Бид өдөр тутмын амьдралдаа цэвэр агаараар амьсгалж, цэнгэг усаар ундалж, хоол хүнсээр хангагдаж буй байгалийн өгөөжийг эко системийн үнэ цэн гэдэг. Энэ бүхнээ байгаль бидэнд үнэгүй өгдөг. Харамсалтай нь байгалийн энэ үнэ цэнийг үнэлдэггүй нь байгаль орчны хямралын нэг шалтгаан болдог ажээ.
Экосистемийн үйлчилгээ гэдэг нь ой, ус, хөрс, бэлчээр, ан амьтад зэрэг байгалийн тогтолцоонууд хүний амьдралд үзүүлж буй бүх төрлийн ашиг тусыг хэлдэг. Үүнд хоол хүнс, ундны ус, түлээ мод, агаарын цэвэр байдал, уур амьсгалын тэнцвэр, байгалийн гоо зүй, амралт зугаалга зэрэг багтана. Энэ бүхнийг системтэйгээр ангилбал хангамжийн, зохицуулах, соёлын, дэмжих үйлчилгээ гэж дөрвөн үндсэн төрөлд хуваагддаг. Байгалийн энэ бүх “үйлчилгээг” үнэлнэ гэдэг нь зөвхөн тоо тооцоо хийх биш, харин бодлогын түвшинд байгалийг зөв үнэлж, хамгаалах шийдвэр гаргалтад тусгахын нэр юм.
Монгол орны хувьд эко системийн үйлчилгээний үнэ цэнийг тооцох нь нэн чухал. Манай орны нийт газар нутгийн ихэнхийг эзэлдэг хээр, тал, бэлчээрийн систем нь зөвхөн мал аж ахуй төдийгүй уур амьсгал, усны хангамж, хөрсний элэгдлийг зохицуулах томоохон үүрэгтэй. Гэтэл бэлчээр доройтож, усны нөөц хомсдож, уул уурхайн ашиглалт газар нутгийг сийчсээр байхад энэ бүх хохирлыг тооцох үнэлгээ бодлого боловсруулах түвшинд орхигдсоор байна. Экосистемийн үйлчилгээг үнэлэх аргууд ч олон янз. Тухайлбал, байгаль ямар зардлыг бидэнд хэмнэж өгч байгааг тооцож болно. Тухайн үйлчилгээ байхгүй бол хүний орлуулалт ямар өртөгтэй болохыг харьцуулж үздэг. Мөн аялал жуулчлал, уламжлалт мэдлэг, хүмүүсийн сэтгэл ханамжийг тооцох чанарын судалгаанууд ч хийж болдог. Жишээ нь, нэг га ой мод жилд агаарыг цэвэршүүлэх замаар хэдэн арван мянган төгрөгийн үнэ цэнтэй үйлчилгээ үзүүлдэг гэж үзэхэд Монголын нийт ойг мөнгөн дүнгээр үнэлбэл хэдэн их наядаар хэмжигдэнэ.
Эко системийн үнэ цэнийг үнэлснээр байгаль бол эдийн засгийн хүчин зүйл гэдгийг ойлгох боломжтой юм.Бид үүнийг ойлгож, бодлогоо тийш нь чиглүүлж чадвал хүн ба байгаль хоёр харилцан ашигтай, тогтвортой ирээдүйг цогцлоох боломжтой.
Монголд экосистемийн үйлчилгээний үнэлгээг Байгаль орчны яам, агентлагууд, тусгай хамгаалалттай газрууд, олон улсын байгууллагууд, төсөл, хөтөлбөрүүд, шинжлэх ухааны байгууллагууд хийдэг ч нэгдсэн тогтолцоо болж хараахан хөгжөөгүй байгаа ажээ.
Хүн төрөлхтөн байгаль орчныг зөвхөн гоо зүйн, ёс суртахууны үүднээс хамгаалж ирсэн боловч сүүлийн жилүүдэд байгаль бол эдийн засгийн үнэт капитал юм гэсэн ойлголт газар авч байна. Экосистемийн үйлчилгээний үнэ цэнийг эдийн засгийн аргаар үнэлэх нь энэ чиг хандлагыг бодитой болгож, шийдвэр гаргагчдад байгаль орчны ач холбогдлыг тоогоор илэрхийлж, бодлого төлөвлөлтөд тусгах боломжийг нээж өгч байна.Жишээлбэл, ойн экосистем зөвхөн модны түүхий эд төдийгүй усны нөөцийг бүрдүүлж, уур амьсгалыг тэнцвэржүүлж, хөрсний элэгдлээс хамгаалдаг зэрэг олон талт үнэ цэн бүхий үйлчилгээ үзүүлдэг. Эдгээрийг мөнгөн дүнгээр илэрхийлэх нь тухайн газар нутгийн хамгаалалтын ач холбогдлыг эдийн засгийн хэлээр илэрхийлэх нэг арга юм.
Монголд энэ чиглэлийн нэг л тоймтой судалгаа хийгджээ. Тухайлбал, 2018 онд WWF Монгол байгууллагаас “Орхоны сав газрын экосистемийн үйлчилгээний үнэлгээ”-г хийж, байгалийн үйлчилгээний эдийн засгийн өгөөжийг тооцон гаргажээ. Энэ нь зөвхөн судалгааны үр дүн төдий бус, байгаль хамгааллын ач холбогдлыг шийдвэр гаргах түвшинд ойлгуулж, нийгэмд хүлээн зөвшөөрөгдөх нэг алхам болсон юм. Уг үнэлгээгээр Ойн экосистем нь жилд 100 саяас дээш ам.долларын үнэ цэнэтэй үйлчилгээ үзүүлдэг гэж тооцоолжээ. Уг судалгаа нь орон нутгийн засаг захиргаа, байгаль хамгааллын байгууллагуудад хамгаалалтын бүсийг тогтоох, байгалийн нөөцийг үр ашигтай ашиглах, байгаль орчныг эдийн засгийн үнэлгээгээр тайлбарлахад тусалсан байна.
Монгол Улсын хувьд эко системийн үйлчилгээгээ бодитой тооцож чадахгүй байгаагийн улмаас байгальд ээлгүй байх гол нэг шалтгаан болж байна.
Г.Дэлгэр