Т.Бүдээхүү
Эл нийтлэлийг 2022 онд Хөгжлийн банк тойрсон дуулиан ид дэгдэж байх үед бичсэн юм. Гэтэл гурван жилийн дараа улс төр мөнгөний нөлөөнөөс гараагүйг гурав дараалан сайдаар томилогдож буй олигархиудаас харж болохоор. Асуудал шийдэгдсэнгүй. “Эдийн засаг” хэмээх эрх мэдэлтнүүдийн шийдэж чадахгүй чөтгөрийн тойрогт автаж, бусад асуудлуудаа ярихаа больсныг анзаарна уу хэмээн дахин нийтлэв.
Эрх чөлөө гэдэг нь эрхээ баталгаатай эдлэхийн нэр бөгөөд ардчилсан нийгэмд өөрийн хүсч буй амьдралынхаа төлөө олдсон боломжийг бүрэн дүүрэн ашиглах бололцоог хэлнэ. Харамсалтай нь Монголд ардчилсан нээлттэй нийгмийн сайхан боломжоо цөөхөн хүнд хулгайлуулсаар ирэв. Боломж гэдэг нь бизнес хийж, мөнгө олохоос гадна ажил албандаа шат ахих, хөдөлмөр бүтээлээ үнэлүүлэх, мэдлэг боловсролоо эх орондоо зориулах гэх мэт олон агуулгатай.
“Улстөрчдөд хууртсан гэдэг нь намайг цагаатгах шалтгаан биш” гэж Лешек Колаковски хэмээх коммунизмын үеийн Польшийн түүхч, философич бичиж үлдээжээ. Коммунист төрийн тогтолцоог шүүмжлэгч учраас цөлөгдөж, хэлмэгдэж байсан түүний энэ үг олон түмнийг хэрсүү, сонор сэрэмжтэй байхыг захисан захиас мэт. Харин монголчууд өөрсдийнхөө сонгосон улстөрчдөд хууртагдсаар, чадуулсаар, боломжоо хулгайлуулсаар ирэв. Үүний оргил жишээ нь өнөөдөр (2022 он)дуулиан тарьж буй Хөгжлийн банкны асуудал. Энэ бол ардчилсан улс төрийн гол шинж болох үзэл бодлын маргаан, мэтгэлцээн, хэлэлцүүлгийг үл ойшоон улстөрийн эрх мэдэлд мөнгө хамгийн чухал болсны тод жишээ. Энэ бол ардчилсан нийгмийн иргэд сонор сэрэмжтэй байхгүй бол маш цөөхөн хүнд яаж дээрэлхүүлж болдгийн зэвүү хүрэм баримт
Улс төрийн санхүүжилт гэдэг нь:
Улс төрийн нам үйл ажиллагаа явуулах, сонгуульд орох, сонгууль зохион байгуулах зэрэг нь бүгд тодорхой хэмжээний зардал шаардагддаг. Энэ бүх зардлыг улстөрийн санхүүжилт гэж олон улсад нэрлэдэг бөгөөд том агуулгаараа ардчиллын санхүүжилт юм. Ардчилал гэдэг нь шударга өрсөлдөөн, олон ургальч үзэл бодлын мэтгэлцээн, асуудлыг нийтэд ээлтэй байдлаар шийдэх хэлэлцүүлэг, хөгжлийн бодлогын уралдаан, аль болох олон хүний оролцоо юм.
Энэ бүхэнд шаардагдах зардлыг цөөн хэдхэн их мөнгөтэй хүнээс гаргах уу,ардчиллыг дэмждэг олон хүнээс бага багаар гаргах уу гэдгийн зангилаанд бүх асуудал оршино
Өнгөрсөн жилүүдэд хууль, эрх зүйн зохицуулалтууд хийгдэж, улс төрийн намууд, олон улсын байгууллагууд, төрийн бусынхан олон удаа хэлэлцжээ. Улс төрийн намын тухай хуулиар намууд гишүүний татвар, иргэн, хуулийн этгээдээс өгсөн хандив, төрөөс үзүүлэх санхүүгийн дэмжлэг, түрээсийн орлого, банкны хүү зэргээр санхүүждэг. Хэдийгээр улс төрийн намууд олон зуун мянган гишүүнтэй гэдэг ч тэдний оролцоо хангалтгүй байдаг учраас татвараа өгдөггүй, өгсөн багахан нь анхан шатны байгууллагадаа зарцуулагддаг. Төрөөс өгдөг санхүүжилт хэмжээтэй, хоёр үндэслэлээр уг санхүүжилтийг олгодог. Сонгуулиар парламентад суудал авсан улс төрийн намын авсан саналыг нийт хүчинтэй саналын тоотой харьцуулах зарчмаар нэг саналыг мянган төгрөгөөр тооцож, төрөөс нэг удаа мөнгөн дэмжлэг олгодог. Хоёр дахь нь, УИХ-д авсан нэг суудлыг жилд 10 сая төгрөөр үнэлж, төсвөөс дэмжлэг үзүүлдэг. Одоогийн парламентын суудлаар тооцож үзэхэд 62 суудалтай МАН жилд 620 саяыг, 11 суудалтай АН 111 саяыг, нэг суудалтай ХҮН 10 саяыг авах ажээ. Энэ мөнгөний 50 хувийг тухайн УИХ-ын гишүүний тойрогт зарцуулах хуультай. Гэхдээ улс төрийн намын санхүүжилт ил тод биш, дээр нь үүнээс хэдэн арав дахин ихийг Хөгжлийн банк мэтийг тойрсон улстөр-бизнесийнхэн намд хандив нэрээр өгдөг учраас төрийн санхүүжилт сонин биш. МАН 30-р Их хурлаасаа хойш намын санхүүжилтээ шилэн болгох, хууль бус мөнгөнөөс татгалзах зэрэг асуудлуудыг ярьж, шийдэхээр зориглож буй учир цаашдаа харин сонин болох байх.(2025 онд МАН улам бүр хаалттай, төвлөрсөн мэдэл нь хэтийдсэн нам болсон мэт)
Хуулийн этгээд буюу компани, аж ахуйн нэгжээс улс төрийн намд өгөх хандивын хэмжээг жилд дээд тал нь хоёр удаа 10 саяас хэтрэхгүй байх, иргэний хувьд жилд нэг сая төгрөгнөөс дээш хэмжээтэй хандив өгөхгүй байхаар зааж өгчээ. Гэхдээ бас л ил тод бус, тооцоо судалгаа баттай гардаггүй учраас дүгнэн цэгнэх боломжгүй байж иржээ. Улмаар улс төрийн намд ирдэг хууль бус мөнгөний нэр “дэнчин”, “хураамж” гэх мэтээр төгөлдөршсөн юм. “2008 оны байдлаар намын гишүүд сонгуульд өрсөлдөх эрх авахын тулд намдаа 20 сая төгрөгийн хураамж төлсөн. 2012 оны УИХ-ын сонгуульд өрсөлдөх эрхийг 50-500 сая төгрөг, 2016 онд 500 саяас нэг тэрбумаар худалдсан. Нэр дэвших эрхийг улс төрийн намаас авахын тулд их хэмжээний мөнгө төлж байгаа нь Үндсэн хуульд заасан сонгох ба сонгогдох тэгш эрхийг зөрчсөн хэрэг юм” гэж “Улс төрийн санхүүжилт ба намын хөгжлийн хандлага” судалгааны тайланд өгүүлжээ.
2020 оны сонгуулийн өмнө АН нэр дэвшихийг горилогч 181 хүнээс тус бүр 100 сая төгрөгийг дэнчин нэрээр авч, бөөн маргаан дэгдсэнийг мартаагүй байх. 181 хүнээс 76 нь л нэр дэвшиж,бусдынх нь мөнгийг буцааж өгөөгүй маргаан сонгуулийн дараа тэгээд мартагдсан. УИХ-ын сонгуульд нэр дэвших эрхийг мөнгөөр худалдаж авах нь хэвийн зүйл гэсэн хандлагад улс төрийн хүрээнийхэн бараг л дассан. Ялангуяа аль ч намын гишүүд үүний эсрэг нээх тэмцдэггүйгээс үүнийг анзаарч болно.Бохир, сул мөнгөнд хэт хамааралтай улстөр нь тооноор орж ирэгсдийг болон үе залгамжилсан, ах дүүсэг, танил талсаг клиент байдлыг өөгшүүлэн дэмжиж, авлигын үндэс болж ирлээ.Намдаа мөнгө өгч, дэвших эрхээ авсан нэр дэвшигч сонгуулийн үеэр санал худалдаж авах ажилд ханцуй шамлана. Зарим тойргийн сонгогчид өгөх мөнгийг нь аль хэдийнэ тооцоолоод сууж байдаг гэх.
Улс төрийн намууд мөнгөний нөлөөнд хэт автах болсныг аль 20-иод жилийн өмнөөс л судлаачид сануулж ирсэн байдаг. МУИС-ийн Социологийн тэнхмийн багш Ч.Тамирын 19 жилийн өмнө хийсэн судалгаанд “Сонгуулиар ялсан намын бодлого сонгуульд тэднийг дэмжиж байсан хандивлагчдад ямар нэгэн байдлаар ашигтай байдаг нь нууц биш болж, эдийн засгийн чөлөөт өрсөлдөөнийг боомилж байна” гэж бичжээ. Намууд ардчилалгүй, санхүүжилт нь хэдхэн хүнээс хараат байгаа учир авлигын үр урхаг болж, үндсэн үүргээ гүйцэтгэж чадахгүй байгаа гэсэн дүгнэлт бүхий судалгаанууд 20 жилийн турш он оноор гарсан. Судлаачдын үг ард түмний үг адил замхарч, цаасан дээр үлдэж, эцэст нь улсаа сүйрүүлэх хэмжээнд хүрсэн авлигатай орон болоод байна.
МӨНГӨӨР ГИШҮҮН БОЛСОН ХҮНД НИЙТИЙН ЭРХ АШИГ ХАМААГҮЙ
Улс төрд авлига, ашиг сонирхлын их хэмжээний мөнгө орсон тохиолдолд бүх юм хаалттай болно. Энэ өдрүүдэд Хөгжлийн банкны 1.5 их наядын чанаргүй зээлийг өөрсдөөр нь төлүүлэх олон нийтийн шахалт ч эрчимжиж, хяналт сайжрах нь уу хэмээн итгэлийн гэрэл ч сүүмэлзэх аж. Хөгжлийн банкны дээрмийг илчилсэн энэ цаг хугацаанаас хөгжлийн дараагийн арай дэвшилттэй цикль эхэлж байгаад итгэхийг хүснэ. Гэхдээ улс төрийн санхүүжилтийг ардчилалд оруулж буй хөрөнгө оруулалт гэх утга агуулгаар нь өөрчлөн сайжруулахгүй бол, байнга хяналт тавихгүй бол, үргэлж ярихгүй бол хэдэн жилийн дараа дахин нэг Хөгжлийн банкны хэргээр хэрэлдсэн хэвээр сууж ч магадгүй. Улстөрчдийн хүсэл эрмэлзлэлээс асар их зүйл шалтгаалдаг.Ардчилсан тогтолцоо нь ил тод байхыг шаарддаг, улстөрчид дэвшилтэт ямар бодлого хэрэгжүүлж, юу хийх гэж байгаагаа цаг үргэлж ярьж байх ёстой гэдэг.
Өнөөдөр хэрэв Монголын ардчилал гажуудсан гэдэгтэй санал нийлж байгаа бол уг шалтгаан нь ерөөсөө л улс төрийн санхүүжилтийн гажуудал, түүнээс улбаалсан авлига, хээл хахуульд байгааг санах хэрэгтэй. Их мөнгө бүхнийг шийдэж байгаа цагт мэдлэг боловсролтой хүмүүс үргэлж тойргийн гадна,төр болон намын үйл ажиллагаа, санхүү, мөнгө нууц далд хэвээр л үлдэнэ. Иргэдийг төлөөлж сонгогдсон улстөрч бүхэн нээлттэй байдаггүйн цаад шалтгаан ч мөнгөний учирт л бий. Их мөнгө ил тод бус байдаг шигээ эзэд нь ч аль болох далд, нээлттэй бус байхыг эрмэлздэг. Тэгээд ч зөвхөн мөнгөний төлөө явж, мөнгөөр УИХ-ын гишүүн хүртэл болж чадаж байгаа хүнд нийтийн эрх ашиг ер нь ямар хамаа байна аа? Уг нь ардчилсан улсад улстөрчид нь нийтийн санаа бодлыг дамжуулагч хэвлэлийн төлөөлөгчидтэй л адил гэсэн үг бий. Энэ нь сонгогчид юу хүсч байна, тэр бүхнийг дамжуулагч, төрийн өмнө сонгогчдынхоо эрх ашгийг хамгаалагч байна гэсэн үг. Тиймээс улстөрийг их мөнгөний нөлөөнөөс салгахгүй бол монголчууд өөд нарын бараа харахгүй. Яг одоо үүнийг хийхгүй бол дараа дараагийн Хөгжлийн банкны дээрэмчид төрсөөр байна.