглал,  ерөнхийлөгчийн засаглалтай байсан ч гэсэн угаасаа улс төрийн нам гэдэг институц чинь өөрөө ардчиллын нэг том баталгаа, үндсэн институц нь. Төрөөс илүү улс төрийн мөн чанартай институц бол нам.  Төр яагаад улс төрлөг шинж чанартай болдог вэ гэхээр засгийн эрх авсан нам төрд очиж, улстөрийн хүний нөөцөө байршуулдаг учраас төр улс төрлөг шинж чанартай болж байгаа юм. Түүнээс төр бол улс төрийн институц биш шүү дээ.

Засгийн  эрх авсан намын улс төрийн нөөц төрд очиж ажилладаг учраас л төр   нэг талаар  улс төрийн шинж чанартай болдог. Ер нь бол  цэвэр нийгмийг удирдах институц шүү дээ. Төр ер нь ямар  нэг улс төрийн савалгаагүй байх ёстой. Энэ хоёр хосолж байж төр өөрөө оршин тогтноно. Тийм учраас намыг чадавхжуулах, институтжүүлэх, цомхон болгох, чадварлаг болгох гэдэг чинь явж, явж  төрийг чадавхжуулах  үндсэн суурь нь.  Иргэн  талаасаа бол    улс төр лүү орох, улс төрийн эрхээ хангах бүтэц.   Мөнхбат гэдэг хүн ганцаараа гудамжинд  гараад улс төр хийгээд явбал улстөр болж чадахгүй.  Намаар дамжиж, намын платформыг нийгэмд хүргэж  байж тэр өөрөө жинхэнэ паблик улс төр болно. Тийм учраас нам цаашдаа ч байна, байх ч болно. Шинэчилж, өөрчлөх л чухал.

 Ярилцсанд баярлалаа.

Сэтгэгдэл үлдээх

САНАЛ БОЛГОХ