ПОПУЛИСТУУД ӨРСӨЛДӨГЧӨӨ АРД ТҮМНИЙ ДАЙСАН БОЛГОДОГ

politiko

XIX зууны эцсээр Америкт  бий болсон нийгмийн хөдөлгөөн, улс төрийн үйл ажиллагааны нэгэн хэлбэрийг орчин үеийн популизмын эх гэж судлаачид үздэг байна. Анх  ардчилалтай салшгүй холбоотой дагалдан гарч ирсэн популизм нь  одоо ч цэцэглэсээр,цаашдаа ч мөнхийн нэгэн сэдэв байх нь тодорхой. 1891 онд АНУ-д байгуулагдсан фермерүүдийн намын гишүүд өөрсдийгөө анх популистууд хэмээн нэрийдэж байсан бөгөөд популизм гэдэг нь “ард түмэн”, “ард түмний эрх ашгийн төлөө” гэсэн утга бүхий “Populus” хэмээх латин гаралтай үг ажээ.

Популизмын үзэл санааны олон янзын чиглэл, хандлагыг ерөнхийд нь “зүүн, баруун” гэж хуваадаг. Зүүний популистуудын гол амлалтууд нь нийгмийн баялгийг тэгшитгэн хуваарилах, тэгш эрх-ах дүүгийн ёс байх бөгөөд   “шударга ёс” хэмээх үгийг хамгийн их хэлдэг байна.   Зүүний   радикал (хэт зүүний) популистууд хуучнаа санагалзан өнгөрсөн үедээ буцаж орсноор асуудлыг хурдан хялбар шийдэж болно гэж үздэг.

Ер нь улс төрч хүн хэр зэрэг радикал байна, тэр хэмжээгээр популист арга барилыг хэрэглэдэг.

Популизмын түүхээс харахад   иргэний дуулгаваргүй байдал, улс төрийн явуулга, төрөөс хэрэгжүүлж буй бодлого, авч байгаа арга хэмжээг эсэргүүцэх хандлагаар популизм анх илэрч байсан бол сүүлийн үед гол төлөв олон түмэнд ая тал зассан улс төр-нийгмийн зүтгэлтний хуурамч сүржин дүрийг эсгэх болжээ.

Популизмын үзэл санааны өв санд бие хүний асуудал чухал байр суурь эзэлдэг. Английн судлаач Д.Макрэгийн тодорхойлсончлон “Популист үзэл санааны төвд эдийн засаг, улс төр, түүнчлэн нийгмийн асуудлын аль аль нь ч байдаггүй, түүний цөм нь бие хүн, юуны өмнө бие хүний ёс суртахууны төлөв байдал”  байх бөгөөд энэ нь популистуудын ертөнцийг үзэх үзлийн онцлог болдог байна. Үүнтэй холбоотойгоор популистуудын хувьд нийгмийн бодлогын үндсэн зорилт нь хүн бүрийн аз жаргал, эд баялгийн элбэг хангалуун хүрэлцээтэй байдал, оюун ухааны хөгжил дэвшил болдог.

Иймээс энэхүү зорилтоо хэрэгжүүлэх үүднээс популист улс төрчид бүх хүмүүст хэрэгцээтэй олон янзын уриа лоозон дэвшүүлээд эцэст нь түүндээ барьцаалагдан золиос болохын зэрэгцээ бодлого зорилтоо хянан засварлах, чиг хандлагаа өөрчлөх гэсэн аливаа оролдлогууд нь олон түмэнд урвалттай адил ойлгогддог аюултай байдаг. Энэ нь аажимдаа нийгэмд тулгамдаад буй олон асуудал, бодитой оршин байгаа хэрэгцээ сонирхлоос нь олон түмнийг холдуулж, хий хоосон хүлээлт, ид шидийн ертөнцөд аваачих бөгөөд чухамхүү энд л популизм эцэслэдэг. Популизм урам хугарч, итгэл алдах хөрсөн дээр үүсч, мөн тэндээ төгсдөг болохын учир ийм буюу.

Улс төрийн популизмын нэг онцлог шинж бол иргэдтэй байнгын, шууд харилцаа холбоо тогтооход чиглэсэн популист лидерүүдийн үйл байдал юм. Иргэний нийгмийн институцүүд, сонирхлын бүлгүүд, нам эвсэл, хөдөлгөөн төлөвшиж тогтсон нөхцөлд энэ нь ямар ч муу зүйл биш харин ч ардчилсан үйл явцын хөгжилд, харизматик лидер төрөн гарахад, идэвх оролцоотой, чадварлаг иргэн төлөвшихөд эерэг нөлөө үзүүлдэг. Учир нь популист бие хүний туйлын зорилго нь өөрийгөө илэрхийлэх явдал байдаг бөгөөд үүнийг хэрэгжүүлэх үйл ажиллагаа нь популист хөдөлгөөний үед биеллээ олох нь илүүтэй.

Түүнчлэн өөрийн хувь заяанд нөлөөлөх боломжоо алдсан, доромжлуулж басамжлуулсан олон түмний хувьд нийгмийн ач холбогдлоо ойлгож мэдрэх боломж, урам зориг өгч, идэвх оролцоог нэмэгдүүлж өгөх удаа ч байна. Иймэрхүү зарим эерэг тал байж болох ч популизмын сүүдэр нь илүү. Популист улстөрчид үндэслэлгүй хоосон амлалт, хуурамч сүржин уриа лоозон ашиглаж, хоосон хүлээлт бий болгодог ба  амлалтаа биелүүлэхээс айж зугатах нь  түгээмэл. Дэмжигчид нь тогтворгүй, холбиромхой хүмүүс байх бөгөөд нийгэмд замбараагүй байдлыг бий болгож, ухамсаргүй үйлдэлд түлхэж, улстөрчдөд итгэх итгэлийг үгүй хийдэг ажээ.

Популизм үүсч бий болох, идэвхжин сэргэхэд хэд хэдэн хүчин зүйл нөлөөлдөг байна.

Үүнд

  • Нэгдүгээрт, тогтворгүй, тодорхойгүй байдалд   популист лидерүүд тодрон гарч ирдэг. Олон түмэн нийгэмд өөрчлөлт шинэчлэлт хийх зайлшгүй шаардлагатайг мэдэрч, түүнд сэтгэл нь хөдлөн татагдан орсон тэр цагт популист хөдөлгөөн илүү ихээр идэвхждэг байна.
  • Хоёрдугаарт, нийгмийн хямрал, бухимдал нөлөөлдөг.
  • Нийгмийн дэг журам алдагдаж, хүнд суртал, хээл хахууль, ядуурал, гэмт хэрэг гаарсан үед нийгмийн хямрал, олон түмний бухимдалд дөрөөлөн буруутныг хайсан популистуудын үйл ажиллагаа өрнөх хандлага ажиглагддаг.
  • Гуравдугаарт, монополь эрх бүхий хөрөнгөтний ноёрхлын олон янзын хэлбэрүүд нь олон түмний дургүйцлийг төрүүлж, монополизмыг эсэргүүцсэн ардын хөдөлгөөний маягаар популизм үүсдэг.
  • Дөрөвдүгээрт, өөрийн ард түмний хүлээн зөвшөөрч эрхэмлэж буй үнэт зүйлст тулгуурлан үүсэх тал бий.
  • Тавдугаарт, шинээр бий болж байгаа зүйлд эргэлзэх, үл итгэх, улмаар эсэргүүцэн зөрчилдөх хандлагаас популизм үүсч болох бөгөөд энэ нь капиталистуудын эсрэг, хотынхны эсрэг гэх мэт сөрөг утгыг илэрхийлж яваандаа нийгэмд дайсагналцлыг бий болгодог.

Зөрчилдөөний үед олон түмний ухамсарт шууд нөлөөлөх, популист уриа лоозонг ашиглах явдал түүнийг улам ихээр идэвхжүүлдэг байна.

Зургадугаарт, улс төрийн болон хүний эрхийн соёлын түвшин доогуур давхаргын дунд ялангуяа ардчилсан институцүүд сайтар бэхжиж амжаагүй цэцэглэдэг ажээ.  Долдугаарт, мажоритар системээр сонгууль явуулж буй тохиолдолд улс орны эрх ашгаас тойргийн эрх ашиг давамгайлж, нийгмийн эмзэг асуудлаар дагнасан популистууд улам өөгших явдал байдаг.

Популистууд төрийн эрхэнд гарснаар улстөрийн хямрал дагуулдаг бөгөөд тэд  үргэлж өөрсдийгөө “ард түмний төлөөлөл” гэж үзэн өрсөлдөгчдөө ард түмний дайсан мэтээр ухуулдаг байна. Мөн өөрсдийгөө  ард олонтойгоо “ижилхэн амьдралтай” гэж итгүүлэхийг хичээнэ. Тэд ардчиллын тухай ярьдаг ч засгийн эрхэнд гарвал өөрт таалагдахгүй институтыг устгах оролдлого хийдэг байна. “Ард түмний төлөө”, “ард түмний  өмчийг өөрт нь буцааж өгнө” гэх мэтээр ярьдаг ч үнэндээ хоосон хүлээлтээс өөр үр дүнд хүргэдэггүй.

Ашигласан эх сурвалж:”Шинэ толь” сэтгүүл

Сэтгэгдэл үлдээх

САНАЛ БОЛГОХ